“Би” үзэлтнүүд гэмт хэрэг үйлдэж эхэллээ

“Би” үзэлтнүүд гэмт хэрэг үйлдэж эхэллээ

Өдгөө 14 настай, А хүү цагдаад шалгуулж буй. Тэрбээр Баянзүрх дүүргийн нэгэн дунд сургуульд сурдаг. Ээж, эмээ, өвөөтэйгөө амьдардаг хүү хэрэг хийх болсон шалтгаан нь өнөөх цахим гадуурхал үйлддэг, биеэ тоох вирустэй хүүхдүүдтэй холбоотой. Хүү хулгай хийжээ. Компьютер тоглоомын болон үйлчилгээний газруудаар хэсэж, таван удаагийн үйлдлээр гурван гар утас, 150.000 төгрөг хумсалсан байх юм. Шалтгаан нь ердөө шоунд оролцох. Өсвөр үеийнхний дунд далд хэлбэрээр зохион байгуулдаг арга хэмжээнд ороход түүнд шинэ хувцас, гоё гар утас, халаасны мөнгө шаардлагатай болсон учраас ийм хэрэг үйлджээ. Сургуулийнх нь найзууд түүнийг мөнгөгүй гэдгийг мэдээд, хүрээллээсээ хасчих вий гэхээс айсан тухайгаа А цагдаагийнханд мэдүүлсэн байна. Тэрбээр хангалуун амьдралтай айлын биеэ тоосон хүүхдүүдтэй нийлж, гадуурхдаг байсан нэгэнтэйгээ ижил доромжлуулах вий гэж айсан хэрэг.

Хүүхдүүд чухам юуны учраас цахим орчинд нэгнийгээ гадуурхан, сэтгэл гутралд оруулж, цаашлаад амиа хорлоход хүргэж байгааг “Өнөөдөр” сонин өнгөрсөн сард “Биеэ тоох вирус” нийтлэлээрээ хөндөж байв. Тухайн үед албаны хүмүүс цахим гадуурхлын шалтгааныг “Мөнгө, эд хэрэглэл, хүрээллийг чухалчилдаг томчуудын (эцэг, эх, багш нар) балгаар хүүхдүүд нэгнийгээ доромжлон, эд хөрөнгөөрөө гайхуулж, таашаал авдаг болж, нэгнийгээ цахим орчинд гадуурхах болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд “Би” өвчнөөр өвчилж, өөрийгөө ертөнцийн төв хэмээгээд, нэгнийгээ доромжилж, таашаал авч байна” хэмээн дүгнэсэн юм. Тэгвэл нэг сарын хугацаанд байдал өөрөөр эргэж, биеэ тоох вирус газар авч, “Би” үзэлтнүүдийг дагагч нар гэмт хэрэг үйлдэх болжээ. А хүү тэдний нэг нь.

СУРАГЧДЫН ЦАХИМ ОРЧНЫ БОЛОВСРОЛЫГ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ АНХААРАХГҮЙ НЬ

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн нийгмийн ажилтны хүсэлтээр 9-15 настай 30 хүүхэдтэй уулзаж, ярилцлаа. Тэдний тал хувь нь цахим орчинд дээрэлхүүлсэн байв. Тэднээс цахим орчин сурлага хүмүүжилд нь хэрхэн нөлөөлж байгааг асуухад 15 нь сөрөг, 10 нь нөлөөгүй гэсэн бол үлдсэн хүүхдүүд эерэг хэмээн хариулав. Мөн 17 хөвгүүний арав нь бусдын ятгалгад автаж, сүүлчийн жил орчмын хугацаанд 2-4 хүүхдийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж, дээрэлхэж байсан гэнэ. Нийлж дүрсгүйтдэг хүүхдүүдтэй нягт холбоотой байхын тулд эцэг, эхээсээ шинэ хувцас, гоёл нэхдэг тухайгаа ч тэд ярьсан. Магадгүй мөнгө хэрэгтэй болбол хулгай хийж ч мэдэх юм билээ.

Харин тус сургуулийн нийгмийн ажилтан “Ухаалаг гар утас, интернэт ердийн хэрэглээ болсон өнөө үед хүүхэд бүр өөрийн фэйсбүүк, инстеграм, твиттер, и-мэйл хаягтай болж, анги сургууль, найз нөхдөөрөө нэг бүлэг үүсгэн, түүнийгээ ашиглах нь энгийн асуудал. Тэд эхэндээ сонирхсон мэдээллээ солилцох, өөрийн болон найз нөхдийнхөө фото зургийг тавьж, гэрийн даалгавраа нэгнээсээ асуудаг байсан бол сүүлдээ бие биенээ дээрэлхэх, дургүй хүрсэн үедээ түүнийг найзынхаа жагсаалтаас хасах давалгаа үүсгэж, янз бүрийн үг хэллэгээр дайрч доромжлох, муулах талбар болгон ашиглаж буй. Үүний улмаас хүүхдүүд цахим гадуурхал гэх халдлагад өртөж, сэтгэл санааны хүнд дарамтад орон ганцаардах, амиа хорлох тохиолдол нэмэгдээд байна. Ийм нөхцөл үүсчихээд байхад салбарын яам болон сургуулийн удирдлага дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай” хэмээн ярив. БСШУСЯ-ныхнаас ямар арга, хэмжээ авахыг нь лавлахад “Бодлогын баримт бичиг боловсруулна. Бид сургуулиудад сургалт явуулж байгаа” гэхээс өөр хариу өгсөнгүй.

Бодлогын баримт бичиг боловсруулж, батлуулахад багадаа 2-3 жил шаардлагатайг бүгд мэднэ. Тэгэхээр хүүхдүүдийн цахим боловсролыг ойрын хэдэн жилд анхаарахгүй гэдгийг салбарын яамныхан хэллээ гэхэд дэгсдүүлэн болохгүй нь.

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮҮХДҮҮДИЙН 60.3 ХУВЬ НЬ 14-17 НАСТАЙ

Цахим гадуурхал өнөөдөр яг ямар түвшинд байгааг цагдаагийн албан хаагчдаас тодруулахад “Ойр дотнын найзууд муудалцсан, нэг ангийнхан хоёр талцсан үед эцэг эх, багш нарын хараа хяналт сул байгааг далимдуулсан сурагчид “цахим гадуурхал” гэх шинэ төрлийн гэмт хэрэг үйлдэх боллоо. Уг гэмт хэрэг маш хурдацтайгаар тэлж, эцэстээ хүүхэд цочирдолд орж, ганцаардан амь насаа хорлох замыг сонгож байна. Тиймээс эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид уг асуудлыг анхааралдаа авах цаг боллоо. Материаллаг зүйлсэд дурласан, сошиал дахь мэдээллийг шүүж чадахгүй өсвөр насныхан өдгөө гэмт хэрэг үйлдэж эхэллээ. Тун удахгүй нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй. Сүүлийн саруудад хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа. Хэдийгээр гарч буй бүх хэргийг цахим боловсролтой холбож болохгүй ч, тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг анзаарахгүй өнгөрөөж болохгүй” гэв.

Судалгаанаас харахад, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 60.3 хувь нь 14-17 настай аж. Сургууль дээрээ өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж буй тэдэнд сургуулийн захиргаа анхаарахгүй байгааг үүнээс харж болно.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА СУРГАЛТ ЯВУУЛАХАД ДУРГҮЙ

Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтний хэлж буйгаар эрсдэлтэй сургуулийн жагсаалтыг 16 дугаар сургууль тэргүүлж буй гэнэ. Сурагчид нь цахим тоглоомын гаж нөлөөг ойшоодоггүй, сошиал ертөнцийн талаарх мэдлэггүй учраас сургуулийн багш, ажилтнууд, эцэг, эхтэй нь хамт сургалтад хамруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Үүний дагуу холбогдох албаныхан сургалт зохион байгуулах гэсэн ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Тус сургуулийн нийгмийн ажилтнаас сургалтыг яагаад эсэргүүцсэн, өсвөр насныхан цахим гадуурхалд өртөж, сөрөг нөлөөнд автах болсон талаар ямар мэдээлэлтэй байгааг нь асуухад “Ийм үзэгдэл бий. Бид тодорхой арга хэмжээ авч буй. Сургалтын тухайд бид төлөвлөгөөний дагуу ажилладаг. Төлөвлөгөөнд ороогүй сургалт зохион байгуулах боломжгүй байдаг” хэмээн тайлбарлав.

Ер нь л сургуулийн удирдлагууд ийм сургалтад таатай ханддаггүй гэнэ. Хэд хэдэн сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн нийгмийн ажилтнууд “Цахим боловсрол олгох хичээл оруулахыг захиргаандаа хэлдэг ч тоодоггүй. “Мөнгө байхгүй” гэх шалтгаанаар цааргалдаг. Уг нь цагдаа болон бусад албаныхан үнэгүй сургалт явуулдаг юм билээ” хэмээн ярьсан.

Хүүхдүүд компьютерын цаанаас харгис, ширүүн ааш гарган, сошиалыг бие биенээсээ өшөө авах хэрэгсэл болгон ашиглаж байна. Хэдийгээр тэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдыг үхэл рүү түлхэх хэмжээний эрх эдэлж болохгүй. Хүүхдүүдийн сошиалд оруулсан мэдээлэл доор хэн нэгэн хүн сөрөг, доромжилсон өнгө аястай сэтгэгдэл бичиж, зургийг нь зөвшөөрөлгүй хуваалцвал сэтгэлээр унаж, эргээд бусадтай уралцдаг тухайгаа хэлснийг Та графикаас анзаарсан нь лавтай. Хүүхдүүд бидний, эх орныхоо ирээдүйн иргэн гэдэг нь хувирашгүй үнэн. Хариуцлагагүйгээсээ болж хэдэн хүүхдийг эрсдэлт зан үйл (архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх)-д автуулж, цахим гадуурхлын золиос болгох вэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай