Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдлээ

Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим эргэлзээтэй заалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуулийн төсөлтэй холбогдуулан олон нийтэд буруу ташаа мэдээлэл их хүрч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох заалт оруулсны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон.

Уг хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх босго нь 20, хувь тэнцүүлсэн бол 10-20 жил байдаг. 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт хэвээр үлдэх юм. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг энэ хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 10, 15 жилээр нэмэгдэж байна хэмээн буруу ойлгоод байна.

Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр эмэгтэй хүн 48, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдэж байгаа. Энэ нь 60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр тооцож, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсэж байна гэсэн үг” хэмээн тайлбарласан.

Харин тэтгэврийн насыг хоёр жилд нэгээр нэмэгдүүлэх заалт хэвээр үлдэж байгаа аж. Гэхдээ хуулийн үйлчлэлийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр тогтоолгох хоёр дахь хувилбар бүхий сонголт бий болж байгааг салбарын сайд онцолсон. Дээрх хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйг тэрбээр мөн дуулгасан.

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, шимтгэлийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх хөшүүрэг оруулж өгсөн байна. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг олон нийтийн өмч болгон хуульчилж байгаа аж.

Үүнээс гадна “Цалинтай ээж” хөтөлбөрийн тухайд, жирэмсэн эхэд таван сартайгаас төрөх хүртэлх хугацааны тэтгэмж болгож сар бүр 40, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянга, дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд тус бүр нэг 1-3 сая хүртэлх төгрөг олгохоор, гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт хийжээ.

Ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг өгөхгүй болж байна гэх мэдээллийг сайд Н.Номтойбаяр үгүйсгэж, хоёр ихэр бол тус бүр нэг сая, гурав ба түүнээс дээш ихэрт тус бүр гурван сая төгрөг олгоно гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай