“Нисдэг тэрэг”-ээр тараасан мөнгө

“Нисдэг тэрэг” хочит, цагаан сахалтай Бен Бернанке гэж еврей эр байх. Түүнийг Стэнфорд, Пристоны их сургуульд олон жил багшлахдаа дэлхийн эдийн засгийн хямралуудын учир шалтгааныг хамгийн сайн судалсан эдийн засгийн профессор гэдэг. АНУ-ын толгой эдийн засагч Бен “Эдийн засгийн хямралын үед нисдэг тэргээр мөнгө тараах ёстой” гэж номлодог.

Иймээс ч “Нисдэг тэрэг” хэмээх хочийг нэрийнхээ өмнө зүүжээ. Түүнийг улсынхаа Холбооны нөөцийн банкийг 2006-2014 онд удирдах үед дэлхийн эдийн засгийн ээлжит хямрал тохиосон билээ. АНУ-ын орон сууцны моргейжийн зах зээлийн уналт “Lehman brothers” банкийг 2009 онд дампууруулснаар хямрал эхэлсэн юм.

Бен эдийн засгийн хямралын үед Төвбанк тодорхой салбарт санхүүжилт хийж, өөдөөс нь тэмцэх арга хэмжээ авах учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тээвэр, шатахууны экспорт, банк ч юм уу тухайлсан салбарын компаниудад Төвбанк зээл олгоно, тэр нь эдийн засгийн хямралыг зөөлрүүлэх зүтгүүр болох ёстой аж. Бас тухайн салбарт бугшсан бэрхшээл, хүндрэлийг шийдэж, зөв замд нь оруулах учиртай гэж номлодог.

Ингээд “биеийн байдал” нь сайжирсны дараа Төвбанк санхүүжилтээ нэг мөсөн зогсооно. Сонгосон салбартаа Төвбанк шууд санхүүжилт хийдэг учраас тэр нисдэг тэргээр мөнгө ачиж очоод, тэнгэрээс хаяж байгаатай бодлогоо зүйрлэдэг юм.

2009 оны хямралын үед Бен Бернанке Европын Төвбанк, Швейцарийн Үндэсний банктай свопын шугамаа өргөсгөжээ. Мөн өөр долоон улсын Төвбанктай валютын своп хэлцэл байгуулсан аж. Бодлогынхоо хүүг бараг тэгтэй тэнцүүлж, санхүүгийн системийг тогтворжуулахын тулд 700 тэрбум ам.доллар “хэвлэх” зөвшөөрлийг Конгрессоос авсан юм. Тэр 700 тэрбум ам.доллароо “нисдэг тэрэг”-нд ачаад хөдөлсөн мэдээж.

Бений “нисдэг тэрэг”-ээр мөнгө тараах бодлогыг нэгэн монгол эр эх орондоо хэрэгжүүлэх түүхэн хувь зохиолтой байж. Тэр эрийг Н.Золжаргал гэдэг. Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оноос нэгдүгээр хүнээр томилогдсон тэрбээр өнгөрсөн жилүүдэд нийтдээ долоон их наяд төгрөг “нисдэг тэрэг”-ээр тараав. Мөнгө ачсан “нисдэг тэрэг” хаана, хаана буусныг монголчууд гадарлана.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд компаниудад нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүний дөрвөн их наяд төгрөгийг орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгоход зарцуулсан нь “нисдэг тэрэг”-нээс буулгасан хамгийн их мөнгө. Үлдсэнийг нь нүүрсний нөөц бүрдүүлэх, цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд, мах, гурил, шатахуун, барилгын материалын үнийг тогтворжуулахад зарцуулсан.

Мөн ноолуурын үйлдвэрлэл, экспортыг дэмжихэд 29.7, АСЕМ буюу Ази, Европын орнуудын удирдагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах түнш зочид буудлуудад 108, өндөр зэрэглэлийн зочид хүлээн авах “АСЕМ Вилла” хотхон барихад 125 тэрбум төгрөг зээлжээ. Үүгээр зогсохгүй Засгийн газрын 2015-2016 онд хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрийг санхүүжүүлэх үнэт цаасыг 449.7 сая төгрөгөөр худалдан авсан байдаг.

УИХ-ын 2016 оны сонгуульд ялж, төрийн эрх барьсан МАН-ынхан “Сайн” хөтөлбөрийг зогсоов. Уг хөтөлбөр “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” гэж цааш гурав задарч байлаа. “Сайн малчин” хөтөлбөрийн зорилго нь малыг эрүүлжүүлэх, “Сайн оюутан”-ых нь иргэдийн боловсролыг дээшлүүлэх байв.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны гуравны нэгийг Засгийн газар эргүүлэн худалдан авсан “Сайн хувьцаа” хөтөлбөр улс төрийн зорилготой байсантай хэн ч маргадаггүй. Зарим шинжээч “Сайн” хөтөлбөрийг бүхэлдээ сонгуульд санал авах улс төрийн зорилготой байсан гэж үзэх нь ч бий. Төвбанк “Сайн” хөтөлбөр, ялангуяа “Сайн хувьцаа”-нд, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид, АСЕМ-ын түнш зочид буудлууд, “АСЕМ Bилла” хотхон барьсан компаниуд улс төрийн шахалтаар зээл олгосон дүр зураг ажиглагддаг.

Монголбанкны хараат бус байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлээгүйгээс “нисдэг тэрэг” мөнгөө буруу газар буулгасан явдал мэр сэр бий. Юутай ч Бен Бернанкегийн заасан замаар Н.Золжаргал явж, долоон их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн нь Монголын эдийн засгийн уналтын үеийн тод үзэгдэл болсон юм.

Мөнгө хэвлэн санхүүжилт хийхийг мөнгөний уламжлалт бус бодлого баримтлах гэдэг. Уламжлалт бус бодлогыг эсэргүүцдэг эдийн засагч өчнөөн бий. Тэдний нүдэнд Н.Золжаргал Монголын “эдийн засгийн алуурчин” мэт хорсолтой харагдаж байгаа нь дамжиггүй. “Монголын эдийн засгийг хямраасан” эзэн нь Н.Золжаргал гэх дуу хоолой байнга сонсогддог ч сүүлийн үед чангарч эхэллээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтээ өнгөрсөн сард танилцуулав.

Тэд Төвбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласныг илрүүлжээ. Энэ бол Н.Золжаргалын тарьсан балаг гэж зарлав. Монголбанк арилжааны банк шиг ашигтай ажиллах ёстой юм байна гэсэн логик тэдний үгнээс цухалзана. Төвбанк санхүүгийн зах зээлээр дамжуулж улс орны эдийн засгийн менежментийг удирддаг. Санхүүгийн салбар савлавал эдийн засгаа хямраадаг.

Тиймээс санхүүгийн салбараа тогтвортой, дөлгөөн байлгахын төлөө улс бүрийн Төвбанк мачийдаг зүй тогтолтой. Заавал ашигтай ажиллах ёстой гэвэл санхүүгийн салбараа үл хэрэгсээд арилжааны банк шиг мөнгөний хойноос хөөцөлдөх хэрэг үү. Ингэвэл Төвбанктай байх утга учир алдагдана. Эдийн засаг нь хүндэрсэн улс бүрийн Төвбанк их бага хэмжээгээр алдагдал хүлээж, нуруундаа ачаа үүрдэг нь тогтолцооны жам.

Гурван их наяд төгрөгийн алдагдал гаргасан нь эдийн засгийн хүндрэлийн өөдөөс хэрхэн тэмцсэнийг нь харуулсан тоо гээд ойлгочих. Заримдаа манай улстөрчид савлуур дээр суусан саваагүй хүүхэд шиг гэнэн мэдэгдэл хийх юм даа.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 60 мянган айлыг тохилог орон сууцтай, Улаанбаатар хотыг стандартад нийцсэн хүнсний агуулахуудтай болгосон, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Бас АСЕМ-аа амжилттай зохион байгуулсан гээд тоочиж болно. Энэ бүхнийг хийхийн тулд “Эдийн засгаа алсан биз дээ. Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна” гээд чарлаж ч болно.

Гэхдээ энүүхнээр мөнгөний нийлүүлэлтийн эдийн засаг дахь үр дүнг хэмжих нь өрөөсгөл. Макро эдийн засгийн учир зүйн шалтгаантай, энгийн хүний толгойг эргүүлэм маш өргөн ойлголт энд яригдана.

Монголбанкнаас “нисдэг тэрэг”-ээр зөөсөн мөнгө валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, валютын ханшийг хөөрөгдсөн гэж зарим эдийн засагч үздэг. Ийм мэтгэлцээний өөдөөс Харвардын их сургуульд “Төвбанкны уламжлалт ба уламжлалт бус мөнгөний бодлого” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар мордсон Н.Золжаргал “Хэрэв долоон их наяд төгрөг зах зээлд нийлүүлээгүй бол эдийн засаг 10 хувиар агшиж, 100 мянган хүн ажилгүй болох байсан. Эдийн засгийн хямрал нийгмийн хямрал болон хувирч, эмх замбараагүй байдал үүсэх байлаа. Эдийн засгаа сэргээх, ажлын байр бий болгох өртөг долоон их наяд төгрөгөөс үнэтэй тусна” хэмээн хариулдаг.

Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчийн суудлаас буухаасаа өмнө хэрэгжүүлсэн бодлогоо “Зөөлөн газардуулах” гэж томъёолсон. Эдийн засгийн өсөлтийг хасах руу оруулаагүй, уул уурхайгаас халагдсан ажлын байрыг барилга, хөдөө аж ахуйн салбар руу шингээж, ажлын байрыг хадгалж чадсанаа ийн нэрийддэг юм. Магадгүй түүний үгэнд үл итгэгч олон таарах байх. Гэхдээ Монголбанкинд төсвийн орлого, зарлага, эдийн засгийн төлөвийг хол зөрүүгүй баримжаалдаг чадалтай эдийн засагчид ажилладаг учраас итгэх хэрэгтэй мэт.

Одоо тоо бодьё. 2012 онтой харьцуулахад 2013-2014 онд 6.4, 2013-2015 онд 10.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтын дутагдал үүссэнийг Монголбанкныхан тооцсон байдаг. Үүний зэрэгцээ 2013-2015 онд экспортын орлого 1.1 тэрбум, банкуудын гадаад гүйлгээгээр орж ирдэг валютын урсгалын нийт хэмжээ 4.1 тэрбум ам.доллароор буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбумаас 2015 он гэхэд 82 сая ам.доллар болтлоо буурсныг цувралын өмнөх “Хөрөнгө оруулалтын эмгэнэлт жүжиг” нийтлэлдээ дурдсаныг санаж байна уу.

Энэ бол Монголд ам.доллар орж ирэх нь эрс багассаныг харуулсан тоо. Ингээд манай улс төлбөрийн тэнцлийн хямралд унасан. Энгийнээр тайлбарлавал, манай улс руу орж ирсэн валютын урсгал саатаж, гадаадад төлөх төлбөрөө хийж чадахгүйд хүрсэн гэсэн үг. Манайхан бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна оюутны сургалтын төлбөр, эмчилгээний зардал гээд бүх л төлбөрөө гадаад валютаар шилжүүлдэг шүү дээ. Дутагдлаа ямар нэгэн аргаар нөхөх шаардлагатай. Тэгэхгүй бол гадаадаас авах бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлж чадахгүй.

Ингээд Засгийн газар “Чингис”, “Самурай”, “Дим Сам” бонд гаргасан, Монголбанк Хятадын Ардын банкнаас спов хэлцлийн дагуу 12 тэрбум юань авч хэрэглэсэн. Ингэж гадаад төлбөр, валютынхаа дутагдлыг нөхөж, ам.долларын ханш “тэнгэрт хадаж”, санхүүгийн “түйвээн” болгохоос сэргийлж ирсэн. Дөрвөн тэрбум ам.доллар давсан валютын нөөцөө ч нэг тэрбум болтол дундалсан. Төвбанк ам.долларын ханшийг тогтвортой барихын тулд 2012 оноос хойш нийт долоон тэрбум ам.долларын интервенц хийсэн баримт бий.

Засгийн газар бондуудаараа зөвхөн эдийн засгаа тэтгэх төслүүдэд зээл олгоно гэж ам гарсан. Гэсэн ч төсвийн алдагдлаа танахгүй, олсон мөнгөөрөө төсвийн хөрөнгө оруулалт хийж, Төвбанкиндаа хаалт болсон бодлогын алдаа ч өнгөрсөн цагт бий. Бен Бернанке ам.доллароо хэвлээд “нисдэг тэрэг”-нд суусан байх. Тэгвэл Н.Золжаргал “нисдэг тэрэг”-ндээ нэг гартаа Засгийн газрын олж өгсөн ам.доллартой, нөгөөхдөө төгрөгтэй суусан. Ам.доллароороо гадаадад орнуудаас авсан хэрэглээнийхээ төлбөрийг хийж, ханшаа барьж, нөгөө гараараа эдийн засгийн уналтыг зөөлрүүлэх мөнгө зах зээлд нийлүүлсэн.

Уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг 2013 онд Монголбанк санхүүжүүлж эхлэхэд эдийн засагч А.Мөнхбаяр “Ийм их мөнгө нийлүүлбэл инфляц өсөж эдийн засгийн халуурал болно” гэж ярьж байв. Харин долоон их наяд төгрөг нийлүүлсний дараа Монголын эдийн засагт дифляц болсон. Мөнгөний хомсдол үүсэж, дифляц буюу бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч байгаа нь нийлүүлсэн мөнгө багадсаны илэрхийлэл юм.

Тогоотой усыг буцалгахаар ширгэдэг. Түүнтэй адил өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засаг ширгэж байж. Ус нэмэхтэй адил мөнгө нэмээд байхад л гадаад худалдааны эргэлт хумигдаад, инфляц буураад л байв. Өөрөөр хэлбэл, долоон их наяд төгрөгийг хямрал руу уруудаж буй эдийн засаг ямар ч хальж сагах юмгүй шингээгээд авчихсан хэрэг.

Н.Золжаргалын хэвлэсэн мөнгө Монголын эдийн засгийг унагасан уу, унахаас нь сэргийлсэн үү гэдэгт “саваагүй” улстөрчид биш, хөндлөнгийн шинжээчдийн байр суурийг сонсмоор байна. Хэрэв долоон их наяд төгрөг зах зээлд нийлүүлээгүй бол өдгөө биш гурван жилийн өмнө манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, “сэхээн амьдруулах тасаг”-т нь хэвтэх байсан нь гарцаагүй. Одоо бид ам.долларын дутагдлаа ОУВС-гийн зээлээр нөхөх бодлогын сонголт хийчихээд байна. “Нисдэг тэрэг”-ээр тараасан мөнгөний тухай хөндөхөд нэг ийм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай