Дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барина

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Архангай аймагт хоногт 3000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж барихаар болов. Тус банкнаас хэрэгжүүлж буй “МОН-3388” төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжуудыг барих бөгөөд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны төлөөлөл болон дээрх аймгуудын (Архангай аймагт үер усны гамшиг болсон учраас Засаг дарга нь оролцоогүй) Засаг дарга нар өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурав.

Төслийн нийт санхүүжилт 21.17 сая ам.доллар. Үүнээс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам.доллар бол манай улсын Засгийн газраас 1.74, “Билл Гейтс ба Мелиндагийн сан”-гийн буцалтгүй тусламжаар нэг сая ам.доллароор санхүүжүүлэхээр болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “АХБ-ны зээлийг төлөх хугацаа 25 жил, үндсэн зээлээс таван жил чөлөөлөгдсөн. Зээлийг 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд хоёр хувийн хүүтэй төлнө. Манай яам төсөл хэрэгжих аймгуудад 18 жилийн хугацаатай, жилд 3.75 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулах юм” гэв.

Г.Мөнхбаяр сайд “Сангийн яам, АХБ, БХБЯ өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар олон удаа уулзсан. Бидний ажлын үр дүн гарч буйд баяртай байна. 21 аймгийн тал хувьд нь цэвэрлэх байгууламж барих, шинэчлэх шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгон дөрвөн аймгийн удирдлага дамжуулан зээлдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Булган, Хөвсгөл, Хэнтий, Увс, Дундговь аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын хөрөнгийг АХБ-тай хамтран шийдвэрлээд байгаа.

Үүнийг 2018 оноос хэрэгжүүлнэ. Мөн АХБ-тай орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Наян ам метр бүхий амины орон сууц барих нэг айлд 58 сая төгрөгийн ипотекийн зээл олгоно” гэв. Харин Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Манай аймаг 1970-аад онд барьсан цэвэрлэх байгууламжтай.

Гүйцэтгэгчийг үндэсний шилдэг, итгэлтэй компаниудаас сонгон шалгаруулах ёстой” гэж ярьсан бол Өмнөговь аймгийн Засаг дарга Ө.Баянмөнх “Ерөнхий боловсролын сургуульд зориулсан цэвэрлэх байгууламжийг 1971 онд барьсан. Хоногт 168 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай. Үүнийг сайжруулсан ч хоногт гарч буй 1100 шоо метр усны дөнгөж 59 хувийг нь цэвэрлээд, үлдсэнийг байгальд асгаж байна” гэлээ.

“Манай аймаг 1996 оноос хойш цэвэрлэх байгууламжгүй явж ирсэн. Хөрсний бохирдлыг шийдэж, цэвэршүүлсэн усаа бусад зориулалтаар ашиглах боломж бий болж буйд баярлаж байна. Саарал ус ашиглах ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Японд мэргэжилтэн бэлтгэсэн” гэж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.

2019 онд ашиглалтад оруулах дээрх байгууламжийн барилга угсралтын тендерийн баримт бичиг боловсруулах ажлын зөвлөхөөр БНХАУ-ын “Изэнь интернэшнл”, туслан гүйцэтгэгчээр “Монхидроконстракшн” компани шалгарсан бол ирэх наймдугаар сараас барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай