Жилд 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр Увс аймагт байгуулна

Засгийн газрын болон Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтэд улирлын хамаарлыг багасгах, иргэдэд эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлэх” ажлын хүрээнд Увсын Тариалан суманд мах бэлтгэх үйлдвэр байгуулахаар болжээ.

“Хүмэн нэгдэл” компанийн санаачилгаар Австрийн “Bertschlas­ka” компанийн тоног төхөөрөмж суурилуулан, евро стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бэлтгэх эл үйлдвэр 1000 тоннын хүчин чадалтай байх гэнэ. Тодруулбал, эл үйлдвэрт нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог нийлүүлж, жилдээ 1000 тонн мах бэлтгэж, хагас болон бүрэн боловсруулсан 600 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Үүний тулд малчидтай урьдчилан гэрээ байгуулан, үйлдвэрт нийлүүлэх малыг им, тэмдэг, бар код ашиглаж бүртгэлжүүлэн, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлэх бол цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлэн баталгаажуулж экспортлох гэнэ.

Өдгөө шавыг нь тавиад буй, 11 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар зорьж байгаа мах бэлтгэх үйлдвэрт цөөндөө 70- 80 хүн ажиллуулах гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай