"Манай улс 1200 орчим нэр төрлийн мансууруулах бодис илрүүлэх нэг ширхэг төхөөрөмжтэй"

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тавьсан асуулгын хариуг сонсов. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт асуулгын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл танилцууллаа.

2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна. Үүнээс  82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд  жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан болохыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээллийнхээ эхэнд танилцуулав.

Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байгаа гэлээ. Сүүлийн гурван жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6  хувиар тус тус өссөн болохыг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр сүүлийн жилүүдэд улам нарийссан гэлээ. Тухайлбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэгддэг байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон тохиолдол анх 2006 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 117 хүн шалгагджээ. Тодруулбал, хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. 2017 оны эхний улирлын  байдлаар 10 хэрэгт 12 иргэн холбогдон шалгагдаж байгаа гэв.

Үргэлжлүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, төрөөс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын баримт бичгийг баталсан байна. Тус бодлогын баримт бичигт гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ гэж заажээ. Үүний дагуу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2017 оны гуравдугаар дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан гэлээ.

Хөтөлбөрийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  уг бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардалыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах бололцоо бүрдэх аж. Үүний зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, тэдгээрийг арилгах арга замыг оновчтой тодорхойлж, чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа аж. Мөн дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг сайжруулах, үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг үндэслэн 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ-аас баталсан Эрүү болон Зөрчлийн хуулийн холбогдох зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлэлдээ дэлгэрэнгүй танилцуулсан.

Салбарын сайд үргэлжлүүлэн хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатныг төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын найрлага, шинж чанарыг тодорхойлох шинжилгээ хийх орчин үеийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах, шинжээч, мэргэжилтний чадавхийг сайжруулах,Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох, үүний хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгуулах, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус тус онцгой анхаарч ажиллаж байгаа гэв.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, салбарын сайд болон Ажлын хэсгээс хариулт авсан юм.

Мэргэжилтнүүдийг орчин үеийн арга, туршлагад сургах, мэргэшүүлэх, мөн тоног төхөөрөмжийг сайжруулж, орчин цагийн лаборатори байгуулах шаардлага бий гэдэг саналыг мөн хэлж байсан. Монгол Улсын хувьд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалттай ажиллаж, хяналт тавьж чадахгүй. Энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт нь хэд хэдэн хуульд тусгагдсан байгаа гэдгийг тэмдэглэн хэлж байлаа. Тиймээс төрөл бүрийн контентууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр дамжуулан санаатай болон санаандгүй байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сурталчилж байгаа нь эргээд сөрөг үр дагавар дагуулан өсвөр үе, залуучуудын сонирхлыг өдөөж байгааг анхааруулж байсан юм. Тиймээс дээрх төрлийн хэрэглээ, бодисын талаар санаатай болон санаандгүй байдлаар шууд болон шууд бус сурталчилгаа хийхийг хуулиар хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Мөн хил, гааль, цагдаагийн байгууллага хоорондоо энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрхэн хамтарч ажилладаг талаар гишүүд тодруулж, УИХ, Засгийн газар энэ чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллах арга хэлбэрийн талаар лавлан Ажлын хэсгээс хариулт авсан юм.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх шууд болон шууд бус сурталчилгаатай тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн энэ тохиолдлыг зохицуулах эрх зүйн зохицуулалтууд бий гэдгийг салбарын сайд тайлбарласан. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий  газарт Хар тамхитай тэмцэх газрыг хоёр хэлтэс, 33 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй өргөжүүлэн байгуулсан бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ЦЕГ-ын сургалт, дадлагын төвд сургалт зохион байгуулах,  гадаад улс орноос мэргэжилтэн урьж алба хаагчдыг мэргэшүүлэх, мөн Тайландын Вант Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсад алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг тус тус зохион байгуулсан талаарх мэдээллийг Ажлын хэсэг өгч байсан юм.

Манай улс өнөөдрийн байдлаар 1200 орчим нэр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх нэг ширхэг төхөөрөмжтэй гэдгийг холбогдох газрууд танилцуулав. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинэ лаборатори байгуулах чиглэлээр судалгаа хийх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн байна. Үүний үр дүнд 9.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулжээ. Нэг удаа 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр лабораторийн техник, технолгийг шинэчлэх бөгөөд цаашид жил бүр 1.8 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байхаар төлөвлөгдсөн байна. Түүнчлэн хил, гааль дээр энэ төрлийн бодисыг илрүүлэхдээ тусгайлан бэлтгэгдсэн үнэрч нохой ашигладаг олон улсын түгээмэл жишиг бий. Хил, гаалийн байгууллагууд албаны нохой сургалтын нэгжээ өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Одоогоор албаны нохойг эрэл болон хуяглан хүргэх чиглэлээр бэлтгэдэг бөгөөд цаашид хар тамхи илрүүлэх чиглэлээр албаны нохой бэлтгэх шаардлага байгааг тооцон, сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн ч төсөв, санхүүгийн асуудал хүндрэлтэй байгааг албаны хүмүүс мэдээлсэн.  Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ улс даяар тархсан гэх мэдээлэл худлаа бөгөөд Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон аймагт тархсан гэдгийг онцоллоо. Түүнчлэн хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримт яригддаг бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим хүний хүрээнд яригдана гэдгийг албан ёсоор дуулгав. Мэдээллийн үеэр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг санаатайгаар санхүүгийн чадавхитай хүрээлэлд тараадаг, найз нөхөдөөр нь дамжуулан түгээдэг гэдгийг эцэг, эхчүүд онцгойлон анхаарах ёстой гэдгийг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд анхаарууллаа. Нөгөөтэйгүүр, энэ төрлийн бодисын хамаарал бүхий иргэд эмчлэх төв манай улсад байдаггүй гэдгийг албаны хүмүүс танилцуулаад цаашид хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хамааралтай хүмүүсийг эмчлэх, анагаах байгууллагыг бий болгох шаардлага байгааг хэлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй бусад орны арга хэлбэрийн талаар гишүүд тодруулж, Монгол Улс яг ямар хэлбэрээр тэмцэх нь зохистой талаар асуултдаа Ажлын хэсгээс хариулт авсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай