Зүтгүүрт эвдрэл гарснаас зорчигчид хоёр цаг гаруй саатжээ

Зүтгүүрт эвдрэл гарснаас зорчигчид хоёр цаг гаруй саатжээ

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн суудлын 276 дугаар галт тэрэг уржигдар орой хотоос 171 км-ийн зайд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын II багийн нутаг буюу “Наран илгэн”, “Оорцог энгэр” зөрлөгийн хооронд хоёр цаг гаруй саатжээ. Галт тэрэг саатсан шалтгаан нь дээрх хоёр зөрлөгийн хооронд ачааны галт тэрэгний зүтгүүрт гэмтэл гарч, зам тагласнаас болжээ.

Тиймд замыг чөлөөлөхийн тулд 276 дугаар галт тэрэгний зүтгүүрийг түр салган, ачааны галт тэргэнд холбон, ойролцоох “Наран илгэн” зөрлөгт чирч аваачсан юм байна. Зүтгүүрийг буцаж суудлын галт тэрэгтэй холбож, тус галт тэргийг аяллаа хэвийн үргэлжлүүлэх хүртэл нийт хоёр цаг 14 минутын хугацаа зарцуулсан гэдгийг УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяа тайлбарлав.

Ачааны галт тэрэгний зүтгүүр эвдэрсэн шалтгааны талаар түүнээс тодруулахад “Ачааны галт тэрэгний 017 дугаар зүтгүүрийн удирдлагын микро процессорын систем блоколчихсон юм билээ. Эвдэрсэн юм байхгүй. Программ нь автоматаар түгжигдсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд буруу зөрүү мэдээлэл бичсэн байна лээ. Инженерүүд маань электрон архивыг нь үзэж юунаас болсныг оношлох байх. Тэр зүтгүүрийг хотод авчирсан, одоо оношилгоонд оруулж байна. Суудлын 276 дугаар галт тэргэнд нийтдээ 1360 зорчигч сууж явсан, одоогоор гомдол гаргасан хүн байхгүй. Зорчигчдын тав тухыг алдагдуулсандаа УБТЗ-ын зүгээс хүлцэл өчье. Болсон хэрэг явдлыг УБТЗ-аас шуурхай шалган тогтоож, буруутай хүнд зохих арга хэмжээ авах болно” гэж мэдэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай