Ерөнхийлөгч Х.Баттулга: Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангараг өргөж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

"Монголчууд аа,  элэг нэгт ахан дүүс ээ, 
УИХ-ын Эрхэм гишүүд ээ,    
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,   

Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.        

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.

Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна.  Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би, шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангараглаж байна.

Их хурлын Эрхэм гишүүдээ,

Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.

Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно.

Монголчууд аа, Ахан дүүс ээ,

Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. 

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.

Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.

Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.  Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

-Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.

-Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.

Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.  Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна.

Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

Дээдсийн хийморь сүлд биднийг уриалан дуудаг, Монгол Улс хөгжин бадартугай ! " гэлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай