Тал нутгийн марафонч залуу

Тэсвэр хатуужлын ноён оргил хэмээн үнэлэгддэг марафон гүйлтийн спортыг монголчууд бид Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаярын нараар төсөөлдөг, хөгжлийг нь тэдний амжилтаар хэмждэг байсан цаг тун саяхан. Харин сүүлийн жилүүдэд тэдэнтэй хамт ачааны хүндийг үүрэлцэх залуу үе хүч орж ирсний нэг нь “МН атлетик” клуб, “Хилчин” спорт хорооны тамирчин Жамсрангийн Олонбаяр юм. Увс аймгийн Улаангом хотод төрсөн тэрбээр багаасаа хурга, ишиг хариулан, адуу малтай ноцолдож өссөнийхээ үр шимээр хэр баргийн зүйлд шантарч, няцахгүй тэвчээртэй, өлчир болон хүмүүжжээ.

Ж.Олонбаяр багадаа хөлийн хурдтай, гүйж харайх дуртай байсан ч марафоноор хичээллэнэ гэж ер төсөөлөөгүй гэнэ. Харин 2001 онд ҮБТДС-ийн Биеийн тамирын дасгалжуулагчийн ангид элссэнийхээ дараа Ц.Мөнхзаяа, Б.Доржпалам тэргүүтэй шилдгүүдийн анхны багш А.Гантулгатай танилцсан нь энэ спорттой амьдралаа холбоход их нөлөөлжээ.

Ж.Олонбаяр дараа жил нь өсвөр үеийн УАШТ-ий таван км-ийн зайн уралдаанаас хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм. Анхны амжилтдаа урамшин, бэлтгэлээ чамбайруулж, хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ “Улаанбаатар марафон”- оос хүрэл медаль хүртэн, олны анхаарлыг татаж эхэлжээ.

Харин түүний оролцсон хамгийн анхны олон улсын тэмцээн нь “Чиндао 2013”. Тэрбээр тус тэмцээнд 2 цаг 23 минут 12 секундын амжилтаар VII байрт шалгарсан нь чамлахаар амжилт биш юм. Азийн шилдгүүдтэй өрсөлдөн медалийн оосроос атгаад алдсан ч эл амжилтаараа спортын мастер цолны болзол хангасан юм.

Ж.Олонбаяр 2013 онд Азийн шилдгүүд хурд сорьдог “Тал нутгийн марафон”-оос хүрэл медаль хүртэн, цол дагаж бяр нэмэгддэгийг мэдэрчээ. Эл амжилтаа дараа жил нь давтан, өнгөрсөн жил ахиулж, мөнгөн медаль хүртсэн юм.

Бүтэн марафоноос гадна кросс гүйлт, хэт холын зайн төрлөөр хичээллэдэг тэрбээр кросс гүйлтийн УАШТ-ий алт, хэт холын зайн марафон гүйлтийн хүрэл медальтай.

Ж.Олонбаяр 2015 онд амжилтын арвин “ургац” хураасан. ОУХМ Б.Доржпалам, Ц.Бямбажав нараас үлгэрлэж явдаг тэрбээр Хонконг улсад болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд ховор амжилтын эзэн болсон юм. Учир нь түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Сэр-Од л тивийнхээ аваргаас алт, мөнгөн медаль хүртэж байв.

Тийнхүү Азийн АШТ-ий медальт Монголын хоёр дахь марафон гүйлтийн тамирчин болсон юм. Хэдийгээр бахдам амжилт гаргасан ч олимп, ДАШТ-д оролцох эрхийн болзол хангаж хараахан чадаагүй. Харин тус тэмцээнд түүнтэй хамт хурд сорьсон Б.Мөнхзаяа 2 цаг 38 минут 43 секундын амжилтаар IV байрт шалгарч, “Рио-2016” олимпод өрсөлдөх эрх өвөртөлснийг спортын хорхойтнууд санаж байгаа биз ээ. Улмаар Ж.Олонбаяр Азийн АШТ-ээс гурван сарын дараа болсон Шандуны гран прид түрүүлж, Төрийн дууллаа анх удаа эгшиглүүлжээ.

Энэ жил “Улаанбаатар марафон”-ыг өнжсөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон “Changchun-2017” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм. Таван мянга гаруй тамирчин хурд сорьж, алт, хүрэл медалийг Кени улсын тамирчид хүртсэн гэхээр хэр өрсөлдөөнтэй, чансаа өндөртэй тэмцээн болсон нь анзаарагдаж байгаа болов уу. Ж.Олонбаяр өдгөө Непалын тамирчидтай хамт Бээжин хотод хамтарсан бэлтгэл хийж байна. Тэрбээр ирэх сард дахин нэг олон улсын тэмцээнд оролцчихоод эх орондоо ирэх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай