Ерөнхийлөгчид хэн хэн зөвлөх вэ

Ээлжит сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулга энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа “Иргэдээ сонсдог, тэдэнтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч болно. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг ард түмнийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна. Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй тууштай тэмцэнэ. Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно” гэдгээ ард түмэндээ илэрхийлсэн бол УИХ, Засгийн газрын гишүүдэд хандаж “Нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг бууруулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл ноцтой хэмжээнд ирж, үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно” хэмээн онцолсон.

Энэ үеэр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн алба хаагчид Монголын ард түмнийг хайрлаж яваарай. Би сайн ажилласан бол ард түмний хүч, хэрэв би муу ажилласан бол миний муугийнх юм шүү” хэмээн захиад, амжилт хүссэн. Дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхийн “тоолуур” нь дөнгөж гүйж эхлээд буй шинэ Ерөнхийлөгчийн өмнө их ажил бий. Амласан, төлөвлөсөн олон ажлаа хийж, хэрэгжүүлэхийн тулд тэр юуны түрүүнд багаа бүрдүүлэх ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж, Тамгын газрын даргаараа УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон. Тамгын газрын дарга ирэх дөрвөн жилд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг хангаж, арын албыг нь хариуцах албан тушаалтан. Эхний томилгооноос улбаалан түүнийг сонгуулиар хамгийн их дэмжиж оролцсон хүмүүсээ дараа дараагийн албан тушаалд томилох болов уу гэж харах хүн цөөнгүй байна. Холбогдох хуулиудад зааснаар Ерөнхийлөгч Тамгын газрын даргаас гадна зөвлөхүүдээ томилох ёстой. Ингэхдээ төсөвтөө багтаан Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах учиртай. Өөрөөр хэлбэл, зөвлөх болон Тамгын газрын ажилтнуудын тоог хуульчлан тогтоогоогүй.

Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон тооны зургаан зөвлөхтэйгөөр ажиллаж ирсэн бөгөөд “хүний эрхийн” гэх тодотголтой зөвлөхийг анх удаа ажиллуулсан билээ. Сүүлийн үед зөвлөх гэх албан тушаалыг “амьгүй албат” хэмээн шүүмжлэх болсон ч Ерөнхийлөгчид зөвлөх хүмүүсийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, туршлагатай байлгахыг зүй ёсоор шаардаж ирсэн. Тиймээс ч сонгуулиар сайн ажилласан болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийн нэр зуузай холбон яригдаж байна. Тухайлбал, гадаад бодлогын зөвлөхөд УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл болон дипломатч Ц.Сүхбаатар нарыг томилохоор ярьж байгаа аж. Кампанит ажлын үеэр гаргасан хүчин чармайлтыг нь үнэлбэл Ц.Оюунгэрэлийг зөвлөхөөр томилох магадлалтай ч гадаад харилцааны салбар дахь туршлага, хөрш орнуудтай харилцах бодлого талаас нь сонжвол Ц.Сүхбаатараар зөвлүүлэх болов уу хэмээн харж буй юм. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар зөвлөхүүд нь Ерөнхийлөгчид захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албыг хэн удирдах бол гэдэг нь сонирхол татаж байна. Тус албан тушаалд горилогчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж буй сурагтай. Тиймээс Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч гэсэн албан тушаалыг сэргээж, горилогчдоос хэн нэгнийг томилох бололтой. Өмнө нь тус албан тушаалд сэтгүүлч С.Батзаяа болон өдгөө АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Эрдэнэболд нар ажиллаж ирсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаагаа дуустал хэвлэлийн төлөөлөгчгүй байсан юм. Тэдгээрээс сэтгүүлч Ж.Цэсэн, О.Батханд нарын талаар нэлээд ул суурьтай ярьж буй бололтой. Ж.Цэсэн нь Х.Баттулгын хэвлэл мэдээллийн багт сүүлийн арав гаруй жил ажиллаж буй бол О.Батханд нь УИХ-ын дарга З.Энхболдын үед Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг удирдаж байв. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгчийн үед Тамгын газар төсвийн болон төсөл, хөтөлбөр хариуцсан ерөнхий менежер буюу хоёр дэд даргатай ажиллаж байсан билээ. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын үед хууль, хяналтын зарим байгууллагын удирдлагыг өөрчилж болзошгүй талаар зарим эх сурвалж мэдээлж буй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай