Гурван улс ХАА-н чиглэлээр хамтран ажиллах боломжтой

Гурван улс ХАА-н чиглэлээр хамтран ажиллах боломжтой

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд болон бүс нутгийн худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр гурван улсын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, төр, хувийн хэвшил хамтран ажиллах нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Тодруулбал, “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм”, “Танхимууд орон нутгийн Засгийн газартай хамтын ажиллагааны дэвшилт, шинэлэг саналаар туршлага солилцох нь” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийжээ.

Түүнчлэн уул уурхай, эрчим хүч, газрын тосны импорт, барилга, тээвэр, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнес сэдвээр салбар хуралдаан хийж, тодорхой саналуудыг хөндсөн байна.

Тухайлбал, ОХУ-ын Томск хотынхон хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярскийнхан хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээ.

ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, хөдөө аж ахуй, хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн байна. Тэгвэл Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж, манай улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүн импортлох боломжтой гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалт үүрэг, зорилгодоо хүрсэн бодит үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу нар санал нэгдсэн байна. МҮХАҮТ-аас санаачлан хөрш гурван орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний уулзалтыг 2004 оноос зохион байгуулж эхэлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай