Ц.СОДНОМДОРЖ: Олон жил шударга барилдсаныг минь МОНГОЛ БӨХИЙН ХИЙМОРЬ ИВЭЭЛЭЭ

Өнөө жил Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” групп, “Сүлд” спорт хорооны бөх Цэдэвийн Содномдоржтой ярилцлаа. Олон жил түрүү бөхийн таамагт багтаж, “Манай Со нэг л өдөр том цол хүртэнэ” хэмээн хүлээсэн бөхийн хорхойтнуудынхаа хүслийг биелүүлсэн тэрбээр энэ жил хоймор нутгаас улсын арслан цол хүртсэн тав, улсын наадамд түрүүлсэн долоо дахь хүчтэн болов. Хөвсгөл аймгийн бөхчүүдээс 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн амжилтын буухиаг нь 10 жилийн дараа үргэлжлүүлсэн шинэ арслан маань наадмаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.

-Юуны өмнө Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе. Монгол түмэн таныг хэзээ нэгэн өдөр улсын наадамд түрүүлнэ хэмээн олон жилийн өмнөөс дээлийн тань захыг мушгисан. Танд “Бэлтгэлээ л сайн базааж чадвал том цол хүртэх хэмжээнд хүрлээ” гэх итгэл хэдийнээс төрсөн бэ?

-Баярлалаа. Аваргаас бусад цолтон мэндэлсэн энэ жилийн наадамд түрүүлж, улсын арслан болсондоо баяртай байна. Би 2008 онд улсын наадамд анх зодоглосон. Энэ жил ес дэх удаагаа хүч сорин, ес даван түрүүллээ. Ер нь 2009 оноос бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн. Харцага цол хүртсэнээсээ хойш цолоо ахиулъя, түрүүлж, үзүүрлэх юмсан хэмээн зорьсон маань энэ жил биеллээ. Улсын наадамд түрүүлж, есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахдаа хамгийн түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ээж, аав, гэр бүлийнхэн, багш нарыгаа бодлоо. Урьд нь наадмын өмнө олон хүн “Цолоо ахиулаарай. Хичээгээрэй” гэж хэлдэг байсан. Харин энэ жил таарсан хүн бүхэн “Харцага энэ жил өнгөтэй байна. Наадамд түрүүлнэ ээ. Цаг нь болсон” гэхэд нь их бэлгэшээж байлаа. Монгол түмнийхээ бэлгэтэй сайхан үгийн хүч, олон жил үнэнч, шударга барилдсаныг минь бөхийн босоо цагаан хийморь ивээсний ачаар түрүүллээ. Зарим бөх улсын наадмын өмнө том цол авахаа зөгнөдөг юм билээ. Надад тийм мэдрэмж төрөөгүй ээ. Энэ жил бэлтгэл сайтай байсан болохоор заанаас том цол хүртчих юмсан гэж бодож байлаа. Гэхдээ түрүүлэх юмсан гэж бодоогүй. Улсын арслан цол хүртээд анхны ярилцлагаа уншигч олны хүндлэлийг хүлээсэн “Өнөөдөр” сонинд өгч байгаадаа олзуурхаж байна. Намайг үргэлж дэмждэг “Монос” групп, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хөвсгөл хөгжил” сан, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны хамт олон, бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.

-Олон жил түрүү бөхийн таамагт багтсан хоёр хүчтэн нь түрүүлж, үзүүрлэлээ хэмээн хүмүүс их баяртай байна...

-Ашгүй дээ. Би ч бас тэгж байгааг нь анзаарсан шүү. Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэндээ улсын арслан цол хүртсэнээс дутахгүй баярлаж байна. Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа ч Хөвсгөлд зуншлага сайхан болж байгаа гэнэ лээ. Аливаа юм тэгшрэх сайхан юм аа. Манай хоймор нутгийнхан энэ жил сайхан наадаж, азарганы түрүүг ч бас хүртлээ. Наадмын өглөө барилдахаар очиход яагаад ч юм бэ сэтгэл их түгшсэн. Өмнөх жилүүдэд ер тэгдэггүй байсан юм. Наадмын эхний өдөр Т.Болдбаатар уяачийн халиун азарга түрүүлэхэд нь их бэлгэшээж, сэтгэл санаа ч сайхан тайвширсан. Нутгийн маань хурдан буян булган сүүлтэй байж, Төрийн наадмын түрүүг араасаа дагууллаа. Би морь уядаггүй ч уралдаан үзэх үнэхээр дуртай. Хурдан морь барианы зурхайд орж ирэх мөчид өөрийн эрхгүй нулимс дуслуулж, огшдог юм. Ялангуяа бага насны морь хүүхэдгүй түрүүлж ирэхийг харахаар самсай шархирч, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

-Та өмнө нь улсын наадмын дэвжээнд Ө.Бат-Оршихтой хоёр удаа учраа таарахдаа өвдөг шороодсон. Энэ жил түрүү, үзүүр булаалдахын өмнө давна гэх итгэл хэр их байв?

-“Шинэ гарьдаас даагаа нэхэх юм сан. Заавал давна, түрүүлнэ” гэж бодоогүй. Гарьд голох учиргүй сайхан цол учраас тэр. Үнэн хүчийг үзэн, шударга барилдъя л гэж бодсон доо.

-Улсын наадамд түрүүлснийхээ дараа гараа өргөн баярлаж явахыг тань хараад надад лав хамгийн түрүүнд улсын начин цол хүртэж байсан мөч чинь санаанд буусан...

-(Инээв). Нэг их бороотой өдөр байсан шүү дээ. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахтай тунаж барилдаад тав даван, улсын начин цол хүртсэн маань санаанаас ер гардаггүй юм. Тэгэхэд үнэхээр их баярлаж, догдолсон шүү. Энэ жил түрүүлснийхээ дараа баярлаж яваад факталсаан (инээв). Сэтгэл их хөдөлсөн болоод ч тэр үү, эмч залууг санамсаргүй түлхсэнийг маань зарим хүн буруугаар ойлгосон байна лээ. Уг нь “Баяр хүргэе” гээд ирэхэд нь “Баярлалаа, хөгшөөн” гээд халти тэврээд өнгөрсөн юм. Санаатайгаар аархаж, үл тоомсорлосондоо тэгээгүй юм шүү.

-Та улсын харцага цолоо гурван удаа баталж, зааны даваанд төдий удаа бүдэрсэн. Ер нь улсын заан цолны босго их өндөр байлаа. Энэ жил улсын харцага цолоо ахиулахын төлөө шинээр улсын начин цолны болзол хангасан М.Бадарчтай барилдахын өмнө дахиад өвдөг шороодох вий гэх айдас байв уу?

-Ээ дээ, заан цолны босго үнэхээр өндөр байлаа шүү. Өмнө нь заан цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан нарт өвдөг шороодсон хүн дээ, би. Тэгэхдээ ганц ч удаа харамсаж байгаагүй. Бүгдэд нь өвдөг шороодсоныхоо дараа “Сайн барилдаарай. Амжилт хүсье” гээд тахимаа өгөн, “Харцагаас том цол хүртэх цаг хараахан ирээгүй бололтой” гэж бодож байлаа. Харцага цолондоо ч хайртай байлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд энэ жил учраа бөхдөө өвдөг шороодон, харцага цолтойгоо дөрөв дэх удаагаа үлдэх вий гэх айдас байсныг нуугаад яах вэ. Барилдааны эхнээс санасан мэхээ зоригтой хийн, шуурхай барилдъя гэж төлөвлөсөн. М.Бадарчийг өвдөг шороодуулан, заан цолны болзол хангасны дараа сэтгэл уужраад, цээжин дотроос том чулуу аваад хаячих шиг болсон.

-Наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэнийхээ дараа ээждээ үнсүүлэх хамгийн сайхан байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Түрүүлснийхээ дараа гэртээ хурдхан харьж, ээждээ үнсүүлэх юм сан гэж их яарсан. Ээж минь миний барилдааныг жил бүр зурагтаар үздэг юм. Сүүлийн хэдэн жилийн наадамд харцага цолоо ахиулж чадалгүй гэртээ харихад надаас дутахгүй шаналсан хүн бол миний ээж. “Цаг нь болоогүй юм байлгүй. Битгий шантраарай. Миний хүү өнөөдөр биш юм аа гэхэд маргааш чадна аа. Ээж нь итгэж байна” гэж урам хайрладаг байлаа. Энэ жил түрүүлж, сэтгэлийг нь тэнийлгэлээ. Ижийгээ баярлуулж, жаргалтай байлгахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Түрүүлсэн амжилтыг маань “Toyota”-гийнхан мялааж, шагнасан машинд ээжийгээ суулган явахад сэтгэл их хөдөлсөн шүү. Аав минь өнгөрсөн жил өвчний улмаас бурхан болсон. Орон зай, нөмөр нөөлөг нь их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа. Аавыгаа амьд сэрүүн үед нь Төрийн наадамд түрүүлж чадаагүй ч ээжийгээ баярлуулж чадлаа гэж бодохоор сэтгэл минь жаахан тайтгарч байна.

-Аймгийн хурц арслан О.Гантулга таны хүргэн ах гэдгийг бөхийн хүрээнийхэн андахгүй. Олон жил улсын цолд ойрхон бөхийн тоонд багтаж буй түүнийг хоёр ч удаа Төрийн наадамд оноолтоор таарч, давах амаргүй байсан нь мэдээж.

-(Толгой сэгсрэв). Хамгийн хэцүү зүйл энэ. Бүр өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй яаж барилдах вэ гэж бодохоос ч хэцүү. Бид хоёрыг өнөө жил дөрвийн даваанд оноолтоор таарахад зарим хүн “2015 онд унагаасан юм чинь, энэ жил хүргэнээ дэмжих байх” гэж таамаглаж байсан гэнэ лээ. Гэхдээ би олныг хуурч, ахдаа боломж олгохыг хүсээгүй. Ах маань хөдөлмөрч, шударга, гүндүүгүй сайхан бөх. Хэзээ нэгэн цагт монгол бөхийн хийморь, олны буян хишиг ивээж, улсын цолтны эгнээнд багтана гэдэгт итгэдэг.

-Бөхийн хорхойтнууд таныг өнөөгийн амжилтад элдэв буруу аргаар бус, хөдөлмөрийнхөө үр шимээр хүрсэн гэдэг юм билээ. Сүүлийн үед цолны найраа гэж айхтар өвчин гарч ирсэн. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Цолны найраа гэдэг харьцангуй ойлголт. Тухайн хүн аль өнцгөөс харж буйгаас их зүйл шалтгаална. Ирээдүйтэй юм уу, нутгийнхаа бөхийг тунаанаас гаргах, өндөр амжилт гаргах замыг нь засахын тулд өвдөг шороодох бол байх л зүйл. Дээр үеэс ийм зүйл байсаар өдий хүрсэн. Энэ жил л гэхэд улсын аварга С.Мөнхбат Ө.Бат-Орших найздаа, Г.Эрхэмбаяр аварга нутгийн дүү Н.Жаргалбаярыгаа тунаанаас гарган, заан цолны болзол хангуулсныг буруутгаж болохгүй. Нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэл бүхнийг мөнгөөр шийдэн, цол хүртэх гэж явахаас тэс өөр гэдгийг ялгаж ойлгох нь чухал.

-Өдий хүртэл танаас хэн нэгэн бөх даваа гуйж байв уу?

-Ёстой тэгж байгаагүй. Бүр нэг ч удаа “Төдөн төгрөг өгье. Унаад өгчих” гэж хэлж үзээгүй. Хэрвээ тэгвэл би хэзээ ч зөвшөөрөхгүй, үнэн хүчийг үзэн, шударга барилдъя л гэж хэлнэ.

-Олон жил хөдөлмөрлөөд цолоо ахиулж чадахгүй, танаас бүр сүүлд гарч ирсэн хүчтэнүүд түрүүлж, үзүүрлэн, том цол хүртээд байхаар юу бодогдох юм бэ?

-Үнэнийг хэлэхэд “Олныг хууралгүй, шударгаар хөдөлмөрлөж л амжилтад хүрнэ” гэж би өөртөө амласан. Би өдий хүртэлх хугацаанд ганц ч удаа худлаа унаж, хэн нэгнийг найраагаар давж ард түмнээ хуураагүйгээрээ бахархдаг. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэн, тууштай хөдөлмөрлөж чадвал амжилт хүнийг шагнадгийг бүр их мэдэрлээ.

-Сүүлийн жилүүдэд барилдааны үеэр үндэсний бөхийн дүрмийн эргэлзээтэй заалтаас болж маргаан, будлиан нэлээд гарч байна. Та 2011 оны улсын наадмын долоогийн даваанд Ч.Санжаадамба аваргад нэлээд эргэлзээтэй байдлаар унасан. Өнгөрсөн жил П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагва, энэ онд Ч.Санжаадамба Г.Ганжад нарын барилдаан их маргаантай болж, олныг талцуулсаар байна. Барилдааныг нь буруу засаж, бөхчүүдийг хөдөлмөр, амжилтаар нь хохироохгүйн тулд хэрхэх нь хамгийн зөв гаргалгаа бол?

-Нэгэнт өнгөрсөн юмны талаар ярих дэмий. Тухайн үед хөлийн цэц, засуулын л гаргасан шийдвэр. Энэ талаар тодорхой мэдэх, тэгэх, ингэх хэрэгтэй гэж зөвлөх юм алга.

-Барилдааны үеэр улсын гарьд Б.Гончигдамбын гарыг нь хөшсөний улмаас зодоглох эрхээ хэсэг хугацаагаар хасуулсны чинь дараа зарим ивээн тэтгэгч нүүр буруулж, нэлээд хүнд байдалд орсон гэх яриа олны дунд байдаг юм билээ. Үнэн үү?

-Тийм юм болоогүй ээ. Тухайн үед Б.Гончигдамбын гарыг санамсаргүйгээр хөшчихсөн юм.

-Та бөхийн спортод 14 жил зүтгэж байна. Бөх барилдаж эхэлсэн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

-Өвөө, аав, том ах маань сумын заан цолтой, орон нутагтаа олны хүндлэлийг хүлээсэн сайхан бөхчүүд байсан. Сумын заан цол бидэнд их ээлтэй. Багаасаа тэдэн шигээ бөх болохыг мөрөөдөж, энэ спортод хорхойссон.  Тэр мөрөөдөлдөө 17 настайдаа буюу 2003 онд хүрч, бөхийн спорттой амьдралаа холбоход Дундговь аймгийн харьяат, аймгийн заан Мөнхтөр их нөлөөлсөн. Намайг тухайн үеийн “Монгол газар” клубийн дасгалжуулагч Мөнхсүх багштай танилцуулж, шавь оруулж байлаа. Би үндэсний бөхийн хажуугаар Г.Жамсран, Б.Баттулга багш нарын удирдлагад жүдо, чөлөөтөөр давхар хичээллэсэн. 2006, 2007 онд аймгийнхаа наадамд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн. Дараа жил нь улсын наадамд анх зодоглохдоо Төв аймгийн заан Ч.Бямбадоржид өвдөг шороодож байлаа.

-Бөхчүүдээс хэн, хэнтэй дотно нөхөрлөж явдаг вэ?

-Өө, тэгээд бүх л хүчтэнтэй гэмгүй сайхан нөхөрлөж, түшиж явдаг даа. Хамгийн дотнын найз минь улсын харцага А.Цацабшир. Бид хоёр дэвжээн дээр өрсөлдөгч. Харин амьдрал дээр сайхан найзууд. Найз минь энэ жил улсын арслан Р.Пүрэвдагваар тав давж, шөвгөрлөө.

-Та эхээс 10-уулаа. Өнөр өсөх их сайхан биз.

-Тэгэлгүй яах вэ. Би дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Олуулаа, өнөр өсөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Манайх 1999 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Намайг тавдугаар анги төгсдөг жил л дээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүүхдэд зуныхаа амралтаар ажил олж хийх шиг хэцүү даваа байхгүй. Гэртээ зүгээр сууж байхаар гэрийнхэндээ нэмэр болъё гээд “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү. Би найм дахь хүүхэд нь болоод ч тэр үү, шинэ хувцас өмсөнө гэдэг нүдний гэм. Ах, эгч нарынхаа хуучин, багадсан хувцсыг л өмсөж өссөн дөө. Манайх төмөр хоёр ортой, гэрт амьдардаг байлаа. 10-уулаа гэрийнхээ хойморт гөөхийлдөөд унтдаг байсан сан. Томчууд нь голоор, багачууд нь захаар унтана. Учир нь томчууд нь захаар унтахаар хөл нь оронд тээглээд байдаг байсан юм.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Эхнэрийг маань Уянгаа гэдэг. Ховд аймгийн харьяат, санхүү, эдийн засагч мэргэжилтэй бүсгүй бий. Олон жил ар талыг минь найдвартай дааж, бэлтгэл хийх боломжоор ханган, амжилтын төлөө надаас дутахгүй мэрийж, хөдөлмөрлөсөн ханьдаа баярлалаа.

-Та их тайван, дөлгөөн юм. Бөхчүүд их сайхан дуулдаг юм билээ.

-Хүмүүс тэгж хэлдэг юм. Хөдөө явахдаа, сэтгэл санаагаар жаахан унасан үедээ ардын дуу сонсох сайхан шүү.

-Төрийн наадамд түрүүлэх зорилготой байсан гэсэн. Харин одоо дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ?

-Одоогоор тэгэх, ингэх юм сан гэж бодож, төлөвлөж амжаагүй явна аа. “Дараа жил түрүүлнэ, аварга болно” энэ тэр гэж том амлаад яах вэ. Мэдээж юуны түрүүнд олны итгэлийг хөсөрдүүлэлгүй, арслан цолондоо эзэн болж явахыг хичээнэ. Шинэ цолны маань хүндэтгэлийн мялаалга, Тосонцэнгэл сумын наадамтай хамт энэ сарын 27-нд болно. Нутаг руугаа хурдхан явах юм сан гээд сэтгэл их догдолж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)

Илгээх

Энэ тухай