“Үлгэрч өвөө” дэлхийн нэр хүндтэй шагналд дахин нэр дэвшлээ

Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц гэгддэг Ханс Кристиан Андерсений шагналд Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн бүтээлүүд хоёр дахь удаагаа нэр дэвшлээ. Хүүхдийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг зохиолч, номын зураачийг шалгаруулдаг тус шагналд дэлхийн 33 орны шилдэг 33 зохиолч, зураачийг нэр дэвшүүлээд буй юм.

Номтой цүнхээ богцондоо дүүрэн, Монгол орон даяар аялж, хөдөөгийн хүүхэд багачуудад номоо уншиж өгдөг, “Үлгэрч өвөө” хэмээн алдаршсан Ж.Дашдондог зохиолчийн “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу номуудыг нь Ханс Кристиан Андерсений шагналд нэр дэвшүүлэхээр онцлоод буй юм билээ.

17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш тэрбээр 100 шахам ном бүтээж, тэдгээрээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдсэн байна. Түүний “Аав, ээж, би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиол, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуугаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай