СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс онцолж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс онцолж байна

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт, ихсэх тохиолдлууд нэмэгддэг. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийж байна. 

Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар осол гэмтлээр нийт 107559 хүн гэмтэж, тэр дундаа зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын 3-р шалтгаан болж байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа боловч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна. / ГССҮТ, 2016 оны Статистик мэдээ/

Харин хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдварын хувьд 2016 оны байдлаар улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол тус тус бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийг сараар үзвэл 4-р сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, 9-р сараас буурч эхэлдэг. /ЭМХТ-ийн 2016 оны ЭМ-ийн үзүүлэлт/. Энэ нь дулааны улиралд хоол, хүнсээр дамжих өвчин болон гэдэсний халдварууд мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг илтгэж байна.

Усанд живэлт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүгээрт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм. /ОБЕГ/

Тиймээс иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Үүнд:

  • Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Голын ойр орчимд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх
  • Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих 
  • Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
  • Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршилтаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах
  • Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
  • Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
  • Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
  • Орон нутгийн замд хурдыг 80км/ц-аас хэтрүүлэхгүй байх

Та бүхэн сайхан наадаарай! 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай