Дорнодын их талыг дэлхийд данстай болгоё

Унаган төрхөө хадгалсан газар нутгийнхаа хэмжээгээр манай орон дэлхийд дээгүүр бичигддэг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйлд­вэрлэлийн нөлөөгөөр онгон дагшин байдлаа алдаж буй газар нутгийн хэмжээ тэлж байна. Энэ нь Монгол оронд төдийгүй дэлхийд гай­ хагдах дурсгалт газар, амьтан, ургамал эзэн­гүйдэж, эсвэл устах томоохон шалтгаан юм. Газар шороо үг хэлэхгүй, гишгэлээ, сүйтгэлээ гэж гомдоллохгүй болохоор хэн дуртай нь ухаж төнхөж доройтуулсаар байгаа гэхэд бу­руудахгүй болов уу.

Хараахан доройтчихоогүй, онгон дагшин хэвээрээ газруудын тоонд өдгөө Дорнод Мон­голын их тал багтаж байна. Тэр дундаа хял­ганат хээрийн хэв шинжийг хадгалан үлдсэн Мэнэн, Тамсаг, Бадам-Иш гэсэн нүд алдам өргөн тал дурдагдана. Цагаан зээрийн өлгий нутаг болдог Дорнодын тал хаа ч байхгүй үржил шимт, үзэсгэлэн төгс гэдгээрээ дэлхийд гайхагддаг. Энэ талаар Японы Цүкүба их сургуулийн доктор, профессор Кэнжи Тамүра судалж, Дорнодын тал хээрийг “Дэлхийд ганц” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр манай орны хөрсийг багагүй хугацаанд судалсны дүнд Дорнодын хээр талын хөрс дэлхийд байхгүй “сайн” бүтэцтэй болохыг тогтоосон тухайгаа “Өнөөдөр” сонины 2011 оны долдугаар сарын 28-ны дугаарт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

“Хээрийн экосистемийн хувьд Дорнодын тал хээрийн хөрс дэлхийд нэг номерынх гэж хэлж болохоор. Евразийн хээрийн судалгааг өргөн уудам нутагт хийж үзсэний үндсэн дээр ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл ийм сайхан хөрс шороо дэлхийд, Евразийн эх газрын хэмжээнд Монголоос өөр хаана ч алга” хэмээн доктор Кэнжи Тамүра тодорхойлжээ. Хэдий тийм боловч маш эмзэг, хэврэг, амархан доройтох шинж чанартай тул тариаланд ч ашиглаж болохгүй гэснийг нь энд онцолъё. Тиймээс аль болох байгаа хэвээр нь хадгалж үлдээх хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлсэн. Үүний тулд Монгол Улсын холбогдох газрынхан яаралтай хөөцөлдөж, Дорнодын хээр талыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх хэрэгтэйг онцолсон. “Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, онгон байдлаа хадгалж үлдсэн жинхэнэ тал хээрийн экосистемийг зөвхөн Дорнод Монголоос үзэж болно” гэж манай судлаачид ч дүгнэдэг.

Дорнод Монголын тал хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг нэлээд дээрээс хөндөж ирсэн. Тэгвэл өдгөө уг ажил урагшилж буй эсэх, ач холбогдол бүхий газрыг дэлхийн өвд бүртгүүлэх тухай асуудал ямар шатанд яваа талаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраас тодруулахад “Чухал газар мөн үү гэвэл мөн. Гэхдээ дэлхийн өвд бүртгүүлэх тухай асуудлыг шууд авч хэлэлцээд, шийдвэрлэчихсэн зүйл одоогоор алга. Юутай ч ярьж хэлэлцэж байгаа” гэсэн юм. 

Манай улс газар нутгаа тусгай хамгаалалтад авч, доройтлыг нь хязгаарлаж, онгон дагшин байдлаар нь хойч үедээ хадгалан үлдээдэг хууль журамтай. Түүнийхээ дагуу 1950-иад оноос газар нутгийг тусгай хамгаалалтад авах дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн тухай баримт бий. Гэсэн ч байгаль, түүх, соёлын давтагдашгүй их өвтэй, үе дамжуулан үлдээх нэн ховор, ховор амьтан, ургамалтай хэрнээ өдий хүртэл улсын тусгай хамгаалалтад ороогүй газар нутаг цөөнгүй. Тодруулбал, байгаль, түүх, соёлын давтагдашгүй их өвтэй, үе дамжуулан үлдээх нэн ховор, ховор амьтан, ургамалтай хэрнээ өдий хүртэл улсын тусгай хамгаалалтад ороогүй газар нутаг бий. Онгон дагшин байдлаа харьцангуй хадгалсан, Монгол орны зүүн захын хялганат тал хээрийн бүсэд ч “улаан шугам”-ны гадна үлдсэн газрууд бий аж. УИХ-ын тогтоолоор 1998 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт Монгол Улсын газар нутгийн 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэж заасан ч одоогоор уг үзүүлэлт 18 хувьтай байгаа юм. 

Дорнод аймгийн тухайд одоогоор нийт газар нутгийнхаа 12.5 хувийг тусгай хамгаалалттай болгосон байна. Дорнод Монгол, Нөмрөг, Монгол Дагуурын дархан цаазат газар, Онон, Балжийн байгалийн цогцолборт газар, Яхь нуур, Угтам, Тосон Хулстайн байгалийн нөөц га­зар үүнд хамаардаг. Дорнод Монголын дархан цаазат газар гэхэд Монгол орны хамгийн зүүн захын тал хээрийн бүс нутаг бөгөөд Төв Азийн хялганат тал хээрийн “нэрийн хуудас” нь. Дор­нод Монголын тал газрыг 2005 онд ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ. Уг сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрынхаа ховор, нэн ховор амьтан ургамал, ус, ойн сав газар зэргийг хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас доройтож байгаа байгалийн үзэсгэлэнг хамгаалах арга гэнэ. Хэдий ийм боловч өргөн уудам тал нутгаас нь хамгаалалтад аваагүй, авах шаардлагатай газар нутаг цөөнгүй үлджээ. Харин орон нутгийн холбогдох газруудын тухайд тал хээрээ хамгаалахын тулд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж буй гэнэ. 

“Дорнод аймаг нийт нутгийнхаа 20 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгаа. Энэ талаарх саналаа өнгөрсөн онд салбарын яаманд хүргүүлсэн. Цаашид орон нутгийн тусгай хамгаалалтыг илүү нэмэгдүүлэхээр багагүй судалгаа хийж буй. Тодруулбал, зэрлэг амьтад, ховор ургамал төвлөрсөн газруудын хамгаалалтыг илүү нэмэг­ дүүлэх нь зүйтэй юм” гэж аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга хэллээ.

Нутгийн иргэд хүсэлт тавьсны үндсэн дээр Дорнодын 10 гаруй сумын ИТХ-аас аймгийнхаа холбогдох байгууллагуудад хэд хэдэн газрыг улсын тусгай хамгаалалтад авах саналыг 2009 оноос шат дараатай гаргаж иржээ. Тэдгээр нь бүхэлдээ хялганат хээр, цагаан зээрээ хам­ гаалахад чиглэсэн байна. Зарим санал нь дэмжигдэж, зарим нь “унаж” явсаар өнгөрсөн онтой золгосон аж. Эцсийн дүнд дэлхийн хял­ ганат хээрийн төлөөлөл болсон, экологийн тэнцвэрийг хадгалсан, харьцангуй унаган төр­хөөрөө, орон нутгийн тусгай хамгаалалтад хэ­дийнэ авсан нийт 800.015 га газрыг улсын тус­гай хамгаалалтад авахыг дэмжих тогтоолыг 2016 оны нэгдүгээр сард аймгийн ИТХ-аас гар­гаж, өдий хүртэл Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа гэнэ лээ. Үүнд Халх таван уул, Ташгайн таван нуур, Хөх нуур, Жарантогооны талын А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Нөмрөгийн өргөтгөл, Дун уул, Монгол Да­ гуурын Б хэсгийн өргөтгөл гэсэн экологийн үнэ цэнэтэй зургаан сумын есөн газар нутгийг хамруулжээ. 

Дорнодын их талыг хамгаалах, дэлхийд данслуулах ажил улсын болон орон нутгийн хэмжээнд ийм балархай, бүрхэг байна. Даш­рамд дурдахад, одоогоор манай улсын газар нутгаас дэлхийн байгалийн өвд зөвхөн Увс нуурын ай сав газар л бүртгэгдээд буй юм. Харин дэлхийн соёлын биет болон биет бус өв хэд хэд бий билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай