Энэ жилийн наадмын түрүү бөх Ц.Содномдоржийн тухай мэдэхэд илүүдэхгүй 10 зүйл

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол улсын харцага Цэдэвийн Содномдорж өнөө жилийн баяр наадмаар 9 даван түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Тэрбээр ийнхүү 31 насандаа Улсын арслан хэмээх хүндтэй цолын эзэн болж байна. Ингээд түүний талаарх таны мэдэхэд илүүдэхгүй 10 баримтыг сонирхуулья.

1. Тэрбээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумд 1986 онд төрсөн. Түүний аав Хөвсгөлийн Тосонцэнгэл сумынх ээж нь Төв аймгийн Алтанбулаг сумд төрж өссөн гэнэ.

2. Түрүү бөх маань 2002 оноос бөхийн спортоор хичээллэж, анх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан н.Мөнхсүхээр бөхийн эрдэм заалгажээ.

3. Анх 2006 онд нутагтаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол дараа жил нь дахин түрүүлснээр аймгийн хурц арслан болсон түүхтэй. Харин 2008 оноос улсын наадамд хүч үзэж, улмаар 2009 онд хүчтэй начин Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж, улсын цолтны их гэр бүлд багтсан юм.

4. Түүнээс хойш 2011 онд зургаа давж улсын харцага, 2015 онд мөн зургаа давж цолоо баталсан бол өнгөрсөн онд мөн зургаа давснаар Цогт гарамгай чимэг хүртжээ.

5. Ц.Содномдорж хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан Даншиг наадмаар одтой барилдаж, өсөх идэр начин болсон бол өнгөрсөн жил мөн тав давж, начин цолоо баталжээ.

6. Содномдоржийн талаар нэгэн ярилцлагадаа заан Б.Батмөнх "Өмнө нь хоёр жил дараалан амлуулж унасан болохоор юу эс бодогдох вэ. Ц.Содномдорж намайг гурван бөхөөс амласан. Түүнд намайг амлах тийм ч амар байгаагүй байх. Гэхдээ тэр өөрийнхөө барилдааны онцлогт тааруулан намайг авсан биз. Зааланд ч, төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд ч олон таарсан болохоор миний хувьд сандрах нь бага байлаа. Ц.Содномдорж их элдэвтэй бөх. Би түүнтэй тунах магадлалтай гэж наадмын бэлтгэлээ тааруулан хийсэн" хэмээн ярьж байв.

7. Ц.Содномдож Хөвсгөл нутгаас улсын наадамд түрүүлсэн долоо дахь бөх. Түүнээс өмнө 1924 онд С.Шагдар, 1942 онд Ө.Чүлтэмсүрэн, 1951 онд Ж.Цэвээнравдан, 1956-60 онд Д.Дамдин, 1970 онд Ч.Бээжин, 2007 онд Х.Мөнхбаатар нар түрүүлсэн.

8. Харин Хөвсгөл нутгаас төрсөн тав дахь арслан цолтон болоод байна. Түүнээс өмнө С.Шагдар, Ө.Чүлтэмсүрэн, Ц.Бадамсэрээжид, Х.Мөнхбаатар нар улсын арслан цолд хүрсэн билээ.

9. Ц.Содномдорж бага наадам гэгддэг 2016 оны Цагаан сарын барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг орхиж, түрүүлж байв.

10. Түүнчлэн 2015-2016 оны наадмаас наадмын хооронд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 21 барилдаан болоход Ц.Содномдорж таван удаа түрүүлсэн амжилтаар бусад бөхчүүдийг манлайлж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай