Монголын волейболчид IV байрт шалгарлаа

Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр өндөрлөлөө. Манай улсад дөрөв (өмнө нь 2000, 2008, 2015) дэх удаагаа болж буй тус тэмцээнд Монгол, БНСУ, БНАСАУ, Тайвань, Хонконг, Макао, Японы шигшээ баг өрсөлдөв. Харин энэ жил БНХАУ-ын волейболчид өнжлөө. Долоо хоногийн турш монголчууд биднийг волейболоор амьсгалуулж, энэ спортын гайхамшгийг мэдрүүлсэн тус тэмцээнд Монголын шигшээ багийнхан хүрэл медалийн төлөө БНСУ-ын волейболчидтой өрсөлдөв. Манай тамирчид солонгосчуудтай хэсгийн аваргын төлөө эн тэнцүү тоглон, 3:2-оор дийлдсэн. Тиймээс энэ удаа тэднээс хариугаа авч чадах, эсэх нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж байв.

Харамсалтай нь, манай шигшээ багийнхан өмнөх шигээ өрсөлдөөн гаргаж, олны хүлээлтийг давсан тоглолт үзүүлж чадсангүй. Улмаар тэд 3:0-ээр дийлдэн, хүрэл медалийн оосроос атгаад алдав. Хэд хэдэн давуулалтаа алдаж, олон хувилбараар довтолж чадаагүй нь тоглолтод нөлөөлчих шиг боллоо. Монголын шигшээ багийнхан 2015 оны Зүүн Азийн АШТ-д хүрэл медалийн төлөөх тоглолтод мөн БНСУ-ын волейболчдод дийлдсэн, хариугаа ийнхүү авч чадсангүй. Тэмцээнд Япон улсын тамирчид түрүүлж, Тайванийн шигшээ багийнхан мөнгөн медаль хүртлээ. Тэд өмнө нь 2015 онд аваргын төлөө тоглоход Наран улсын баг 3:0-ээр хожин, түрүүлж байсан. 1998 оноос хойш зохион байгуулж буй Зүүн Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай