К.Роналду үлдэх үү, эс үлдэх үү

Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч К.Роналдуг тойрсон дуулиан намжих шинжгүй байна. Саяхан ихэр хүүхэдтэй болсон нэрт хөлбөмбөгчин маань татвараас зугтсан хэргээр шүүхийн хаалга татаж магадгүй болжээ. Испанийн шүүх түүнийг 2011-2014 оны хооронд 15 сая еврог татварт мэдүүлээгүй гэж буруутгасан юм.

Энэ мөнгийг К.Роналду Виржинийн арлууд дахь өөрийн дансандаа нуусан, татварт огт мэдүүлээгүй гэж хууль сахиулагчид хардаж байгаа аж. Өнгөрсөн жил “Барселона” клубийн аргентин довтлогч Л.Месси яг ийм хэрэгт унаж, түүний эцэг Хорсе Мессигийн хамтаар 4.16 сая еврогийн татвар төлөхөөс бултсан хэргээр байцаагдсан билээ. Л.Месси 2007-2009 оны хооронд 20 гаруй компанитай хамтарч ажиллах, ивээн тэтгэгчийн гэрээ байгуулсан юм.

Харин мөнгийг нь Их Британи, Швейцарийн дансаар дамжуулан өөртөө хүлээн авсан гэж буруудсан. Үр дүнд нь аргентин хөлбөмбөгчин таван сая еврог шүүхэд төлж, Испанийн дээд шүүх түүнд 21 сарын ял оноосон билээ. Тус улсын хуулиар анх удаа хэрэгт орсон бол хоёр жилээс доош ял авбал биеэр эдлэхгүй гэсэн заалт бий. Тэгвэл К.Роналдуг бас ийм хувь тавилан хүлээж мэдэх юм. Ийм асуудал мандсаны дараа К.Роналду Испанид үлдэх хүсэлгүй байгаагаа “Реал”-ын удирдлагуудад уламжилсан гэх цуу яриа дэгдэв.

Энэ жил 32 настай ч гялалзаж яваа түүнд агент Хорсе Мендес нь шинэ баг олж өгөхөөр хэлэлцээр хийж эхэлсэн гэх. Түүнийг Английн Манчестер хот руу буцаж, хуучин багтаа нэгдэнэ гэх яриа хамгийн хүчтэй тархаж байна. Ямартай ч Эзэн хааны баг гол довтлогчоо 200 сая еврогоор зарах боломжтой гэж “Marca” сонин үзэж байгаа ч португал эрийг тийм ч амар явуулах хүсэлгүй аж. Харин “Улаан чөтгөрүүд”-ийн менежер Жозе Моуринью К.Роналдуг дахин дасгалжуулахаас дургүйцэхгүй гэнэ.

К.Роналду багтаа үлдэхгүй гэдгээ эртнээс төлөвлөж байсан бололтой. Олон нийтэд зарлахаасаа зургаан долоо хоногийн өмнө “Манчестер Юнайтед”-ийн дасгалжуулагч асан Алекс Ферюусонтой энэ талаар ярилцсан байна. Хэрвээ энэ үнэн бол Аваргуудын лигийн шигшээ тоглолтоос өмнө К.Роналду явах тухай бодож эхэлсэн гэсэн үг. А.Фергюсон бол К.Роналдуг “Манчестер Юнайтед”-ийн тоглогч болоход нөлөөлсөн эрхэм билээ.

Болж буй үйл явдлын талаар К.Роналдугийн агент Хорсе Мендес “Реал”-ийн Ерөнхийлөгч Флорентино Перестэй ярилцсан байна. Х.Мендес мөн хэвлэлийнхэнд өгсөн ярицлагадаа нэртэй хөлбөмбөгчинг багтаа нэгтгэх хүслээ хэд хэдэн баг илэрхийлсэн. Тодруулбал, Англи, Франц, БНХАУ-ын лигийн багаас санал ирсэн аж. Гэхдээ түүнийг цалингаа нэмүүлэх хүслээ илэрхийлж байна гэж үзэх шинжээчид ч бий.

Тэрбээр өнгөрсөн онд “Реал”-тай хийсэн гэрээгээ сунгаж, 2021-2022 он хүртэл хүчин зүтгэхээр болсон. Энэ хугацаанд долоо хоногт татвараа төлөөд 365 мянган еврогийн (жилд татварын дараа 21 сая) цалин авна. Энэ их цалингийнхаа ачаар К.Роналду дэлхийн хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ. Цалингаасаа гадна португал эр “Nike” компанитай байгуулсан гэрээнээс жил бүр 14.1 сая еврогийн орлого олдог бол бусад гэрээнээс дунджаар 7-8 сая евро халаасалдаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай