Б.Маралжингоо: Энгийн, шударга л явъя

Долгионтой урт үс, хар нүдний шилээр гоёсон үл ялиг мяраалаг охин Монголын орчин үеийн хөгжмийн урлагт чадалтай хоолой, этгээд хэв маягаараа хүч түрэн орж ирснээс хойш арваад жил өнгөрчээ.

Б.Маралжингоо өдгөө сонсогчдын “амандаа хүлхдэг” олон хит дууны эзэн, чадварлаг дуучин болчихсон явна. Тэрбээр бие даасан анхны тоглолтоо “Хүлээсэн учрал” хэмээх дуугаараа нэрлэн энэ сарын 17-нд “Cro­cus event hall”-д үзэгчдэд хүргэх гэж байна. Түүнтэй ярилцлаа.

-Монголын хөгжмийн ертөнцөд хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Дуулж эхэлсэн 14 настай охин, өнөөдрийн Маралжингоо болтол хэр өөрчлөгдөв?

-Багаасаа л дуулах дуртай охин байлаа. Жаахан муухайгаар хэлэхэд хаа ч явсан гингэнэж явна. Дунд ангиасаа эхлээд гадаадын алдартай дуучдын дууг дагаж дуулдаг байв. Ингэж л би энэ мэргэжилд, урлагт дурласан. Тийм ч учраас хүч сорьж явна. Анх дуулж эхэлснээ бодвол өөрчлөгдөлгүй яах вэ.

Өмнө нь дууныхаа утгыг ч бүрэн ойлголгүй, сэтгэл хөдлөлд автан, дутуу дуулдаг байж. Одоо бол юмны наадах цаадахыг арай илүү ялгадаг болж байна. Тэр хэрээр уран бүтээлийнхээ утга, агуулгад анхаарч, дуугаа хүмүүсийн чихэнд биш, сэтгэлд хоногштол дуулахыг хичээдэг болсон.

-Бусад дуучныг бодвол цөөхөн атлаа чанартай уран бүтээл гаргадаг нь таны онцлог байх. Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?

-Нээрэн, бусадтай харьцуулахад цөөхөн дуутай. Гэхдээ залхуурч байгаа хэрэг биш л дээ. Аль болох чанартай уран бүтээл “төрүүлэх”-ийг хүсдэг юм. Энэ жил гэхэд “Огторгуйд замхрахаас өмнө”, “Miss you” гэж хоёр шинэ дуу, нэг клип үзэгчдэд хүргэсэн байна.

-Дуулах, олонд танигдахад тань “Nature sound” студи нэлээд том гүүр болсон байх. Мэргэжлийн сургуульд нь суралцалгүй энэ студид суралцах болсон шалтгаан юу байв?

-Дуулах дуртай болохоороо л тэр. Анх FM-ээр зар явахыг сонсоод ээж надад “Очиж шалгуулаач” гэж санал тавьсан. Маргааш нь би автобусаар явж байгаад “Дуучин болох хүсэлтэй хүүхдүүд шалгаруулж авна” гэхийг сонсоод Б.Дашдондог ахын студид очиж шалгуулаад тэнцсэн.

Тэр дамжаанд сурч байхдаа дуучин болоход авьяасаас гадна маш их зүйл сурах хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Тэнд сурч байхдаа би “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг найруулагч Г.Цоггэрэл ахын санал болгосноор анх дуулсан. Энэ дуу намайг хамгийн анх таниулсан байх шүү.

-“В” продакшны уран бүтээлч байх үедээ та олонд ид танигдаж, хит дуунууд тань “мэндэлсэн”. Хэрхэн эл продакшнтай хамтран ажиллах болов?

-“В” продакшнтай хоёр жил хамтарч ажиллаад, гэрээгээ дуусгаад л гарсан. Д.Болд ахаас өмнө нь хэнээс ч сураагүй их зүйл сурсан шүү. Дууны бичлэг хийлгэх болгондоо нэгийг сурч, шинэ зүйлс мэдэж авдаг байлаа. Д.Болд ахын ээж Ж.Цэцгээ багш дуулах ур зүйн тал дээр үнэтэй зөвлөгөө өгч, хоолойн дасгал уншуулдаг байсан.

ХБК-д долоон жил төгөлдөр хуурч мэргэжлээр сурсан болохоор тодорхой хэмжээнд хөгжмийн онол, нотны мэдлэгтэй байсан ч сайн дуучин болоход амьсгаагаа зөв хуваарилахаас эхлээд маш их зүйл сурах хэрэгтэй гэдгийг илүү сайн мэдэрсэн. Дуулах ур зүй, хөдөлмөрлөхийг рок попын ах эгч нараасаа өдийг хүртэл суралцаад явж байна.

-Одоо “Ocean grey” студийн албан ёсны артист болсон гэсэн. Уран бүтээлчид энэ ямар ашигтай вэ?

-Өнгөрсөн хавраас энэ студийн албан ёсны уран бүтээлч боллоо. Олон шинэ уран бүтээл туурвихаар ажиллаж байна. Мэдээж аль нэг студи, продакшны уран бүтээлч болох нь дуучдад уран бүтээлээ түргэн шуурхай гаргах, сонсогчдод түгээх гэх зэрэг олон давуу болон ашигтай талтай.

-Анхны тоглолтоо ямар байгаасай гэж төсөөлж, мөрөөддөг байсан бэ. “Хүлээсэн учрал” тоглолтоо тэр хэмжээндээ хийж чадах нь уу?

-Маш гоёор төсөөлдөг байсан. Гэхдээ мөрөөдөхийн хэрээр эмээдэг байлаа. Харин энэ удаад зориглох гэж байна. Миний дууг сонсдог, намайг дэмждэг хүмүүст нэгэн сайхан оройг бэлэглэж, хамт өнгөрүүлэх гэсэн юм. Арав гаруй жилийн хугацаанд нэлээд олон уран бүтээлтэй боллоо. Одоо л түүнийгээ хүмүүст тайлагная гэж шийдсэн минь энэ. Сонирхолтой тоглолт болно гэж найдаж байгаа.

-Тоглолтын бүх дуугаа амьдаар, хөгжимчидтэй хамтран дуулах юм билээ. Яагаад “A Sound” хамтлагийн хөгжимчдийг онцлон сонгов?

-Зарим дууныхаа найруулгыг шинэчлэн хүмүүст хүргэх юм. Тийм болохоор бүх дуугаа амьдаар дуулна. “A Sound” хамтлагтай гар нийлэн ажиллана гэж бодож сонгосон. Бодсон минь талаар болсонгүй.

-Та “Дуулах дуртай, дуунд хайртай аавынхаа занг өвлөж төрсөн” гэж нэг ярилцлагадаа дурдсан байсан. Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Аав минь гаалийн, ээж төрийн байгууллагад удаан ажилласан. Хийж буй ажилдаа үнэнч, сэтгэл хангалуун байдаг улс. Тиймээс ч тэднээсээ хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах, зарчимч занг нь суралцахыг хичээдэг юм. Хэдийгээр дуулж хуурддаг хүмүүс биш ч надаас илүү урлагийн мэдрэмжтэй, урлагт хайртай. Тиймдээ ч ганц охиноо цаг үргэлж дэмжиж, анхаарч ирсэн. Тэдэндээ маш их талархдаг.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын дунд охин. Ахтай, бас эрэгтэй дүүтэй.

-Таны өвөө Ч.Цэрэннадмидыг Монголын үзэгчид андахгүй. Багаасаа урлагт хайртай байж, урлагт хөл тавихад өвөөгийн тань нөлөө байсан болов уу. Ер нь та авьяас удамшдаг гэдэгт итгэдэг үү?

-Харамсалтай нь би хоёр өвөөгөө хараагүй. “Энэ хүүхнүүд үү”-гийн Идэр, “Тунгалаг Тамир”-ын Бадарч тахарын дүрээр үзэгчдэд танил болсон Ч.Цэрэннадмид өвөө ээжийн минь аав. Тэр хүний үр хүүхэд л юм хойно, авьяасынх нь жаахан хэлтэрхий надад байгаа л байх.

-Ер нь танай удамд урлагийн өөр хүмүүс байдаг уу?

-Өвөөгөөс өөр жүжигчин хүн байхгүй. Харин аавын удамд уртын дуучин хүн байсан гэсэн. Одоо бол надаас өөр байхгүй ээ.

-Биеэ авч яваа байдал, аливаад хандаж байгаа хандлагыг тань харахад их тайван, бас жаахан хэнэггүй мэт харагддаг. Та ямар зан чанартай хүн бэ?

-Өөрийгөө тийм ийм гэж дүгнэх нь жаахан сонин л юм. Тайван гэдэг ч үнэн шүү. Аливаад яарч адгах дургүй. Гэрийнхэн, дотнын найзууд маань намайг шударга зантай л гэдэг. Тэгэхээр тийм байж магад.

-Сүүлийн үеийн уран бүтээлчид залхуу болж, ам барьдаг гэхчилэн багагүй хэл аманд өртдөг. Харин та л тэр байнд оногддоггүй юм шиг. Байнгын бэлтгэл сургуулилалт хийдэгтэй холбоотой юу?

-Багаасаа сонгодог хөгжмөөр хичээллэж, үзэл болоо чөлөөтэй илэрхийлдэг байсан минь дуучин болоход хамгийн их нөлөөлсөн байх. Харин нэгэнт дуучин нэр зүүсэн л бол дуулж чаддаг байх хэрэгтэй, тийм үү. Мөн тухайн дууг дуулж байхдаа юу мэдэрч байна, түүнийгээ л сонсогчдод хүргэж чадвал түүнийг дуучин гэж хэлэх байх. Би тэгж л дуулахыг хичээдэг.

-Урлагийнхан олны нүдэнд ил амьдардаг. Тэр хэрээр хүүхэд залууст үлгэр дуурайл болох үүрэгтэй. Та залуусыг өөрийнхөө ямар зан чанар, дадал, хэв маягаас үлгэр дуурайл аваасай гэж боддог вэ?

-Хүн л юм чинь алдаа гаргахгүй явахыг хичээнэ. Алдааг минь бусад хүн буруугаар ашиглах вий гэж болгоомжилдог.

-“Оддын өвчин” тусаж, онгирч явсан үе танд бий юү?

-Тийм үе байхгүй ээ. Хүн энгийн байх тусмаа л сайхан шүү дээ. Шударга, энгийн явъя л гэж боддог юм.

-Та Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нарын бүтээл “Жаргаах зүрхэн” дууг шинэчлэн дуулсан.

Гэхдээ энэ дуунд “автчихсан” мэт харагддаг. Ихэнх тоглолт, арга хэмжээний үеэр энэ дууг заавал онцолж дуулж байхыг тань харсан юм байна. Энэ тийм ид шидтэй дуу юм уу?

-Энэ бол зүгээр нэг дуулчихдаг дуу биш. Ая, үгний гайхамшигт төгс зохицол гэж би боддог юм. “Хүдэн татсан сарьдаг байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа хө” гээд л анх дуулахад хоолой чичирч байх шиг санагдсан. Би энэ дууг тань чин сэтгэлээсээ уусаж дуулдаг.

-Шинэ уран бүтээл туурвихад санхүүгийн бэрхшээл тулгардаг байх. Тиймээс залуу дуучид хүссэнээрээ уран бүтээл хийж чаддаггүй. Та ч бас энэ асуудалтай тулгарсаар өдий хүрсэн биз?

-Хамгийн гол нь зөв менежмент юм билээ. Тэгэхгүй бол алдаж болно. Тийм болохоор маш зөв менежменттэй, бодлоготой, бас юманд их няхуур байх ёстой мэт санагддаг. Гэхдээ би одоо ч аргаа бүрэн олоогүй л явна.

Гэлээ гээд санхүүгийн бэрхшээлээс болоод шантарвал урлагт хөл тавиад яах юм бэ. Зарим үед хэчнээн гоё дуу хийх санаа байсан ч чадахгүй тохиолдол гарна. Зорилгоосоо ухрахгүй л байвал заавал бүтдэг.

-Та ХБК-д төгөлдөр хуурчаар суралцаж, мөн сүүлд уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Монголд зөвхөн урлагаар “хоолоо олж идэхэд” хэцүү юү. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах бодол байдаг уу?

-Зөвхөн уран бүтээл хийгээд түүгээрээ амьдрахад хэцүү шүү дээ. Тийм болохоор өөр чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Одоохондоо тэр мэргэжлээрээ ажиллах болоогүй.

Гэхдээ өндөр хэрэглээтэй хүн биш болохоор би бусдын адил бүх зүйлээ зохицуулаад л амьдарч байна. Залуу хүн болохоор аль болох өөрөө бүгдийг хийх гэж зүтгэдэг.

-Яруу найраг, бас хөгжимд дуртайг тань уншигчид эчнээ мэднэ. Та урлагийн өөр ямар төрөлд шимтдэг вэ?

-“Яг түүн шиг” шоунд оролцсоноос хойш хүмүүс жүжиглэх авьяастай юм байна гэцгээх болсон. Жүжигчин сонирхолтой хэрнээ хэцүү ажил юм билээ. Түүнээс ч болсон уу кинонд тоглож үзэх сэн гэж бодоод байгаа. Бас уран зурагт их дуртай.

-Өөрийн зохиосон дуунуудаар цомог гаргах мөрөөдөлтэй гэж ярьсныг тань мэдэх юм байна. Энэ мөрөөдлөө тээсээр яваа юу. Урын сан нь хэр арвижсан бэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнө зохиосон шүлэг, ая нэлээд бий. Тэр үед зохиосон “Чиний хар шил” гэж дуугаа хав “дарчихсан” байгаа. Тэгж байгаад сонсогчдод хүргэнэ ээ. Аль эртнээс л зохиосон дуунуудаа нэгтгэн цомог гаргах бодол тээж яваа боловч боломж гарахгүй л байна.

-Арван хуруу тэгш, өөгүй хүн хаа ч байхгүй. Таны дутагдал юу вэ?

-Хүн бүхэн л сул талтай. Заримдаа өөрийгөө дутуу үнэлснээс болж олдсон боломжоо алдах нь бий.

-Дутагдлаа засах тал дээр хэр хичээж, өөрийгөө дайчилдаг вэ?

-Засах гэж хичээдэг л юм. Өөрийгөө үнэлж, хийж чаддаг зүйлээ “Би чадна” гэж бардам хэлж, өөртөө урам өгч байх хэрэгтэй юм билээ. Гэхдээ “Би, би” гэж цээжээ дэлдэж, бардамнаж болохгүй.

-Та хийх ажлаа төлөвлөдөг үү. Ойрын болон хэтийн зорилгоосоо хуваалцаач?

-Өдөр тутмын ажлаа нэг бүрчлэн төлөвлөж чаддаггүй. Харин 1-2 жилийн ажлаа төлөвлөөд, хуваарилчихдаг. Аль болох бүтээлч, идэвхтэй амьдрахыг л эрмэлздэг дээ.

-Анхны тоглолтоо үзэгчдэд хүргэчихээд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Сайхан амрах л бодолтой байна. Аялах дуртай болохоор аялж ч магад.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай