ХАРЦАГУУД одтой наадлаа

Энэ жилийн улсын наадамд хэн түрүүлэх бол... Монголчууд биднийг хариулт нь үл олдох оньсого мэт энэ л асуулт бүтэн жилийн турш ээрч, догдлуулан, амьсгаа даран хүлээлгэсэн. 512 (96 нь улсын цолтой) бөх зодоглосон өнөө жилийн наадамд иртэй яваа аварга, арслангуудын нэг нь түрүүлж, шинэ аварга юм уу даян аварга цолтон төрөх болов уу хэмээн олонх бөхийн хорхойтон таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй. Наадмын өмнөхөн бөхийн галуудаар сурвалжилга бэлтгэж явахдаа цөөнгүй хүчтэнтэй уулзахад ч бас тийм таамаглал дэвшүүлж байгаа нь анзаарагдсан. Сүүлийн 11 жилийн хугацаанд 11 өөр бөх (Д.Сумъяабазар, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Өсөхбаяр, Б.Ганбат, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Э.Оюунболд, Н.Санжаадамба) түрүүлсэн жишгийг эвдэж, хэн нэг нь дахин манлайлах, эсэхийг наадамчин олон чих тавин хүлээж байв. Харин энэ жил өмнөх уламжлал дахин давтагдаж, наадамчин олны таамгийг будилуулсан, хэр баргийн хүн таахаар­гүй, дурсан ярилцах зүйлсээр дүүрэн төдийгүй олон жил хүсэн хүлээ­сэн хүчтнүүд нь түрүү, үзүүр булаалдсан, олны сэтгэлийг тэ­нийлгэсэн сайхан наадам болов. Наадмаас наадмын хоорондох заал танхимын барилдаанд тогт­мол барилддаг, тэр хэрээр хий нь гарсан том цолтнууд доор даваанд өвдөг шороодож, шөвгийн дөрөвт улсын харцага цолтой дөрвөн бөх шалгарч, аваргаас бусад бүх цолтон төрсөн өнөө жилийнх шиг зураглал дахиад тийм ч олон давтагдахгүй нь лавтай. Гарын арван хуруунд тоологдохоо байсан телевизүүд улсын наадмыг шууд дамжуулан, өдгөө тойм нэвтрүүлгүүдээрээ бөхийн хор­хойтнуудын нүдийг хужирласаар байгаа тул ерөнхийд нь тоймлон хүргэе.

ХӨВСГӨЛ АЙМГААС МЭНДЭЛСЭН ТАВ ДАХЬ УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ

Хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөж чадвал хэзээ нэгэн цагт амжилтад хүрдгийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх Ц.Содномдорж үлгэрлэж, Төрийн наадам түрүүлж, улсын арслан цол хүртлээ. Жил жилийн наадамд “Манай Со харцага түрүүлнэ” хэмээн дээлийнх нь захыг мушгидаг монгол түмний хүсэл ийнхүү биелэв. Улсын харцага цолоо гурван удаа баталж, заан цолны босгонд гурвантаа бүдрээд байсан, өдгөө 31 настай тэрбээр Увс аймгийн Улаангом сумын харьяат бөх Ө.Бат-Оршихыг өвдөг шороодуулж, түрүүлэн наадамчин олноо баясгалаа. Түүнийг 512 бөхийн манлай болж, улсын арслан цол хүртэхэд нь монгол түмэн өнгөрсөн жил Ч.Санжаадамба түрүүлж, аварга болсноос дутахгүй догдолж, баярын нулимс унагасан нь лавтай. Үндэсний бөхийн түүхэнд улсын харцага цолтой бөхчүүд Төрийн наадмын түрүү булаалдсан тохиолдол үгүй. Түүхийн хуудас сөхвөл гурван жилийн өмнө улсын арслан Н.Батсуурь улсын харцага цолтойдоо түрүүлж, тухайн үед улсын начин цолтой байсан Ш.Жаргалсайхан үзүүрлэн, улсын гарьд болсон билээ. Ц.Содномдорж ийнхүү хоймор нутгаас улсын арслан цол хүртсэн тав, улсын наадамд түрүүлсэн долоо дахь хүчтэн болов. Түүнээс өмнө С.Шагдар (1924 он), Ө.Чүлтэмсүрэн (1942), Ж.Цэвээнравдан (1951), Д.Дамдин (19561960), Ч.Бээжин (1970), Х.Мөнхбаатар (2007) нар түрүүлж байсан бол С.Шагдар, Ө.Чүлтэмсүрэн, Ц.Бадамсэрээжид, Х.Мөнх­баатар нар улсын арслан цол хүртэж байв. Мөн Ц.Содномдорж улсын харцага цолтойдоо Төрийн наадамд түрүүлсэн дөрөв дэх (Өмнө нь Н.Батсуурь, Э.Оюунболд, С.Мөнхбат) бөх болов. 2008 оноос улсын наадамд зодоглож эхэлсэн тэрбээр дараа жил нь улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав даван улсын начин, 2011 онд харцага цол хүртсэн юм.

Түрүү бөхийнхөө амжилтыг хэрхэн шагнан, урамшуулж байгаа нь олны анхаарлыг чамгүй татдаг. Тэгвэл одоогоор Ц.Содномдорж арсланг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс “Lexus 570”, “Toyota” компаниас “Land cruiser 200” автомашин, “Монос” группээс таван өрөө байраар шагнаж, амжилтыг нь мялаажээ. Ц.Содномдоржоос дутахгүй олон жил түрүү бөхийн тааварт багтан, хэзээ нэгэн өдөр өндөр амжилт үзүүлнэ хэмээгдэж байсан хүчтэн бол яахын аргагүй Ө.Бат-Орших. Увсын хүчтнүүдийн залгамж халаа, шинэ үеийн төлөөлөл тэрбээр өнөө жил бэлтгэл сайтай, өнгөтэй байсан ч төдийлөн олон барилдаанд зодоглоогүй. Бүр “Увс нуур” галынхаа наадмын сорилго барилдаанд ч хүч сориогүй. Түүнийг долоогийн даваанд олон жил үй зайгүй нөхөрлөсөн улсын аварга С.Мөнхбат тунаанаас гарган, барилдалгүй тахимаа өгснийхөө дараа найзыгаа улсын заан болгосондоо сэтгэл нь хөдөлж, баярын нулимс унагасан нь наадамчин олны хүндэлийг ихэд хүлээнэ лээ. Улмаар Ө.Бат-Орших наймын даваанд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг өвдөн шороодуулан, улсын гарьд цол хүртэв. Сонирхуулахад, гарьд маань 2006 онд Увс аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2009 онд улсын харцага цол хүртсэн юм.

Мөн Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Н.Жаргалбаяр нар улсын заан, энэ жилийн наадамд өндөр амжилт гаргах бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байсан Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх М.Бадарч нар улсын харцага цолоор энгэрээ мялаалаа. О.Хангай бяр тэнхээгээр хэр баргийн хүчтнээс дутахгүй ч улсын наадамд биеэ хэт барин, барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байгаа нь анзаарагдлаа.

ЗУРГААН УЛСЫН НАЧИН ЦОЛТОН ТӨРӨВ

Дөрвийн давааг аймгийн цолтой найман бөх гэ­тэлснээс бүгдээрээ улсын начин цолны босго алхаж, тэднээс хоёр нь улсын харцага цол хүртсэн нь барилдааныг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгов. Тавын даваанд өнөө жилийн бүх цэргийн барилдаанд түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртэн, тун өнгөтэй байсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Б.Хишигбаатар улсын гарьд Н.Ганбаатараар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх Б.Бат-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараар, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх Д.Тамир улсын арслан П.Бүрэнтөгсөөр, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат бөх Г.Ганжад улсын аварга Ч.Санжаадамбаар, БаянӨлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх Б.Серик улсын харцага Т.Баасанхүүгээр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх Ж.Дагва-Очир дархан аварга Г.Өсөхбаярыг тус тус өвдөг шороодуулан, улсын начин цолтны гэр бүлд багтав. Тэднээс Б.Хишигбаатар, Ж.Дагва-Очир нар нутгийнхаа том цолтнуудын дэмжлэ­гээр тав давсан бол Д.Тамир улсын хоёр ч арсланг (Н.Батсуурь, П.Бүрэнтөгс) өвдөг шороодуулж, улсын начин цол хүртэн, шуугиуллаа. Олон жил улсын начны тааварт багтан, дээлийнхээ захыг мушгиулж буй аймгийн хурц арслан Ш.Мөнгөн­баатар улсын харцага А.Цацабширт, О.Гантулга Ц.Сод­номдоржид, аймгийн арслан Э.Золбоо Ө.Бат-Оршиход, Ш.Пүрэвгарьд улсын начин Ч.Хөхчирэнгэрт өвдөг шо­роодон, дараа жилийн наадмыг хүлээх болов. Өнөө жи­лийн наадам цом цолтнуудад тун халтай байсныг түрүү бөхийн таамагт тогтмол багтдаг хүчтнүүдээс зөвхөн тавын даваанд л гэхэд хоёр аварга, улсын арслан, гурван гарьд өвдөг шороодсоноос харж болно.

“МОНГОЛ ТВ”-ЭЭС ҮЛГЭРЛЭЕ

“Монгол ТВ” энэ жилийн наадмын бөхийн барил­дааныг шууд дамжуулахдаа нууц камер ашиглан бөх, хөлийн цэц, засуулын яриаг нийтэд ил сонсгосон нь том дэвшил байлаа. Бөхчүүд ам авахдаа болон барилдааны үеэр юуны талаар ярилцаж буйг үзэгчид ихэд сонирхсон нь лавтай. Ялангуяа Ч.Санжаадамба Г.Ганжадтай хийсэн барилдааны үеэр хөлийн цэц, засуулуудтай маргалдсан болон улсын арслан Э.Оюунбалд тавын даваанд хэнийг амлахаа Б.Адъяахүү багштайгаа хэлэлцэх үеэр мөнгөн дүн дээр тохиролцож буй мэт гурван хуруугаа гозойл­госныг нь хүмүүс өнөө ч хачирхан ярилцсаар байна.

ДҮРМЭЭ ЦООРХОЙГҮЙ БОЛГОЁ

Сүүлийн жилүүдэд наадмын сайхан өнгийг гундаа­даг маргаан, будилаан цөөнгүй гардаг болоод буй. Өнгөрсөн жилийн наадмын үеэрх улсын арслан Р.Пүрэвдагва П.Бүрэнтөгс нарын барилдааныг тойрсон дуулиан намжаагүй байхад дээрх бараан зураглал энэ удаа ч бас давтагдав. Улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн харьяат, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан өдгөө ч олны анхаарлыг татаж, талцуулсаар байна. Тун ойролцоо унасан тэдний барилдааныг хөлийн цэцүүд шуурхай гэгч нь хэлэлцээд Г.Ганжадыг давсанд тооцсон. Эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй аварга барилдааныхаа бичлэгийг хөлийн цэц, засуулуудад үзүүлэн, 30 гаруй минутын турш эсэргүүцлээ илэрхийл­сэн ч тусыг эс олов. Бүр аргаа барахдаа туг тойрон, дэ­вээд ч шийдвэрийг нь өөрчлүүлж чадсангүй. Аварга “Би эхэндээ хайнсан гэж бодон, дахин барилдуулах шийдвэр гаргах болов уу гэж хүлээцтэй хандсан. Тийм учраас унасан бөхтэй зэрэг дэвээгүй. Удаашруулсан бичлэгээс харахад би яах аргагүй давсан байна. Гэтэл Д.Сэрээтэр гуай, Ц.Баярсайхан нар нутгийнхаа бөхийг улсын начин болгохын тулд хөлийн цэцтэй улайм цайм хуйвалдан, бүтэн жилийн хөдөлмөрийг минь салхинд хийсгэсэнд харамсаж, бухимдаж байна” гэсэн. Ер нь барилдааных нь бичлэгийг аль ч талаас нь харахад Ч.Санжаадамба давсан нь хэнд ч илт харагдана. Гэтэл эргэлзээтэй барилдааны бичлэгийг үзэж дэнслэх талаарх заалт үндэсний бөхийн дүрмэнд байхгүй, бусад хөлийн цэцийн шийдвэрийг дагна гэх хуучинсаг дүрэм бүхнийг баллах нь тэр. Хараа гүйцэмгүй өрнөсөн, хэн нь түрүүлж унасан нь үл мэдэгдэм зэрэг өвдөг шороодсон барилдааныг техник, технологи өндөр хөгжсөн өнөө цагт нүдэн баримжаагаар засаж байгаа нь яавч зөв шийдэл биш. Хөлийн цэц андуу харсан байж болох ч барилдааных нь бичлэгийг хянаж үзээгүйд л хамгийн гол нь байгаа хэрэг. Жудаггүй үйлдэл гаргалаа хэмээн зарим хүнд чичлүүлж буй Г.Ганжадын буруу гэж юу байх вэ. Асуудлыг эцэслэн шийдээгүй байж “Чи давсан. Авар­гаас тахимаа ав” гэсээр туг тойруулан, дэвүүлчихсэн хөлийн цэц, засуулын буруу. Залуу хүн, улсын начин цолны даваанд аваргыг өвдөг шороодууллаа гээд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, дэвчихсэн байх. Баярлахаас ч яах билээ. Хэрвээ барилдааных нь бичлэгийг олон талаас нь үзсэн бол ийм харамсалтай зүйл болохгүй, Ч.Санжаадамба аварга амжилт, бүтэн жилийнхээ хөдөлмөрөөр хохирохгүй байлаа. Түүгээр ч үл барам засуул Г.Өсөхбаяр аваргад толгойгоо эргэтэл загнуулахгүй, улсын наадам будлиангүй сайхан болж Ч.Санжаадам­ ба түрүүлэн, даян аварга болох байсныг ч үгүйсгэх аргагүй.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай