Хэт халснаас зарим нутагт хуурайшилт нэн аюултай түвшинд хүрэв

Хэт халснаас зарим нутагт хуурайшилт нэн аюултай түвшинд хүрэв

Цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлснээр энэ сарын 22 хүртэл баруун, зүүн, төвийн бүсийн зарим нутгаар бага зэргийн хур тунадас орж, шороогоор шуурна. Харин өнөөдөр баруун аймгууд, төвийн болон говийн бүсийн хойд хэсэгт бага зэргийн хур тунадас орох бол маргааш Хангайн уулархаг нутаг, говийн ихэнх хэсэгт шороогоор шуурах аж.

Гэсэн ч манай орны ихэнх нутгаар бүгчим, халуун өдрүүд үргэлжлэх нь. Ер нь энэ зун тэнгэр бага уйлагнаж, халуун өдрүүд зонхилох төлөвтэй байгаа гэнэ. Хэт их халахад хуурайшилт ихсэж, улмаар түймэр гарах эрсдэлтэй учир иргэд ой, хээр болон ил задгай газарт гал түлэхгүй, татсан тамхиныхаа цогийг бүрэн унтрааж байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

Он гарснаас хойш улсын хэмжээнд 59 удаа түймэр гарч, 65.645 га талбай хуйхлагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Гэвч энэ сарын 15-17-нд Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-32 хэм хүрч халахад хуурайшилт аюултай, нэн аюултай түвшинд хүрчээ.

Тиймээс халууны улирал айсуй энэ цагт түймэр хаа сайгүй “отож” байхыг үгүйсгэхгүй. Уржигдар цаг агаар 32 хэмд хүрсэн нь энэ хаврын хамгийн халуун өдөр байв. Тэгвэл тухайн өдөр түймрийн эрсдэлт бүс нутгууд буюу манай орны хойд хэсэгт хуурайшилтын нэн аюултай түвшинд хүрсэн аж.

Зүүнсалааны Богинын ам, Тэрэлжийн Онгоцтын аманд ч энэ өдөр түймэр дэгдэж, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийнхэн шуурхай ажиллан, цурманд оруулжээ. Хуурайшилт эрчимжиж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргасныг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газруудад хүргүүлсэн байна. Цаашид “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж, хэрэгслийн бэлэн байдал, бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх нь” сургалт, дадлага хийлгэх гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай