Өвөөгийнхөө захиасаар хөглөгддөг жүдоч

Манай сонин “Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Зүүн Азийн аварга, “Анталия-2017” гран пригийн хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Цэрэгбаатарын Хуланг онцоллоо. Саяхан болсон Зүүн Азийн АШТ-ий 57 кг-ын аваргын төлөөх барилдааны үеэр мөр, тохой нь мултарч, айхавтар бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр түрүүлсэн монгол жүдоч охины барилдааны бичлэг цахим ертөнцөд нэлээд түгэж, бөхийн хорхойтнуудын хүндлэлийг хүлээгээд буй.

Мултарсан мөрөө барилдааны явцад өөрөө оруулж, тохойны бэртлээ ч үл ажран зүтгэсээр Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчин бол Ц.Хулан юм. Ийнхүү олон улсын тэмцээний анхны медалиа хүртсэн тэрбээр энэ тухайгаа “Тохой шажигнан дуугарангуут мултарчихлаа гэдгийг нь мэдэрсэн юм. Гэхдээ аль болох сандрахгүй, зовиурлаж буйгаа өрсөлдөгчдөө мэдэгдэхгүй байхыг хичээсэн. Босонгуутаа тохойгоо эвтэйхэн эргүүлээд дарах нь ээ орчих шиг болсон юм.

Тэгж байтал өрсөлдөгч маань эвгүй өчсөний улмаас мөр мултарчихдаг байгаа. Яая даа гэж байтал идэвхгүй барилдлаа гээд торгуулчихдаг юм байна. Байдал улам л дордож байв. Буугаад өгчихөж болох л байсан. Гэхдээ хятад тамирчинд ялагдахгүй, Төрийн дууллаа заавал эгшиглүүлнэ гэж зүтгэсээр, өрсөлдөгчөө, өөртэйгөө хамт ялан, түрүүлэхдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан.

Олон улсын тэмцээний анхны алтан медалиа тэгж зүтгэн байж хүртсэн болохоор бүр их “амттай” байна. Шагналын тавцанд алтан медалиа энгэртэй гялалзуулан зогсож байхад ямар сайхан байсан гэж санана. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Тохой овоо эдгэж байна. Харин мөрний шөрмөс нэлээд хүнд бэртсэн. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн” хэмээв. 

Одоогоос хоёр жилийн өмнө Азийн АШТ-ий алтан медалийн төлөөх барилдааны үеэр Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа мөр нь мултарсан ч гүрийсээр түрүүлснийг манай уншигчид санаж буй биз ээ. Монголын хамгийн өрсөлд өөнтэй жинг үүдийн нэг нь яахын аргагүй эмэгтэйчүүдийн 57 кг. Эл жинд олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, “Чингис хаан” гран пригийн аварга Л.Энхрийлэн тэргүүтэй олон шилдгүүд зодоглодог. Ц.Хулан энэ жил Азийн АШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ч дээрх бэртлийн улмаас зодоглож чадаагүй.

Улмаар түүний оронд 57 кг-д Д.Сумъяагийн хамт Гавьяат тамирчин М.Бундмаа өрсөлдсөн юм. Багаасаа аав (аймгийн заан), ах (аймгийн харцага) хоёрынхоо барилдааныг шимтэн үзэж, бэлтгэл дээр нь очин бөхийн спорттой ойр өссөн тэрбээр 13 настайдаа ахынхаа хамт “Тэмүүжин” клубт олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар, ахмадын дэлхийн аварга Т.Энхцэцэг нараар жүдогийн А үсэг заалгажээ. Хэдийгээр хоёр талаасаа бөхийн удамтай ч тухайн үед гэрийнхэн нь нэлээд дургүйцэж, өөр спортоор хичээллэхийг ятгасан ч тусыг эс олсон гэнэ.

...Саяхан болсон Зүүн Азийн АШТ-ий 57 кг-ын аваргын төлөөх барилдааны үеэр мөр, тохой нь мултарч, айхавтар бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр түрүүлсэн монгол жүдоч охины барилдааны бичлэг цахим ертөнцөд нэлээд түгэж, бөхийн хорхойтнуудын хүндлэлийг хүлээгээд буй. Мултарсан мөрөө барилдааны явцад өөрөө оруулж, тохойны бэртлээ ч үл ажран зүтгэсээр Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчин бол Ц.Хулан юм...

Гэрийнхнээсээ нууцаар бэлтгэл хийж, жүдогийн өмсгөл өмссөнөөсөө хойш долоо хоногийн дараа болсон өсвөрийн УАШТ-ий 40 кг-д зодоглон, хүрэл медалийн оосроос атгаад алдан, V байрт шалгарахдаа их урамшжээ. Жүдогоор хичээллээд удаагүй, туршлага багатай гэж өөрийгөө гололгүй, ялагдсандаа харамсан уйлсаар гэртээ харьснаа ер мартдаггүй гэнэ. Түүний амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар гурван сарын дараа Дорноговь аймагт болсон Я.Дорж багшийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, амжилтын гараагаа эхэлсэндээ их урамшив.

Учир нь түүний өвөө Дорноговь аймгийн наадмаас анхны цолоо хүртсэн аж. Энэ тухайгаа тэрбээр “Өвөө маань аймгийн заан цолтой. Намайг мөнгөн медаль хүртээд ирэхэд “Охиноороо бахархаж байна. Өвөө нь Дорноговь аймгийн наадмаас дахиад цол хүртэж буй мэт сэтгэгдэл төрлөө” гээд духан дээр минь үнссэн нь санаанаас ер гардаггүй юм. Жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш чамгүй олон удаа тэмцээнд оролцон, эхний тойргуудад ялагдсан. Заримдаа би амжилт гаргаж чадахгүй юм шиг байна гээд шантрах үе ч тохиолдоно.

Тэр бүхэнд аав, өвөө, ах гурав минь надад түшиг, тулгуур болсон” хэмээв. Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, УАШТ-ээс залуучуудынхад нэг мөнгө, гурван хүрэл, өсвөр үеийнхэд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Ц.Хулан 2016 онд олимпын мөнг өн медальт Д.Сумъяад дийлдэн, насанд хүрэгчдийн ангилалд анхны медалиа аван, олны хараанд өртөж эхэлсэн. Хоёулаа “Хилчин” спорт хороонд, Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчийн удирдлага доор бэлтгэлээ базаадаг байсан тэдний барилдаан спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж билээ. Ц.Хулан гавьяатаас бэргэж, сандраагүй ч барилдаанаа бүрэн гаргаж чадалгүй дийлдсэн гэнэ.

Өдгөө 20 настай түүнийг энэ жил амжилтаа ахиулах болов уу, Д.Сумъяа гавьяаттай хэрхэн барилдах бол хэмээн бөхийн хорхойтнууд чих тавин хүлээж байв. Харамсалтай нь, хэсгийн аваргын төлөөх барилдаанд А.Цолмонтой хүч үзэж байхдаа хориотой мэх хийсний улмаас хасагдан, үзэгчийн суудалд шилжсэн билээ. Ц.Хулан 2012 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэн, V байрт шалгарсандаа их харамсдаг аж. Зээл аван байж охиноо тэмцээнд оролцуулсан ижий аав, хамт олныхоо итгэлийг алдахгүйг ихэд хичээсэн ч санаснаар нь болоогүй юм.

Тэрбээр Монголын багийн медаль авах хамгийн сүүлчийн найдвар болон дэвжээнд гарсан ч чадаагүй. Байнгын ачаалалтай бэлтгэл хийн, борви бохисхийлгүй зүтгэж яваа охиноо өрөвдөөд ч тэр үү, гэрийнхэн нь заримдаа өөр спортоор хичээллэхийг ятгадаг гэнэ. Хэдий хүртэл ингэж аав, ээжээрээ тэмцээнийхээ зардлыг даалган, авсан цалин ч үгүй амьдрах вэ гээд шантрах үе гардаг ч “Залуу хүн мөрөөдөлтэй, зорилготой амьдрах сайхан. Эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг заавал үзээрэй. Дундаас нь орхиж ер болохгүй шүү. Хичээж л чадвал олимп, дэлхийн аварга болж чадна аа” гэсэн өвөөгийнх нь захиас үргэлж бодогдон, улам зүтгэх эрч, хүчийг авдаг аж.

Тэрбээр энэ жил МУБИС-ийн дасгалжуулагчийн ангийг төгсөнө. Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн Ц.Хулан энэ жил хоёр гран прид зодоглон, “Анталия”-аас хүрэл медаль хүртэн, “Тбилис”-д V байрт шалгарсан нь чамлахааргүй амжилт. Чансаагаараа олимп, ДАШТ, Их дуулгын дараа ордог тус тэмцээнд зодоглон, медаль хүртэх залуу тамирчдад амаргүй нь мэдээж.

Тэрбээр манай сониноор дамжуулан “Хилчин” спорт хороо, Х.Эрдэнэт-Од, Т.Энхцэцэг, О.Нарангэрэл багш нартаа болон “Electric com” компанийн хамт олон, гэр бүлийнхэндээ талархаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя. Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Ц.Хулангийнх ч бас тийм. Ийм нэгэн охин жүдо бөхөөр хичээллэн, амжилтын төлөө зүтгэж явна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай