Герман улс мэргэжлийн боловсрол олгох, төрийн захиргааны албан хаагчдыг сургахад хамтран ажиллах боломжтой гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр хотын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллерыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд нийт төлөөлөгчдийг тавтай морилохыг хүслээ. Тэрбээр хэлэхдээ “Миний бие тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Берлин хотод айлчилсан. Айлчлах үеэрээ Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзсан. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон. Манай 2 улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Жилд бүр болдог "Ай-Ти-Би Берлин" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот гурав дахь жилдээ амжилттай оролцлоо. Герман улс бол манай улсын хувьд Европ руу гарах гол хаалга болдог. Тиймээс Монгол Улсын нийслэл болон ХБНГУ-ын нийслэл хотуудын харилцаа идэвхжиж байгаад баяртай байна.” хэмээлээ.

Ноён Михаель Мюллер мөн Монгол Улсад урьж, найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Герман, Монгол улс хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Бидний зүгээс мэргэжлийн боловсрол олгох, төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хоёр хот хооронд нийтийн тээвэр, хог хаягдал, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай