Түүхий эдийн наймаачнаас хүнд үйлдвэрийн хөгжил рүү дөтөлнө

Төвийн бүсийн уул уурхайн чуулган өнгөрсөн мягмар гаригт Орхон аймагт боллоо. Манай улсад уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хүний нэгэн насны амьдралтай дүйх хугацаанд уул уурхайн салбар Монголын эдийн засгийг нуруундаа үүрэх хэмжээнд хүртлээ томорчээ. Одоогоор манай улсын экспортын 86, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 71, ДНБ-ий 18 хувийг энэ салбар бүрдүүлж байна.

Үржүүлэгч болон дам нөлөөг нь тооцвол ДНБ-д эзлэх байр суурь том гэдгийг салбарынхан уг чуулганы үеэр онцолж байлаа. “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн “Эдийн засаг хямралтай ч, хэвийн байхад ч уул уурхайн салбар ачааны хүндийг үүрч ирсэн. Иймд энэ салбарын өгөөжийг бодитой ойлгож, зөв мэдээлж, байгалийн баялгийг зүй зохистой ашиглан, эдийн засгаа өөд татахад нийтээрээ анхаарч байна” хэмээн чуулганыг нээхдээ онцолсон юм.

Төвийн бүсийн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” хамтран Орхон аймагт зохион байгуулсан. Уг чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөгчид оролцсон юм. Ардын Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний уурхайг 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын мэдэлд авснаар уул уурхайн салбарын шавыг тавьжээ. Ийнхүү анх хүрз барин ажлаа эхэлсэн Монголын уурхайчид өдгөө дэлхийд жишиг болохоор гүний уурхай байгуулах хэмжээнд хүртлээ өсөж өндийсөн байна.

Салбар өргөжин тэлэхийн хэрээр түүнийг дагасан бэрхшээл ч мундахгүй. Иймд төвийн бүсийн уул уурхайн мэргэжилтнүүд Орхон аймагт чуулж, “Уул уурхайн салбарын эрх зүйн орчин”, “Хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Дархан-Уул, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах, нүүрснээс нийлэг хий гаргах, зэс, газрын тос боловсруулах гэсэн дөрвөн томоохон төсөл эхлүүлээд буй. Тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх “Төслүүдийн ажил урагштай байгаа. Зарим төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан. Хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ажил удахгүй эхэлнэ” хэмээв. Гадаад худалдаанаас манайд орж буй 100 ам.доллар тутмын 90-ийг нь уул уурхайнхан бүрдүүлж байгаа.

Гэхдээ үүний дийлэнхийг нэмүү өртөг шингээгүй, түүхий эдийн экспорт эзэлдгийг онцлох учиртай. Эдийн засгаа төрөлжүүлье, экспортоо илүү өсгөе гэвэл түүхий эдээ дотоодоо боловсруулах ёстой. Анх “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулсны дараа манайхан зэс боловсруулах үйлдвэр барих саналыг оросуудад тавьж байсан гэдэг. Тухайн үед “Баяжмал олборлох ажлаа сайн хийж сурах хэрэгтэй. Үүний дараа зэсээ хайлуулж болох юм” гэсэн хариу өгчээ. Гэтэл Монгол Улс 40 жилийн дараа ч зэс хайлуулах үйлдвэргүй байна. Том эдийн засагтай болъё гэвэл том үйлдвэрлэл, экспорт хийх ёстой. Азийн бар болсон Солонгос, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Япон орны хөгжил хүнд үйлдвэрлэлээс эхтэй.

Хүнд үйлдвэрлэлийн дөрвөн төсөл хэрэгжих хугацаанд манай эдийн засагт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө орж, 8000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоог салбарын яамныхан хийжээ. Энэ хүрээнд төслийн суурь судалгааг өнгөрсөн жил хийсэн бол байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ажлыг энэ онд гүйцэтгэх гэнэ.

Ирэх жилээс зураг төсөл боловсруулах, 2018-2021 онд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй аж. Тухайлбал, нүүрс шингэрүүлэх үйлдвэр нь 725 сая шоо метр байгалийн нийлэг хий, 300 мянган тонн сайн чанарын шатахуун гаргах боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр нийслэлийн утаа багасах гэнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн айл өрхийг нийлэг хийгээр хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хална хэмээн Б.Баатарсүх ярив. Мөн цаашдаа нийтийн тээврийн автобус, такси үйлчилгээний машиныг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр агаарын бохирдол 80 хувиар буурах аж.

Уг төслийн ТЭЗҮ-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн агаад хэд хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгчээ. Төсөлд нийт 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд байна. Б.Баатарсүх “Бид энэ төсөлд хөрөнгө оруулах саналаа гадаадынханд тавьсан. Хэд хэдэн хөрөнгө оруулагч оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээлээ. Мөн өмнөд хөршийнхөн энэ төслийг ихээхэн сонирхож байгаа гэнэ. Тухайлбал, Болгар, Хятад, Сингапур, Монголын компаниудын хамтарсан консорциум хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна зэс, газрын тос боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрийн ажил ч урагштай байгаа гэлээ.

Төвийн бүсийн чуулганы үеэр онцолсон бас нэгэн сэдэв нь “Уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” байв. Уул уурхайн компани орон нутагт хайгуул болон олборлох ажил хийх бол тухайн газрын иргэдээс зөвшөөрөл авах ёстой. Уул уурхайн салбар нь ашигт малтмал олборлож экспортоо өсгөх, эдийн засгаа тэтгэх, байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалах, иргэд эрүүл орчинд аж төрөх гэсэн сонирхлын заагт үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс уул уурхайнхан орон нутгийн иргэд, удирдлагатай ойлголцож ажиллах шаардлага тулгардаг. Х.Бадамсүрэн захирал “Орон нутгийн хамтын ажиллагааны сайн жишээ нь “Эрдэнэт үйлдвэр” юм” гэлээ.

Уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа орон нутаг үйл ажиллагааг нь дагаад хөгжих ёстой. Алтыг нь аваад авдрыг нь хоосон орхих бус, “Эрдэнэт үйлдвэр”-ийн жишгээр тухайн аймаг, суманд хөрөнгө оруулж, иргэдийнх нь амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, байгаль орчноо нөхөн сэргээх зэргээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогчид үзэж байв.

“Эрдэнэт үйлдвэр” энэ оны эхний улиралд улс болон орон нутгийн төсөвт 130 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн орон нутгийн төсвийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлж буй гэнэ. Х.Бадамсүрэн “Орхон аймаг бүс нутгаа хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгоход анхаарч байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдааны үеэр “Аймаг болон улсын хөгжлийн бодлого ярьдаг. Үүний хоорондох бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг орхигдуулж байна. Уул уурхайн салбарыг ч бүсчлэн хөгжүүлэх ёстой” гэв. Төсвийн тухай хуулийн дагуу АМНАТ-ын тав, газрын тосны орлогын 30 хувь нь орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх учиртай. Эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан энэ нь төвлөрөхгүй байгаа аж. Иймд орон нутгийн зарим удирдлага хөгжлийн сангийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Чуулганы үеэр А.Ундраа гишүүн УИХ-д хариуцлагатай уул уурхайг дэмжих лообий бүлэг байгуулснаа дуулгалаа. Тэрбээр “Уул уурхайн салбар бол эдийн засгийн гол тулгуур. Тиймээс манай улс энэ салбараа түшиж хөгжинө. Төр энэ салбарыг бодлогоор дэмжих ёстой. Иймд бид хариуцлагатай уул уурхайг дэмжих лообий бүлэг байгуулсан юм. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд шинэ хандлага хэрэгтэй” хэмээсэн юм. Хөрөнгө оруулалтын орчныг үнэлэх “Frais­er” индексээр манай улс өнгөрсөн онд 120 орчим орноос 81 дүгээрт эрэмбэлэгдсэн.

Харин 2012 онд 31 дүгээрт жагсаж байжээ. Манай улсыг хойш чангаасан гол үзүүлэлт нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал аж. Тиймээс хууль батлахаас өмнө гарах үр дүн, нөлөөллийг нь урьдчилан сайтар тооцох ёстойг оролцогчид онцлов. Төвийн бүсийн уул уурхайн мэргэжилтнүүд ийнхүү нэг өдөр чуулж, салбарынхаа сайн, мууг ярилцан, цааш явах газрын зургаа нэгтгэлээ. Уг чуулганыг баруун, зүүн, говийн бүсэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай