Х.Баттулга: Ерөнхийлөгчөөр сонгогдвол 60 тэрбумын эзэн хуйвалдагсдыг олж тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 06-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь шатны саналаа өглөө. Өнөөдрийн ирц 20 орчим хувьтай байна гэж СЕХ мэдээлэл хийсэн. Тиймээс ард иргэддээ саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалмаар байна.

Сонгуулийн сүүлийн сар орчмын хугацаанд бид олны хүч оломгүй далай гэдгээ баталж чадсан. Учир нь УИХ-д 65 суудалтай МАН-ыг УИХ, Засгийн газартай нь ард түмнийхээ талд олон шийдвэрийг гаргуулж чадлаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, иргэд бүрт олгох шийдвэр гарсан. Хэрэв Засгийн газрыг шахаж чадвал ард түмэнд зориулсан эерэг шийдвэрийг гаргаж чадах юм байна гэж нотолсон хоёр дахь шатны сонгууль болж байна гэж онцлон тэмдэглэмээр байна. Хүүхдийн мөнгийг МАН олгосон бус, АН ба АН-аас нэр дэвшиж буй миний бие шахсаны эцэст олгуулж байгаа юм. Энэ нь Засгийн газарт ташуур хэрэгтэй гэдгийг нотоллоо.

Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол яригдаад буй 60 тэрбумын эзэн хуйвалдагсдыг олж тогтоох ажил руу ханцуй шумлан орно. Хоёрдугаарт, оффшорт байгаа гаднын улс оронд байрлуулсан улс төрчдийн мөнгийг оруулж ирж, ард иргэдийн өрийг цайруулна” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай