Шивээ-Овоог түшиглэн цахилгаан станц барих хүсэлт тавилаа

Шивээ-Овоог түшиглэн цахилгаан станц барих хүсэлт тавилаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахилгаан станц барих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр өмнө болон зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангаж, орон нутагт ажлын байр бий болгох зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцож буй. Үүнтэй холбоотойгоор уг асуудлыг судалж танилцуулах ажлын хэсэг байгуулж, ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд Ерөнхий сайд үүрэг болголоо. Тус уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцав.

“Ай Эм Пауэр” компани нь олон улсын зах зээл дээр санхүүжилт, даатгалыг нь бүрэн хариуцан, цахилгаан станцын төсөл боловсруулж, барьж байгуулах үйл ажиллагаа эрхэлж ирсэн 50 гаруй жилийн түүхтэй компани аж. Тус компани манай улсад “Ай Эм Пауэр Монгол” компаниа 2012 онд байгуулсан даруй Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд 250 МВт-ын гурван блок (3x250MW) бүхий цахилгаан станц барих төслийг боловсруулан ажиллаж эхэлжээ.

Цахилгаан станцыг “Ай Эм Пауэр” компани бусад хамтрагчийн зүгээс бүхэлд нь санхүүжүүлэх юм байна. Тус компанийн зүгээс техникийн болон санхүүгийн бүх асуудал шийдэгдсэн хэмээж байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай