1200 орчим ажлын байр санал болгов

Ажилд орох маягт барьсан залуус өчигдөр Монголын залуучуудын холбоо (МЗХ)- ны үүдэнд дүүрэн байлаа. Олонх нь удахгүй сургуулиа төгсөх тул эртнээс ажлын байр зэхэхээр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулсан “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагт очсон нь тэр байв. Энэ жил дөрөв дэх удаагаа болж буй тус яармагт “АПУ”, “Алтан тариа”, “Өгөөж”, “Таван богд” групп, “Эрин интернэшнл”, “Алтайн хүдэр”, “Тэсо”, “Хаадын гэр”, “Миний сүлжээ” дэлгүүр, “Клоун ах” ХХК зэрэг 40 гаруй байгууллага оролцож, оюутан, залууст 1200 орчим ажлын байр санал болгосон юм.

Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийнхан цахилгаан, автоматжуулалтын инженер, тоног төхөөрөмжийн механик инженер, хөргөлтийн инженер, хүнс үйлдвэрлэлийн технологич, махны технологич, микробиологич, малзүйчийн орон тоонд бүртгэж байв. Тус компанийн хүний нөөцийн ажилтан “Манайх хүнсний үйлдвэрлэл, мал, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тиймээс энэ салбарт ажиллах хүсэлтэй, хүнс, мал аж ахуйн холбогдолтой мэргэжлээр их, дээд сургууль төгссөн оюутан, залуусыг ажилд урьж байна. Компанийн зүгээс тийм ч өндөр шаардлага тавихгүй. Ялангуяа ажилласан жилийг нь харгалзахгүй. Хамгийн чухал нь мэргэжилдээ дуртай, цаашид ажилдаа хөгжих, дэвших хүсэл эрмэлзэлтэй, чадвартай байхад л хангалттай” хэмээв.

МУИС-ийн санхүү, эдийн засгийн ангийн оюутан Б.Баасанжав “Би энэ жил сургуулиа төгсөнө. Уг яармагаас байнгын ажлын байр олохыг хүссэн. Санхүү, эдийн засгийн чиглэлийн ажлын байр ховор байна. Гэхдээ туслах нягтлан бодогч авна гэсэн хоёр, гурван компанийн маягтыг бөглөчихлөө. Дөнгөж сургуулиа төгсөх гэж буй болохоор туслах хийж, чадвараа дээшлүүлэхэд болохгүй юм алга” гэж ярилаа.

Төгсөгчдөд зориулсан хөдөлмөрийн яармаг боловч тэнд ажил идэвхтэй хайж буй, төгсөөд хэдэн жил болчихсон, мөн мэргэжил эзэмшээгүй хүмүүс ч ирсэн байв. Тухайлбал, 20 настай Цогтбаатар “Бүрэн дунд боловсролтой. Их сургуульд орж чадаагүй юм. “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагт ирсэн ч ямар ажилд, яаж орохоо мэдэхгүй л байна. 

Ямар ч байсан ажилд орох маягт бөглөөд, хоёр гурван компанид өгчихсөн” гэж учирлалаа. Түүнтэй ижил мэргэжил эзэмшээгүй олон залуу бий. Тэдэнд зөвлөхөд 2007 оноос монгол гэр, гэрийн тавилга, эсгий, ширмэл эдлэл хийж буй “Хаадын гэр” ХХК-д туслах мужаан, оёдолчны ажлын байр байгаа юм билээ.

Их, дээд сургууль, коллежид суралцаагүй ч мужаан, оёдолчноор ажиллах хүсэлтэй залуусыг тэднийх сургаж авдаг гэнэ лээ. Хөдөлмөрийн яармагийн үеэр мужааны ажлын байранд нь хэд хэдэн хүн бүртгүүлсэн ч оёдолчныход хараахан хүн хандаагүй аж. Тиймээс тус компанид ажиллах хүсэлтэй хүмүүс “Цайз 16-д” байрлах “Хаадын гэр” ХХК-д очиж уулзах боломжтой гэсэн.

Дашрамд, манай улсын хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг бүрдүүлдэг ч ажилгүй иргэдийн 57.1 хувь нь дээрх насныхан байдаг аж. Энэ нь их, дээд сургууль төгссөн залуусын ердөө 21.7 хувь буюу таван төгсөгч тутмын нэг нь л ажилтай болдогтой холбоотой.

Тиймээс “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармаг ажилгүй иргэдийн тоог бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй нь дамжиггүй. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Билгүүдэй “Хүмүүс “Ажил олдохгүй байна” гэж ярьдаг ч компаниудад ажлын байр хангалттай бий. Ажилгүй иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тавьсан шалгуурыг л давж чадахгүй байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль олширсонтой холбоотой” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай