Дэлхийн банк эрчим хүчний салбарт санхүүжилт олгоно

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад “Эрчим хүчний салбарын төсөл-2”-ыг хэрэгжүүлэхэд зориулан 54.4 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Үүний хүрээнд цахилгаан түгээх компаниудын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх нь.

Мөн нарнаас эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулах аж. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхүүдийн амьжиргааг сайжруулж, бизнес эрхлэгчид өсөж дэвжихэд нөлөөтэй. Тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэхэд Дэлхийн банкны зүгээс Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Цахилгаан түгээх сүлжээ хуучирч, үр ашиггүй ажиллаж буйгаас шалтгаалж алдагдал нэмэгдэн, зарим үед 25 хувьд хүрдэг байна. Бүсийн түгээх сүлжээний хүчин чадлыг дээд цэгт нь тултал ажиллуулж буй бөгөөд засвар хийн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Дээрх санхүүжилтийг Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд зарцуулах гэнэ.

Уг хоёр сүлжээ нь есөн аймагт эрчим хүч түгээдэг юм байна. Үүнээс гадна Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс гаднах анхны, нарны том хэмжээний цахилгаан станц барьж, алслагдсан орон нутагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, 10 мВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад оруулан, нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг хямд, цэвэр эрчим хүчээр хангах аж. Дээрх төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Уур амьсгалын стратегийн сангийн Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай