Португалд ойн түймэр гарч, 57 хүн нас баржээ

Португалд гарсан ойн түймрээр дор хаяж 57 хүн нас барж, 60 гаруй хүн гэмтэж бэртжээ. Гэмтсэн иргэдийн дөрөв нь гал сөнөөгчид болохыг албаны хүмүүс мэдээлсэн байна. Энэ галын талаар Португалын ерөнхий сайд Антонио Кошта "Бидний мэдэх хамгийн эмгэнэлтэй жил тохиож байна" гэж мэдэгджээ.

Ойн түймэр нийслэл хот Лисбоноос зүүн хойд зүгт 95 милийн зайтай орших Педроган Гранди хотын ойролцоо гарсан бөгөөд өнгөрсөн бямба гаригаас хойш 700 гаруй гал сөнөөгчид түймэрийг унтраахаар ажиллаж байгаа юм. Дотоод хэргийн сайд Хорсе Гомешийн мэдээлснээр бол дор хаяж 16 хүн Фигейро душ Виньюш хотоос Каштаньейра ди Пера хот хүртэлх авто замд машинтайгаа шатаж, өөд болсон бол гурван хүн Фигейро душ Виньюш хотод хорт утаанд хордож нас барсан аж.

Албаны хүмүүсийн мэдээлснээр бол ойн модон дунд аянга буусны улмаас түймэр эхэлсэн гэж үзэж буй.  

Одоогоор бусад хүмүүс хэрхэн өөд болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй аж.

Энэ үйл явдлыг Европын холбоо зүгээр хараад суухгүй бололтой. Тэд Португалын албаны хүмүүстэй хамтарч, нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж илгээхээр болжээ. Испани болон Франц улс нисдэг тэргээр тусламж үзүүлэхээр болжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай