Баялгийн засаглалын индексээр Монгол Улс 64 оноо авлаа

Улс орнуудын баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индексээр манай улс “хангалттай” буюу 100- гаас 64 оноо авсан байна. Ингэснээр энэхүү судалгаанд хамрагдсан 89 орноос 15, Евразийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагсчээ. Харин төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн тайлан болон үндэсний баялгийн сангийн засаглал тааруу байгаа нь манай улсын онооноос хойш татсан аж.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн (ББЗХ) Монгол дахь менежер Н.Дорждарь “Монгол Улс энэхүү индексийн ерөнхий оноогоор хангалттай гэсэн дүнтэй ч эдийн засаг нь уул уурхайн салбараас хараат, түүхий эдийн үнээс хэт хамааралтай хэвээр. Түүхий эдийн үнэ хямд үед Засгийн газар өрийн хүүний төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрч байна.

Түүхий эдийн үнэ цаашид ч зах зээлийн мөчлөг даган хэлбэлзэнэ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ОУВС-гийн тусламж бидэнд тус болохгүй. Уул уурхайн мөчлөг сөрөх арга хэрэгсэл болох Төсвийн хуулиа мөрдөж, үүнийг байнга өөрчлөн, халдахгүй байх нь чухал” хэмээн ярив.

Мөн орлогын менежментийн үзүүлэлтээр манай улс бага оноо авсан байна. Энэ нь өрийн хэмжээ тэлж буйтай холбоотой аж. Засгийн газар төсвийн дүрэм буюу тусгай шаардлагыг хангаагүйгээс өрийн хэмжээ өсөхөд хүрсэн юм. Үүнээс гадна төрийн өмчийн компанийн засаглалаар 40 оноо авсан нь сүүл мушгих үзүүлэлт болжээ.

Манай улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллээ нийтэлдэггүй нь ил тод байдлыг хангахгүй байна хэмээн судлаачид дүгнэхэд хүргэсэн гэнэ. Мөн парламентын хяналт сул байгаа нь засаглалд сөрөг нөлөөтэйг уг тайланд дурджээ. Харин баялгаа засаг захиргааны түвшин хооронд хуваарилж буй, эсэх үзүүлэлтээр Бразил улсын дараа эрэмбэлэгдсэн байна.

Баялгийн засаглалын индекс нь 150 судлаач, 149 чухал асуултад хариулж, 10 орчим мянган бичиг баримт судлан, боловсруулсан үнэлгээний нийлбэр аж.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай