Хар мэдээллийн СҮҮДЭР

Шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэсэн монголчууд улс төрийн намуудын хар пиарын “дарангуйлал”-д байна. Сонгуулийн сурталчилгааны 19-хөн хоногт улс орноо яаж талцуулж, хувааж болдгийн бодит жишээг тэд үзүүлж буй нь эмгэнэлтэй. Техник, технологи хөгжихийн хэрээр фэйсбүүк, твиттер буюу нийгмийн сүлжээнд улстөрчид анхаарлаа түлхүү хандуулдаг болжээ. Тархи угаах, өрсөлдөгчөө гутаах хар пиарыг энэ “ертөнц”-өөр хайр найргүй явуулж буй.

Сонгуулийн хуулиас гадуурх, юу ч хийсэн хариуцлага хүлээхээргүй орчин нь энэ учраас тэр. Гэтэл нийгмийн сүлжээг үзэл бодол нь бүрэн төлөвшөөгүй хүүхэд, залуус голдуу ашигладаг. Тэдэнд ямар муу нөлөө үзүүлж буйгаа “найруулагч” нар бодохыг ч хүсээгүй нь илт. Мэдээлэл муутай, цуурхалд итгэмтгий, учрыг нь олоогүй атлаа хөөрч давхихад бэлэн сонгогч цөөнгүй.

Тэдний тархийг угаахад чиглэсэн явуургүй арга нь эцэстээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд буйг нэр дэвшигчдийн пиарын багийнхан анзаарч байгаа болов уу. Хүчирхийлэл, талцалд уриалсан энэ бүх алхам 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг үймээнд хөтлөхгүй гэсэн баталгаа байна уу.

ТАВИЛТТАЙ ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫГ ХЭН БИЧИВ

Сонгуулийн сурталчилгааны явцад ямар жүжиг өрнөж байна вэ. Эхлээд нэгнээ эрлийз, хурлийз болгохоор зүтгэв. Энэ бол хуучны “сонгодог” сэдэв л дээ. Урд хөршдөө таагүй ханддаг олон хүний сэтгэлгээн дээр нааддаг арга. Гэвч үеэ өнгөрөөсөн. Монголчууд иймэрхүү зүйлд хууртахаа больсон.

Удаах гол сэдэв бол идэж, уусныг нь зарлах. Х.Баттулгын “барьсан” төмөр зам, М.Энхболдын хийсэн газрын наймааны асуудлыг сөхөх нь пиарчдын хувьд мөн л уламжлал. Өнгөрсөн долоо хоногийн хувьд МАН-ынхны “60 тэрбум төгрөг”-ийн тухай бичлэг гол сэдэв байлаа. Төрийн албыг хэрхэн зарж, дээрх хэмжээний мөнгө босгох тухай үнэхээр ноцтой яриа. Гэвч ийм төлөвлөгөө гаргасан хүмүүст хариуцлага тооцохын оронд бичлэг хийсэн залууг тойрон “бүжив”.

Өрсөлдөгчийнх нь “но”-г дэлгэсэн хүнийг АН-ынхан ивээлдээ авчээ. Гэтэл МАН-ынхан түүнийг АН-ынхнаас “хамгаалъя” гээд байдаг. Үнэн энэ зуурт нь үнэгүйдэв. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт Г.Доржзодов нуугдсан нь ч сонин. Гишүүн асны нөхөр нь АНУ-ын иргэн. Тиймээс цагдаагийнхан гэрт нь орж чадахгүй болов. Мөн МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар солонгос хүнээс 50 сая вон авч буй бичлэг ч анхаарлаас гадуур өнгөрсөнгүй.

Энэ бүхэн харийнхан манай улсын сонгуульд оролцоод буй юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлж байна. Тавилттай жүжгийг хилийн гаднаас дэглэж байна гэх хардлага ч гараад эхэллээ. Нэгнээ харлуулах, шоудах гэсэн явцуухан алхмынх нь гор үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүртэл газар авч, Монголын төрийн сонгуульд харийнхан гараа дүрж, бид дотооддоо хэрхэн алалцаж буйг тайван харж сууна.

Эв нэгдлийн бэлгэдэл болохоор өрсөлдөж буй эрхмүүд иргэдээ талцуулах, эвдрэлцүүлэхэд л санаа тавьж буй нь ч гайхмаар. Бид эвдрэлцвэл харийнханд л ашигтай. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад иймэрхүү дотоод талцал “өнгөт хувьсгал” гарах нөхцөл болсон байдаг. Уг нь тэдний “чиглэл”-гүйгээр төр, улсаа төхнүүлэх ёстой тусгаар Монгол Улс шүү дээ.

ҮНДСЭН УТГАА АЛДСАН ӨРСӨЛДӨӨН

Сонгууль бол доромжлол, гүтгэлэг, хар пиарын “дайн” биш, үзэл бодол, хийсэн, хийх ажлын өрсөлдөөн байх ёстой. Ерөнхийлөгч болбол ямар бодлого баримталж ажиллах юм, юуг хэрхэн өөрчилж, сайжруулах вэ, улс орны хөгжил дэвшилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ ярьсан бол гоё харагдах байлаа. Мэтгэлцээн л зохион байгуулчихвал энэ бүхнийг мэдчихнэ гэсэн өрөөсгөл хандлага бас бий.

Гэвч нэр дэвшигчид бүгд олны танил. Өнгөрсөн он жилүүдэд хэн нь юу хийсэн, ямар гавьяа байгуулсныг бид мэднэ. Одоо гэнэт сайхан яриад л хуучин мөрөө баллачихгүй. Тэгээд ч монголчуудын сэтгэхүй өөр, мэтгэлцээн үзээд сонголтоо өөрчлөх, шийдэх нь тийм ч олонгүй байх. Энэ талаар нарийвчилсан судалгаа үгүй ч “Мэтгэлцээний дараа нийт сонгогчийн таван хувь нь л ямар сонголт хийхээ шийддэг” гэсэн албан бус мэдээлэл бий. Мэтгэлцээн зарлаад хоёр удаа хойшилсон хэдий ч энэ сарын 24-нд буюу сурталчилгааны эцсийн өдөр болно гэж буй.

Юутай ч бодит байдал дээр бодлогоор биш, хар пиараар л хоорондоо уралцаж байна. Өрсөлдөөний үндсэн утга алдагджээ. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага энэ мэт хар пиарыг нь хөгжөөж, улстөрчдийн талцлыг дэвэргэн, иргэдээ хүчирхийлэл, талцалд уриалж буй нь харамсалтай. Хар мэдээллийн “дарангуйлал”-д автсан иргэдээ цааш түлхэх биш, бодит, тэнцвэртэй мэдээллээр сэхээрүүлэх нь бидний үүрэг. Хар мэдээллийн сүүдэр нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгоно.

Гэхдээ бүх сонгогч тэнэг биш. Бүгд тархиа угаалгаж, нөлөөнд автахгүй. Тиймээс нэр дэвшигчдийн хөлсний “найруулагч”-дын тавьж буй жүжиг зарим талаар бидэнд сонголт хийхэд тусалж буйг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэн нь хэн бэ гэдгийг үйлдлээс нь таньж болно. Хэн өрсөлдөгчөө гутааж, гүтгэж, харлуулж байна. Хэн эхнэр, хүүхэд, гэр бүл, үнэт зүйл рүү нь давшилж байна, тэр хэрээр өөрийнхөө ямар өчүүхнийг зарлаж буй хэрэг. Мөн энэ бүх хар пиар нийгэмд бугшсан хар барааныг ил гаргав. Хэн нь ч сонгогдсон бай үүнийг арилгахын төлөө ажиллах учиртай.

Гуравхан нэр дэвшигчтэй уг сонгууль гурван сая иргэнээ хамруулсан талцал, үймээнд хүргэчихгүй дуусаасай гэж залбиръя. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Улс оронд тогтвортой төр, ард түмэнд тайван амьдрал л чухал. Төрийн сонгуулиа хүчирхийлэлгүй, хүний амь гарздахгүй, цус урсгахгүй явуулчихвал хэн сонгогдох нь ч одоо дүүрчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай