Наадам 2017: Улсын начин Э.Даш нэгийн даваанд унажээ

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. 

Энэ удаагийн барилдаанд улсын цолтой 95 бөх зодоглож байгаа юм. Тэгвэл 2015 оны наадмаар тав давж, хамгийн залуу начин болсноор даага хөтөлж байсан Дундговь аймгийн улсын начин Э.Даш нэгийн давааны учраадаа унасан ч дахин барилдаад давжээ. Хөлийн цэц түүний өрсөлдөгчийг дүрэм зөрчиж давсан гэж үзсэн тул дахин барилдуулсан гэж шуугилдсан ч Э.Даш начин тахимаа өгсөн байна. 

Монгол бөхийн дүрмэнд зааснаар бол бөхийн цээрт хориотой буюу буруу барьц барих, үүнд Элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах тохиолдолд дахин барилдуулахаар заасан байдаг гэнэ. 

Эрдэнэбатын Даш начин 2015 оны наадмаар улсын начин Т.Баасанхүүгээр (одоо харцага) тав давж, Монгол Улсын начин цолтон болсон юм. Тэрбээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат бөх билээ.

Бөхийн цээр:

а. Хориотой буюу буруу барьц барих. Үүнд

• Шуудагнаас цавчиж удаан барих,

• Элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,

• Зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах,

• Гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,

б. Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийх.Үүнд:

• цохиж халах,

• хоолой шахах,

• ямар нэг байдлаар гараар цохих,

• өшиглөх,

• өвдгөөр тийрэн барьц тавиулах,

• хоёр гарыг давхар хөших,

• сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших,

• Бусад хэлбэрээр тохой үений эсрэг хөших,

• Санаатайгаар гэмтээх,

в. Элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саархаар, алдуурч сулрахаар уях, барилдааны явцад тайлах,

г. Хөлийн цэц, засуулын шийдвэр гараагүй үед, өрсөн дэвэх, малгайгаа шүүрч өмсөх, тэдний зүй ёсны шаардлага, шийдвэрийг эсэргүүцэх, заналхийлэх, маргах зэргээр ёс суртахууны үлгэргүй байдал гаргах,

д. Хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгах,

е. Засуул барилдааныг түр зогсоох үед, мөн учраагаа өрөөгүй, өмсгөлөө засаж байхад унагах буюу удааширсан барилдааны үед барьц бариулж байхад мэх хийж унагах зэргээр жудаггүй зан гаргах,

ё. Барилдааны талбарт үндэсний бөхийн ес төрд үл зохицох байдлаар сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэх,

ж. Давсан бөх унасан бөхийнхөө дээрээс өвдөглөж, тохойлдох,

з. Сэргээш, түүнтэй адилтгах эм бэлдмэл хэрэглэх,

и. Хэв журмийн зөрчил гаргах, гэмт хэрэг үйлдэж монгол бөхийн нэр хүндийг гутаах

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай