Цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглан, мод үржүүлгийн газар байгуулах боломжтой гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын даргаар ахлуулсан баг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Городок тосгонд байрлах цэвэрлэх байгууламж, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”, уурхайн эдэлбэр газрын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзлаа. Тэрбээр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ “Хотын дарга хороодод хүрч ажиллана. Нийслэл, дүүргийн удирдлагууд албан өрөөний цонхоор харах биш ард түмнийхээ амьдрал дунд орж, тэдэнд нийцсэн шийдвэр гаргана.” гэдгийг онцолсон юм.

Цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглан, мод үржүүлгийн газар байгуулах боломжтой

Хотын дарга эхлээд Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Городок тосгонд байрлах цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэвэрлэх байгууламж нь монгол инженерүүдийн шийдлээр байгуулагдаж, 2015 оны 7 дугаар сард ашиглалтад орсон байна. Ингэснээр өмнө нь бохир ус Туул голд цутгагддаг байсан байдал үгүй болжээ. Хамгийн сүүлийн үеийн техник технологиор хангасан цэвэрлэх байгууламж хоногт 1000 куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 300 куб метр бохир усыг цэвэрлэдэг аж. Хаягдал бохир усыг биологийн аргаар буюу бичил биет ашиглан цэвэрлэдэг байна. Цэвэрлэх байгууламжийн талаар “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал Г.Чулуунбат хэлэхдээ “Манай цэвэрлэх байгууламж бол бүрэн биологийн цэвэрлэгээний байгууламж. Эндээс гарч байгаа саарал усаар их хэмжээний мод, газар тариалан услах боломжтой. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг моджуулах мод үржүүлгийн газрыг байгуулах боломж бий. Ингэвэл Налайх дүүргийн эдийн засагт ч үр өгөөжтэй гэж харж байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэвэрлэх байгууламжтай танилцах үеэрээ төвлөрлийг сааруулахад цэвэрлэх байгууламжийн асуудал чухал болохыг онцоллоо. Тэрбээр “Городок тосгоны энэ цэвэрлэх байгууламж дэлхийн томоохон хотуудад байдаг цэвэрлэх байгууламжтай ижил технологиор ажиллаж байна. Үүнийг өргөтгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын захын дүүрэг, гэр хорооллыг бага оврын ийм цэвэрлэх байгууламжаар хангах хэрэгтэй гэж харж байна. Мөн үйлдвэрлэл болон ахуйн бохирдлыг тусад нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм.” хэмээв.

Цэвэр усны эх үүсвэрийн аюулгүй байдалд онцгой анхаарна

Үүний дараа Налайх дүүргийн цэвэр усны дээд эх үүсвэртэй очиж танилцсан юм. Энэхүү эх үүсвэр Улаанбаатар хотын ундны усны 30 хувийг хангадаг байна. Эх үүсвэрийн хүчин чадал нь 72 мянган метр куб бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 48-50 мянган метр куб ус олборлодог аж. Өөрөөр хэлбэл дахин 20 мянган метр куб ус нэмж олборлох боломжтой байна. Гүний худгийн дундаж гүн 30 метр бөгөөд 2006 онд 5 насос, 16 гүний худаг нэмж гаргажээ. Хотын дарга хэлэхдээ “Усан хангамж, түүний аюулгүй байдалд хотын удирдлага онцго анхаарна. Энэ бол номер 1 асуудал байх ёстой. Цэвэр усны хамгаалалтын бүсэд  иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг асуудлыг шийдвэрлэнэ.” гэлээ.

Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийнэ

Налайхын уурхайд зөвхөн нэг жилийн дотор  гар аргаар нүүрс олборлож байгаад 8 хүн амь насаа алджээ. 2017 он гарсаар нэг хүн нурангад дарагдаж, амиа алдсан байна. Энэ мэт эрдэнэт хүний амь эрсэдсэн хэргүүд сүүлийн 10 орчим жил налайхын уурхайд байсаар байгаа юм. Уурхай нэртэй замбараагүй байдал даамжирсаар одоо уурхай юу, суурьшилын бүс үү, хогийн цэг үү гэдгийг ялгаж салгахад бэрх болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд хулгайгаар нүүрс олборлох явдал ихэсч, гар аргаар нүүрс олборлосон амууд нь суурьшилын бүстэйгээ нийлж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон аж. Тиймээс дүүргийн зүгээс эхний ээлжинд 18 амыг хааж битүүлсэн байна. Цаашид хотын даргыг энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулахыг дүүргийн удирдлага хүслээ. Хотын дарга нөхцөл байдалтай танилцаад налайхын уурхайд нөхөн сэргээлт яаралтай хийх шаардлагатай гэж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргахаар боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай