Барилгын салбарынхан иргэдийн саналыг чухалчлав

“Санал, хүсэлт” гэсэн бичигтэй хайрцагны өмнө иргэд дугаарлан зогсчээ. Зарим нь ойролцоох ширээ, сандалд шахалдан сууж, ямар нэг зүйл бичиж байгаа харагдана. Учир явдлыг тодруулбал, өдгөө барилгын салбарт мөрдөж буй хууль тогтоомжийн талаар иргэд санал, гомдлоо илэрхийлж буй нь тэр байж.

Юу нь болж байгаа, аль нь амьдралд хэрэгждэггүй, чирэгдэл учруулдаг тухай үзэл бодлоо илэрхийлж, тухайн хуулийн зүйл заалтыг хэрхэн өөрчилбөл болох талаар саналаа хэлсэн юм. Өнгөрсөн баасан, бямба гаригт Сүхбаатарын талбайд болсон Барилга, хот байгуулалтын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг-2017” арга хэмжээний үеэр иргэдийн санал, хүсэлтийг ийн хүлээн авч, сонссон юм.

Барилга, хот байгуулалттай холбоотой 10 хууль тогтоомжийг шинэчлэн, илүү боловсронгуй болгохоор холбогдох албаны хүмүүс судалж байгаа бөгөөд энэ ажилд нийслэлчүүдийг ч мөн татан оролцууллаа.

Өдөрлөгт хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч, орон сууц, нийтийн аж ахуй зэрэг салбарын голлох төрийн болон төрийн бус мэргэжлийн 30-аад байгууллагынхан оролцов. Тэд иргэдэд салбарын үйлчилгээг ойртуулах үүднээс өдгөө хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, дэвшилт технологийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Мөн барилга, нийтийн аж ахуй, орон сууцны болон газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг энэ үеэр үзүүлсэнд иргэд ам сайтай байв.

Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн Б.Даваадорж “Газрын маргаан үүсчихээд, энэ талаар зөвлөгөө авах гэж ирсэн. Хажуу айлууд хашаагаа тэлж, газраа сунгаснаас болоод миний эзэмшлийн газар руу нэвтэрчихлээ. Үүнээс болоод эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Энэ асуудлыг яаж шийдэх талаар нийслэлийн Газрын албаныхнаас асууж, чиглэл авлаа. Газар эзэмшүүлэх захирамж гаргасан Засаг даргадаа хандаад нэмэргүй бол нийслэлийн Засаг дарга, цаашлаад шүүхэд хандах ёстой гэнэ” хэмээн ярьсан юм.

Харин иргэд ямар асуудлаар голдуу мэдээлэл, зөвлөгөө авч байгааг Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүдээс лавлахад “Ипотекийн найман хувийн зээлд хэрхэн хамрагдах талаар ихэвчлэн асууж байна. Мөн агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг өрхүүд урьдчилгаа төлөлгүй орон сууц зээлээр худалдан авах боломж бүрдсэнтэй холбоотойгоор нийслэлийн Газрын санд газраа хэрхэн бүртгүүлж, нийлүүлэх вэ гэдгийг тодруулсан” гэв.

Газар дээр баялаг бүтээгчид гэдэг барилгын салбарынхан хүндхэн нөхцөлд буй, олон зуун, мянган орон сууц эзнээ хүлээн царцсан талаар амтай бүхэн ярих болжээ. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “2017 он барилгын салбарын хөгжилд эргэлт авчрах, ээлтэй, ахицтай жил байна” хэмээн өдөрлөгийн арга хэмжээг нээх үеэрээ онцлов.

Ойрын хугацаанд юу хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, барилгын салбарыг сэрээхийн тулд ямар алхам хийвэл болох талаар түүнээс асуухад “Барилга, бүтээн байгуулалтын салбар бол улс орны хөгжлийн зүтгүүр, эдийн засгийг сэргээх гол хүч байсаар ирсэн. Одоо эдийн засгийн хүндхэн нөхцөлтэй тулаад буй ч түүнийг хэрхэн давах гарцаа мэддэгийн хувьд бид хувийн хэвшлийнхнийгээ дэмжин, хамтдаа хөгжих зарчмыг баримталж байна.

Өндөр үр ашигтай төсөл, хөтөлбөр барилгын салбарт хэрэгжүүлэхээр судалж эхэлсэн. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн, өртөг, дулаан алдагдлыг бууруулж, барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих, бага, дунд орлоготой иргэдийг зээлийн орон сууцаар хангах асуудлыг шийдэхийн тулд амины орон сууцыг ипотекийн зээлээр олгодог болгох, зээлийн хүртээмжийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана.

БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар нийслэлд 1000 айлын орон сууцны цогцолбор байгуулах бэлтгэх ажлыг хангалаа. Энэ цогцолбор ашиглалтад орсноор гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, түрээсийн зардал бууруулахад томоохон дэмжлэг болох юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар мөн хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж өгөхөөр шийдсэн.

Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаар энэхүү хөрөнгийг зөвхөн нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийг бүрэн шийдэхэд зориулахаар боллоо. Барилгын салбарынхан энэ ажилд хэрхэн оролцож, ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг асуудлаар бид өчигдөр (пүрэв гариг)-өөс зөвлөлдөж эхэлсэн. Энэ хөрөнгийг бодитой, үр дүнтэй, зөв зарцуулах юм бол барилгын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой.

Нээлттэй хаалганы өдөрлөгт нэгдсэн байгууллагуудын оролцоотойгоор үүнийг шийдэж, Засгийн газарт танилцуулахаар зэхэж байна” гэв. Барилга, орон сууцнуудын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг төр хариуцан, шийддэг болчихвол орон сууцны зах зээлийн дундаж үнэ буурч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэнэ гэж тэрбээр үзэж буй аж.

Харин Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд “Газар, хот байгуулалт, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд салбарын хөгжилтэй шууд хамааралтай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын нэгдсэн бодлого бүхий удирдлагын нэгдсэн тогтолцоо бий болгоход онцгойлон анхаарч байгаа” гэж ярилаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай