П.Орхон С.Батцэцэгийг дахин ялж, ДАШТ-д оролцох эрх авлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн хорхойтнууд чөлөөт бөхийн спортоор “амьсгалж” өнжлөө. Учир нь Монголын чөлөөт бөхийн холбооныхон “Парис-2017” ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорил тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэд өнгөрсөн жил олимпын бус жингийн ДАШТ-д зодоглосон бөхчүүдээ мөн ингэж сонгосныг манай уншигчид санаж буй биз ээ.

Тэмцээнд жин тус бүрт чансаагаараа тэргүүлж буй таван бөх тойргоор барилдан, ялсан нь энэ жилийн улсын аваргатай “Парис-2017”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөв. Тэгэхээр улсын аварга болсон тамирчин шууд шигшээд өрсөлдсөн гэсэн үг. Тэдний түрүүлж хоёр ялсан нь дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөх “тийз”-ээ захиалсан юм.

Сүүлийн хоёр ДАШТ-д аваргын төлөө барилдсан Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг (хоёулаа энэ жил УАШТ-д түрүүлсэн) нар эрүүл мэндийн шалтгааны улмаас сорил тэмцээнийг өнжсөн бол 2017 онд улсын аварга болж, Азийн АШТ-д оролцсон Ө.Батзул (97 кг), Д.Отгонцэцэг (53 кг), Э.Даваачимэг (55 кг), Б.Шоовдор (60 кг), Ш.Түмэнцэцэг нар шигшээд шууд барилдлаа.

Тамирчин бүхэн ДАШТ-д оролцож, эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Эл мөрөөдөлдөө хүрэх эсэхийг нь шийдэх хамгийн том сорилго нь энэ тэмцээн байлаа. Томоохон тэмцээнд хүч сорих шигшээ багийн бүрэлдэхүүнийг тухайн спорт холбоо, дасгалжуулагч нар зөвлөлдөж байгаад сонгодог жишгийг халж, Монголын спортын түүхэнд анх удаа гадна талбайд болсон тус тэмцээний зарим жинд гарсан сонирхолтой барилдааныг тоймлон хүргэе.

Э.БЭХБАЯР ЭРГЭН ИРЛЭЭ

Тэмцээний хамгийн үзүүштэй, хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаанууд энэ жинд болсон. ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, оюутны ДАШТ-ий хүрэл медальт С.Батболд, Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Занабазар нараас гадна залуу үеийн төлөөлөл болох Б.Далайбаяр (“Цастын барс”) нар зодоглосон нь гал гарсан өрсөлдөөнийг бий болгосон юм. Э.Бэхбаяр гавьяат “Рио-2016” олимпоос хойш томоохон тэмцээнд төдийлөн зодоглоогүй.

Энэ жил Энэтхэгийн лигт барилдаж байсан тул УАШТ-д оролцож чадалгүй өнжсөн юм. Харин түүний эзгүйд 2017 оны УАШТ-д С.Батболд түрүүлсэн бол Азийн АШТ-ээс З.Занабазар мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ С.Батболд Азийн АШТ-д хүч сориогүй тул чансааг тэргүүлсэн З.Занабазар шигшээд шууд барилдлаа.

УАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртсэн ч сүүлийн хоёр жил дараалан түрүүгээ алдаад буй Э.Бэхбаяр Б.Далайбаярыг 11:0, С.Батболдыг 8:0-ээр ялж, шигшээд өрсөлдөх эрх авсан. Олимп, дэлхийн дэвжээнд зодоглон, шилдгүүдтэй өрсөлдөөд үзчихсэн Э.Бэхбаяр З.Занабазарыг туршлагаар илүүрхэн яллаа.

Т.ТҮВШИНТУЛГА ДАШТ-Д АНХ УДАА ЗОДОГЛОНО

Хэдийгээр олимпын бус жин ч Монголын 61 кг-ын бөхчүүд дэлхийд алдартай. Тэр хэрээрээ энэ жингийн бөхчүүдийн өрсөлдөөн спортын хорхойтнуудын анхаарлыг үргэлж татдаг. Энэ жил Гавьяат тамирчин Э.Ням-Очир улсын аварга болсон ч Азийн АШТ-д өрсөлдөөгүй тул чансааг тэргүүлсэн оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга шигшээд барилдсан.

Энэ тэмцээнд цахиур хагалж, шилдгүүдийг өвдөг шороодуулсан бөх бол яахын аргагүй “Алдар”-ын Б.Хаш-Эрдэнэ. Тэрбээр УАШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн Азийн аварга Т.Тулгыг 5:0, ДАШТ-ий хүрэл медальт Э.Ням-Очирыг 5:1, УАШТ-ий мөнгөн медальт Д.Цогтбаатарыг 19:9-өөр ялж, Б.Нэмэхбаярт 8:7-гоор дийлдэн, шигшээд шалгарсан. Гэхдээ шигшээд Т.Түвшинтулгыг хараахан дийлсэнгүй. Т.Түвшинтулга түүнийг хоёр барилдаанд дараалан ялж, ДАШТ-д анх удаа өрсөлдөхөөр боллоо.

Н.ЛХАМГАРМАА ДАХИАД ЦАХИУР ХАГАЛАВ

Энэ жинг олимп, дэлхийн дэвжээнд олон жил монголчуудын нүүрийг тахалсан ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаранг жин өгсөн, 70 кг-д зодоглох болсноос хойш түүний орон зайг хэн нөхөх нь чөлөөт бөх сонирхогчдын анхаарлыг гойд татаж буй. Спортын хорхойтнууд энэ тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, улсын аварга Н.Лхамгармаа, Б.Батмагнай нарын дунд гол өрсөлдөөн өрнөх болов уу хэмээн таамаглаж байсан нь хол зөрсөнгүй. 2015 оны УАШТ-д Г.Мандахнаран, Б.Номин нарыг дараалан ялж түрүүлэн, шуугиулсан Б.Батмагнай энэ удаад ч бөх сонирхогчдын таамгийг будилууллаа. Тэрбээр гуравдугаар тойрогт гол өрсөлдөгч болох Б.Номинг 11:6-аар ялж, шигшээд нэг дэвжээнд бэлтгэлээ базаадаг Н.Лхамгармаатай өрсөлдсөн. Тэд хамгийн сүүлд энэ жилийн УАШТ-ий аваргын төлөөх барилдаанд учраа таарахад Н.Лхамгармаа ялж, анхны түрүүгээ хүртсэн. Харин энэ удаа түүнээс даагаа нэхэж чадах уу, эсвэл Н.Лхамгармаа дахин ялах уу гэдгийг бөхийн хорхойтнууд чих тавин хүлээж байв. Тун сонирхолтой өрнөсөн хоёр барилдаанд Н.Лхамгармаа 10:0, 10:9-өөр ялж, шинэ үе түрэн гарч ирж буйг нотоллоо. ДАШТ-д анх удаа өрсөлдөх эрх авч буй түүнийг улсын хошой аварга П.Орхоны найз залуу гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй.

Г.МАНДАХНАРАН ШИНЭ ЖИНДЭЭ ИЛҮҮРХСЭЭР

Г.Мандахнаран гавьяатыг шинэ жин болох 70 кг-д хэр хурдан дасах, барилдаанаа бүрэн гаргаж чадах эсэх нь амжилтаас дутахгүй хүлээлт үүсгэж буй. Харин тэрбээр энэ жил УАШТ-д түрүүлж, зангаргаа харуулсан. Г.Мандахнаран энэ жил улсын аварга болсон тул шигшээд шууд барилдсан. Харин залуу бөхчүүдийн дундаас Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Идэрхүү онцгойрч, “Парис-2017”-г зорихын төлөө Г.Мандахнарантай өрсөлдөв. Түүгээр ч үл барам эхний барилдаанд гавьяатыг ялж, шуугиулсан. Гэхдээ дараагийн хоёр барилдаанд Г.Мандахнаран ялж, ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэхийн төлөө өрсөлдөх эрх авлаа.

Б.ГОМБОДОРЖИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЛЭЭ

74 кг-ын гол өрсөлдөөн Б.Анхбаяр, Б.Гомбодорж нарын хооронд өрнөөд олон оныг элээж буй. Харин энэ удаа Б.Анхбаяр тойргийн барилдаанаас шалгарч чадаагүй тул түүнд том боломж бүрдээд байв. Б.Гомбодорж ч үүнийг алдалгүй, шигшээд “Алдар”-ын Б.Бямбадоржийг хоёр дараалан ялж, ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртлөв. Тэрбээр жиндээ олон жил тэргүүлэх хэмжээнд барилдаж байгаа ч дэлхийн дэвжээнд ганц ч удаа эх орноо төлөөлж үзээгүй. Хамгийн сүүлд 2015 оны ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ч визний асуудлын улмаас хүлгийн жолоо залж чадаагүй. Улмаар түүний оронд зодоглосон П.Өнөрбат мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү Б.Гомбодоржийн олон жил тээсэн мөрөөдөл биеллээ.

С.БАТЦЭЦЭГ ДАШТ-Д ОРОЛЦОХГҮЙ

Чөлөөт бөхийн хорхойтнуудын хамгийн их хүлээсэн барилдаан бол яахын аргагүй С.Батцэцэг, П.Орхон нарын өрсөлдөөн. Өмнө нь энэ жинд С.Батцэцэг л түрүүлж, олимп, дэлхийн дэвжээнд зодоглодог байлаа. Харин 2017 онд П.Орхон жин өгсөн барилдах болсноор байдал өөрөөр эргэсэн. Түүгээр ч үл барам С.Батцэцэгтэй энэ онд хоёр удаа учраа таарахдаа хоёуланд нь ялж, шуугиулаад буй. 58 кг-д барилддаг байхдаа олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга К.Ичо, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд нарыг ялж, цахиур хагалсан П.Орхон шигшээд шууд барилдсан. Улмаар эхний хоёр барилдаанд П.Орхон С.Батцэцэг гавьяатыг ялж, ДАШТ-д анх удаа өрсөлдөх болзол хангалаа.

ДАШТ-Д ХЭН ХЭН ЗОДОГЛОХ ВЭ

Эрэгтэйчүүчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 74 кг-д улсын аварга Б.Гомбодорж, 86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт О.Үйтүмэн, 97 кг-д улсын аварга Ө.Батзул, 120 кг-д улсын аварга Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д улсын хошой аварга Э.Нарангэрэл, 53 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д А.Батцэцэг, 60 кг-д УАШТ, Алтан гран пригийн аварга Б.Шоовдор, 63 кг-д улсын хошой аварга П.Орхон, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, 75 кг-д Азийн АШТ-ий V байрын шагналт Г.Уртнасан нар ДАШТ-д оролцох эрх авлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай