Б.ЁНДОН: Аавынхаа захиасыг үргэлж санан, АЛДААГАА ЦЭГНЭЖ БАЙГААД ТҮРҮҮЛЛЭЭ

Төрийн наадамд хоёр дахь удаа­гаа түрүүлж, даян мэргэн цол хүртсэн Завхан аймгийн Дөр­вөлжин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клу­бийн харваач Баасанхүүгийн Ёндон­той ярилцлаа. Тэрбээр энэ жилийн улсын наадамд 40 сумнаас 37 онон манлайлж, өнгөрсөн жил авсан мөнгөн медалийнхаа өнгийг хувиргасны са­цуу 2011 онд түрүүлсэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн юм. Өдгөө 27 настай Б.Ёндон даян мэргэн цол хүртсэнээсээ хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.

-Зургаан жилийн дараа Төрийн наадмаас хоёр дахь түрүүгээ хүртэж, цолоо ахиулсан танд баяр хүргэе. Улсын мэргэн болсноос хойш олон жилийн дараа амжилтаа давтахад тань юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Өнгөрсөн хугацаанд шантарч, больё гэмээр хэцүү үе чамгүй олон удаа тохиолдсон ч сур харваандаа үнэнч байж, уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртлээ. 2011 онд түрүүлснээсээ хойш амжилтаа баталж, улсын мэргэн цолоо ахиулах юм сан гэж зорьсон маань энэ жил биеллээ. Төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, даян мэргэн цол хүртсэндээ баяртай байна. Өнгөрсөн жил тактикийн алдаа гаргасны улмаас түрүүлж чадаагүй ч аавын минь шавь манлайлж, улсын мэргэн цол хүртсэн болохоор сэтгэл өег, тэнэгэр байсан. Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн үндэсний сур харваагаа хойч үедээ өвлүүлэн, дэлхийд сурталчлахын төлөө 11 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь монгол түмэн, сурын алтан зурхай ивээсний хүчээр түрүүллээ. Даян мэргэн цол хүртсэний дараа Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Баасанхүүгийн Ёндон гээд нутаг, ус, аавынхаа нэрийг дуудуулан, Ерөнхийлөгчийн зарлиг сонсох хамгийн сайхан байлаа. Тэр үед ямар гоё мэдрэмж төрдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тамирчин хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ. Нутаг усаа гэдэггүй, санадаггүй хүн гэж үгүй. Төв цэнгэлдэхэд наадам үзэж суусан завханчууд маань “Хүүе ээ, нутгийн маань харваач түрүүллээ. Ямар сайхан юм бэ” гээд надаас дутахгүй баярласан гэнэ лээ. 2016 оны улсын наадамд харвахын өмнө яагаад ч юм бэ, бага зэрэг эргэлзээ төрөөд, тэвдээд байсан юм. Харин энэ жил бэлтгэл сайтай байсан болоод ч тэр үү, цэц минь мэргэн байлаа. Өнгөрсөн жилийн наадмын дараа аав минь “Хоёр жил дараалан сүүлчийн хоёр сумаа тааруу харвалаа. Үүнд сайтар дүгнэлт хийн, алдаагаа засах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Аавынхаа захиасыг үргэлж санан, алдаагаа сайтар цэгнэж байгаад цэц сорилоо. Энэ жил түрүүлсний дараа “Хүү минь одоо л мундаг харваач болж байна. Маш их бахархлаа” гэхэд нь өөрийгөө овоо болж байгаа юм байна гэж жаахан тоолоо.

-Сурын харваанд сүүлийн дөрвөн сумаа мэргэн онох чухал гэдэг юм билээ. 36 сумны дараах байдлаар Б.Бумцэнд тэргүүлж байсан. Тэр үед алдаагаа хэрхэн дүгнэв?

-Тэр үед Б.Бумцэнд мэргэн надаас нэг оноогоор илүү байсан юм. Надтай адил оноотой цөөнгүй харваач аман хүзүүдэж байлаа. Медалийн өнгийг шийдэх, бүр ганзага хоосон хоцорч ч мэдэх сүүлийн дөрвөн сумаа харвахын өмнө нэлээд догдолсон. Гэхдээ сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, өөртөө итгэлтэй харвахыг хичээлээ. Мөн наадмын хоёр дахь өдөр Б.Отгонбаяр мэргэнтэй хамт харвахад их түгшсэн. Учир нь өмнөх сумаа зурхай давуулаад харвачихсан юм. Тэгэхээр нь сумныхаа тусгалыг ялимгүй доошлуулж байгаад харватал дутчихдаг байгаа. Сүүлийн дөрвөн сумнаас хавьгүй илүү тэр хамгийн эгзэгтэй, эргэлзээтэй нь байлаа. Бусдыг нь их сайхан тайван, өөртөө итгэлтэй харвасан. Энэ спорт олон талын ач тустай. Ер нь үндэсний сураар хичээллэдэг хүмүүс төлөв, даруу болж төлөвшдөг. Хэчнээн олон оноогоор тасархай түрүүлж байсан ч бардалгүй, найдлага тасарч, өндөр амжилт гаргах боломжоо алдсан ч сэтгэлээр унахгүй, тайван байх ухааныг би сурын харваанаас л олж авсан. 

-Бөхчүүд наадмын өмнөх бэлтгэлээ гал болж базаадаг. Та харин хэрхэн базаасан бол?

-Би Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороонд 2015 оноос хойш харьяалагдаж байна. Тэр үеэс хойш Богд хан уулын өвөрт орших хилийн цэргийн амралтад гурав дахь жилээ наадмын бэлтгэлээ базаалаа. Их сайхан, өгөөжтэй нутаг юм аа. Тэнд бэлтгэл базааж эхэлснээс хойш эхний жил уяачдын наадамд түрүүлж, сүүлийн хоёр он дараалан Төрийн наадмын түрүү булаалдлаа. 

-Та өөрийн үүсгэн байгуулсан “Есүнхэй мэргэн” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Шавь нар нь хэр амжилт гаргав?

-Бололцооныхоо хэмжээнд, чамлахааргүй амжилт гаргасан. ХХЕГ-ын хурандаа Батбаярын охин Мөнхжин өсвөр үеийн харваанд 29 онож, мөнгөн медаль авлаа.

-Эрийн гурван наадмын төрлөөс сур харвааг манайхан төдийлөн ойшоохгүй, харваачдынхаа амжилтыг бөх, уяачдын хэмжээнд үнэлэхгүй байх шиг. Энэ жил л гэхэд “Ц.Содномдорж арсланд “Lexux 570”, “Land cruiser-200” автомашин бэлэглэж. Түрүүлсэн харваачийнхаа амжилтыг “Prius”-ээр ч болтугай урамшуулах юм сан” хэмээх хошин үг гарсан байна лээ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасны ачаар сүүлийн жилүүдэд улсын наадмын бай харьцангуй нэмэгдэж, зөвхөн түрүүлсэн бус, медальт байрт шалгарсан харваачдад цол олгодог болсон нь чамлахааргүй ахиц. Гэхдээ үүнийг бөх, уяачдыг урамшуулж, дэмжиж буйтай харьцуулахын аргагүй. Үндэсний спортын төрлүүдээс хамгийн шударга нь сур. Энэ спортыг олонд улам таниулж, сурталчлахын хэрээр үндэсний сурыг сонирхогчдын тоо, бидний амжилтын үнэлэмж нэмэгдэх нь гарцаагүй.

-Таныг нутгийн зөвлөл ч юм уу, ивээн тэтгэдэг байгууллагаас тань урамшуулж, шагнасан уу?

-(Инээв). Хараахан шагнаж, хүлээж аваагүй л байна. Удахгүй хүндэтгэл үзүүлнэ гэнэ лээ. Нутаг усны ах нар, сурын спортод элэгтэй цөөнгүй хүн амжилтыг маань мялаасан.

-Таны аавыг 2008 оны улсын наадмаас мөнгөн медаль хүртсэн, гарамгай мэргэн Баасанхүү гэдгийг сурын хүрээнийхэн андахгүй. Аавыгаа залгамжлан, харваач болсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Намайг үндэсний сураар хичээллэн, өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол миний аав. Манай суманд үндэсний сурын харваа хөгжөөгүй, арга, туршлагаас нь суралцах өөр харваач байгаагүй тул сурын тухай ном уншиж байгаад харваж сурсан гэнэ лээ. Тухайн үед үндэсний сурын хэрэглэл ч нүдний гэм байж. Хайж явсаар байгаад арайхийж нэг эвдэрхий нум олон, өвөөтэй элбэж засаад барьсан гэдэг юм билээ. Багаасаа аавынхаа харваж буйг харан, сумыг нь зөөж өгсөөр үндэсний сурын харваанд дурласан хүн дээ, би. 13 настайдаа ааваараа сур харвахыг заалгаж, энэ спорттой амьдралаа холбохдоо нумаа татаж дийлэхгүй их хөглөсөөн. Аав бид хоёрт мэдэхгүй, чадахгүй зүйл их тулгардаг байлаа.

Шантралгүй, уйгагүй зүтгэснийхээ хүчинд тэр бүхний ард гарч чадсан. Тэр жилдээ буюу 2003 онд Завхан аймагт болсон хүүхдийн наадмын сурын харваанаас хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалж байлаа. Дараа онд нь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах нээлттэй харваанд түрүүлж, алтан медалиар энгэрээ анх мялаасан. Манайх 2004 онд Эрдэнэт хотод шилжиж очсоны дараа “Хангарьд” спорт хороонд харьяалагдан, нутгийнхаа гавьяат Б.Даваахүү мэргэнтэй хамт бэлтгэл хийж эхэлсэн нь миний амжилтад ташуур болсон. 2011 он хүртэл долоон жилийн хугацаанд гавьяатаас их зүйл сурч, туршлага хуримтлуулсан даа.

-21-хэн насандаа улсын наадмын түрүү хүртэхдээ “Арай болоогүй, залуу байна” гэж өөрийгөө голсон уу?

-2010 онд улсын аварга болсны дараа сурын хорхойтнууд намайг улсын наадамд түрүүлнэ гэж таамаглаж байсан юм билээ. Би ч бэлтгэл сайтай, өнгөтэй байсан л даа. Харамсалтай нь, тэр жил түрүүлэх нь байтугай медаль хүртэж чадаагүй. Өөрийгөө чамлаж, бүр их хичээх ёстойг ухаарсан юм. Дараа жил нь буюу 2011 онд их сургууль төгсөн, диплом бичихийн хажуугаар бэлтгэлдээ хангалттай зав гаргаж амждаггүй ээ. Мэдээж аль болох цаг гаргахыг хичээлгүй яах вэ. Боломж, бололцоогүй, амжихгүй байгаагаа урьтал болголгүй бүхнээ дайчилбал амжилтад хүрдэг юм билээ. Тэр жил би өөрийгөө ер голоогүй, түрүүлнэ гэдэгтээ их итгэлтэй байсан шүү. Бараг л алдаж харвахгүй, их тайван байсан. Наадмын өглөө харваанаас хоцроод балрах дөхсөн. Сурын талбайд орж ирэнгүүтээ эхний сумаа харватал дутчихдаг юм байна. Бусдыг нь амжилттай харван, 38 онон түрүүлсэн юм. 21 насандаа улсын мэргэн цол хүртэхдээ “Аав минь их баярлаж байгаа даа. Хурдхан очиж, баярлаж буйг нь харах юм сан” гэж их яарч билээ.

-Өвчин хэлж бус, хийсэж ирдэг. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас санасан амжилтаа гаргаж чадахгүй байхад юу бодогдох юм бэ?

- Амьдралд сөхөрч унамаар хэцүү, хөл газар хүрэхгүй баярламаар сайхан зүйл тохиолдохын алийг тэр гэх вэ. Хэрвээ бэлтгэл дутуу бол нөхөөд хийчихэж болно, алдаа гаргавал засчих боломжтой. Харин өвчнийг хүн яаж ч чадахгүй. Өөрөөс үл шалтгаалах зүйлийн улмаас амжилт гаргаж чадахгүй байх хэцүү. Жил бүр бэлтгэлээ сайн базааж, түрүүлэхийн төлөө хичээсэн ч миний бие организм, сэтгэл санаа маань өвчинд дасахгүй байсан юм. Гэхдээ би бууж өгөөгүй. Ер нь түрүү жилээс л овоо эдгэж, бэлтгэл хийхэд зовиургүй болж байна. Би бусдад тустай, дэмтэй явах юм сан, залуу тамирчдад үлгэрлэхүйц жудагтай харваач байх юм сан гэж хичээдэг. Харин хэн нэгэн үндэсний сур харвааг дорд үзэх юм бол хэзээ ч дуугүй өнгөрч чадахгүй.

-Танд үндэсний сурын анхны клуб болох “Есүнхэй мэргэн”-ийг байгуулах санаа хэрхэн төрөв?

-“Хангарьд”-д харваж байгаад 2011 онд Улаанбаатар хотод шилжиж ирсний дараа хэсэг хугацаанд бэлтгэл хийх газар, хамт базаах хүн олдохгүй хэцүү байсан юм. Тэгээд цахим орчинд харвах сонирхолтой хүмүүсийн судалгаа явуултал хүмүүс олноор хандахаар нь “Есүнхэй мэргэн” клубийг 2015 онд байгуулсан. Дэлхийн нөлөө бүхий зарим спорт клубийн системтэй байдаг. Үндэсний спорт ч бас ийм системтэй болох нь чухал. Анхандаа заал түрээсэлж байгаад сургалтаа явуулдаг байлаа. Дөрвөн цаг түрээслэхэд 200 гаруй мянган төгрөг болно. Тиймээс Хууль сахиулах их сургуулийн ойролцоо өөрийн гэсэн бэлтгэлийн байртай болсон юм. Одоогоор манай клубт тогтмол бэлтгэл хийдэг 30-аад харваач бий. Монгол хүн бүхэн үндэсний сурын харвааны үүх түүхийг мэддэг, харваж сурвал хэчнээн сайхан бэ. Манай клубт хичээллэж, сур харвах сонирхолтой хүн бүхэнд “Есүнхэй мэргэн”-ий үүд нээлттэй.

-Дүү чинь байт сурын харваагаар хичээллэдэг юм билээ. Үндэсний сур сонирхдог уу?

-Би эхээс дөрвүүл. Дүү Б.Адъяасүрэн маань байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин. Багадаа үндэсний сурын харваагаар хичээллэн, улсын наадмын хүүхдийн харваанаас мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Хэрвээ байтаар бус, үндэсний сураар тууштай хичээллэсэн бол надаас илүү амжилт гаргах байсан шүү.

-Даян мэргэн цолныхоо мялаалга, найрыг хийх үү?

-Хийнэ ээ. Төрийн наадамд түрүүлнэ гэдэг хэн дуртай аавын хүүд олддог хувь биш. Тиймээс даян мэргэн цолны хүндэтгэлийн найраа нутагтаа хийнэ. Одоогоор яг төдийд гээд хараахан товлож амжаагүй байна. Би маргааш (7.16) багийн УАШТ-д оролцохоор Говь-Алтай аймгийн зүг хүлгийн жолоо зална. Тэмцээн 23-нд өндөрлөнгүүт тэндээсээ шууд нутаг руугаа явна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай