Хөвгүүд эх орондоо тангараг өргөлөө

Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ

чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон

минь бий

Сая ардын итгэл багтсан Сүхийн их

талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий

нутаг минь бий...

Тусгаар улсынхаа дархан хилийг манаж буй цэрэг эрс, манаанд зогсохоор зэхэж буй хөвгүүдийн цээжинд эх орон нь ийм үнэ цэнэтэй байдаг. Цээжиндээ эх орноо ингэж нандигнан, Хилийн 0164 дүгээр ангид алба хаахаар ирсэн хөвгүүд өчигдөр эр цэрэг болж, тангараг өргөлөө.

Тус ангид алба хааж буй залуус Сэлэнгэ, Сүхбаатар, Увс гээд улсынхаа өнцөг булан бүрээс иржээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард жинхэнэ эр цэрэг болгодог бэлтгэл, сургуулилалтад хамрагдаж, үүрэг даалгавраа амжилттай биелүүлсэн учраас ийнхүү тангараг өргөж буй юм. “Цэргийн алба бодит байдал дээр бидний төсөөллөөс илүү байдаг юм байна. Тайлбарлахын аргагүй хийморлог санагдлаа. Үг дааж сурахаас авахуулаад оновчтой шийдвэр гаргах гээд их зүйлийг өнгөрсөн нэг сарын хугацаанд мэдэж авсан. Цэргийн алба хүнийг хатуужуулж, эр хүн болгодог гэдэг үнэн юм байна. Аранзал тугнаасаа адис авч, эх орны хүү болж байгаадаа баяртай байна” хэмээн тэд энэ үеэр ярив.

Тангараг өргөх ёслолд Хууль зүй, дотоод хэргийн сайд, ХХЕГ-ын удирдлагууд зэрэг албаныхан болон цэргүүдийн ар гэрийнхэн оролцсон юм. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас тус ангид алба хаахаар ирсэн зээ хүүгийнхээ тангараг өргөхийг харж зогссон Н.Өлзийхутаг гуай “Би энэ ангид алба хаасан. Одоо зээ хүү маань эндэхийн байлдагч боллоо. Хүүгээ цэрэгт мордуулсан аав, ээж хүссэн үедээ тэдэнтэйгээ уулзаж болдог юм байна.

Ингэж цэргийн амьдралыг нээлттэй болгосон нь сайшаалтай санагдлаа” хэмээн ярьсан юм. Тангараг өргөх ёслолын үеэр цэргийн анхан шатны мэдлэгээ амжилттай эзэмшсэн алба хаагчдыг “Хилийн төлөө”, “Тэргүүний хилчин байдагч” тэмдэгээр шагналаа. Тухайлбал, байлдагч Г.Ууганбаяр хурд, авхаалж самбаараагаа салаанаасаа тодорч “Хилийн төлөө” тэмдэгээр шагнуулсан бол Б.Батцогт “Тэргүүний хилчин” байлдагч болсон юм. Тэрбээр цэргийн анхан шатны бүх хичээлийнхээ шалгалтыг онц өгч, сүүлийн хэдэн жил эл ангид байгаагүй амжилт гаргажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай