7 дугаар сарын 01-нээс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал  танилцуулав.

Тус Байнгын хороо хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул дэгийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр  санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг “5.Албадан эмчилгээнд хамруулах хүнийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.”, төслийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг “9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох 23 хуульд өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг 57.4-70.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 2 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно”, 3 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар   баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө”, 4 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно” гэсэн заалтууд тусгагджээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд уг хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 184 дүгээр зүйлийн 184.1, 184.2, 184.3 дахь хэсгийн “улсын байцаагчийн” гэсний өмнөх “захиргааны шийтгэвэр,” гэснийг тус тус хасахаар тусгасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 57.4 хувь нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 61.7 хувь нь дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай