Энэ жилийн баяр наадам тоон хэлээр

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, өндөрлөлөө.

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 12 бөх шинээр цол хүртжээ.

Ингээд энэ жилийн наадмын талаарх сонирхолтой тоон баримтыг хүргэе.

6 начин төрлөө

Энэ жилийн баяр наадмаар зургаан шинэ начин төрсөн юм. Сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага начин төрсөн наадам 2013 онд болж байсан бөгөөд энэ наадмаар хоёр начин төрсөн бол өнгөрсөн жил 1024 бөх барилдахад 14 шинэ цолтон мэндэлсэн билээ.

12 шинэ цолтон

2013 оны улсын баяр наадмаар аваргаас бусад бүх цолд шинэ бөх төрж байв. Энэ жилийн хувьд улсын арслан нэг, гарьд нэг, заан хоёр, харцага хоёр, начин зургаа төрсөн байна. Түүнчлэн хоёр жил дараалан боломжит бүх цолд шинэ хүн тодорчээ. 

Хөвсгөлөөс төрсөн тав дахь арслан

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлснээр Хөвсгөлөөс төрсөн тав дахь улсын арслан боллоо. Түүнчлэн улсын наадмын түрүү авсан тус аймгийн долоо дахь бөх болов. 

Улсын харцага цолтой түрүүлсэн дөрөв дэх бөх 

Ц.Содномдоржоос өмнө улсын харцага цолтой төрийн наадмын түрүү авсан бөхчүүд бол Н.Батсуурь (2013), Э.Оюунболд (2014), С.Мөнхбат (2011) нар юм. Түүнчлэн С.Мөнхбат харцага цолтойдоо анх түрүүлснээс хойш ийм цолтой түрүүлсэн дөрөв дэх бөх юм.

11 жил 

2006 онд Д.Сумъяабазар анх удаа түрүүлж, улсын аварга болсноос хойш жил бүр төрийн наадмын түрүүг 11 өөр бөх авчээ. Тодруулбал, 2007 онд Х.Мөнхбаатар, 2008 онд Д.Ганхуяг, 2009 онд Г.Өсөхбаяр, 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2013 онд Г.Эрхэмбаяр, 2014 онд Н.Батсуурь, 2015 онд Э.Оюунболд, 2016 онд Ч.Санжаадамба.

Гурав

Улсын наадамд заанаас доош цолтой бөх үзүүр түрүүнд хүрсэн нь тун ховор. Гурван жилийн өмнө Улсын харцага Н.Батсуурь, улсын начин Ш.Жаргалсайхан ингэж үзүүр түрүүнд хүрч байв. Харин улсын харцага цол үүссэн цагаас хойш ийм цолтой хоёр бөх үзүүр түрүүнд хүрсэн удаагүй.

12 дахь гарьд

Шинээр гарьд болсон Ө.Бат-Орших 12 дахь гарьд цолтон боллоо. Сонирхуулахад, сүүлийн хоёр наадмаар гарьд цолтон төрөөгүй бөгөөд хамгийн сүүлд Ш.Жаргалсайхан начин цолтойдоо харцага, зааныг алгасч гарьд болж байв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай