Бэртэл ч үл зогсоох ВОЛЕЙБОЛЧИН

Бэртэл ч үл зогсоох ВОЛЕЙБОЛЧИН

Сүүлийн жилүүдэд манай улсад волейболын спорт хөгжиж, тэр хэрээр тамирчдын амжилт, ур чадвар ахиж байгаа. Өнөө цагийн Монголын волейболын өнгийг тодорхойлж, гаднын томоохон клубүүдийн анхаарлыг татаж буй цөөнгүй тамирчин манайд бий. Тэдний нэг бол Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Тэнүүн-Огоо” клубийн тамирчин Э.Сайханбаатар.

2015 онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий үеэр спортын хорхойтнууд түүнийг сайн мэддэг болсон. Учир нь, Э.Сайханбаатар хамгаалалт, довтолгооны хамаг л хүнд ачааг үүрч, бусдаас эрс ялгарч байсан юм. Монголын шигшээ багийнхан БНСУ-ын волейболчидтой хүрэл медалийн төлөө тоглоход “Буянт-Ухаа” спорт цогцолборт цугласан монголчууд “Сайханаа, Сайханаа” хэмээн уухайлан дэмжиж, “Даанч ганцаардаад байх юм. Түүн шиг дахиад ганц тоглогч байсан болоосой. Солонгосчуудыг хожих боломж байна шүү” гэж халаглаж байсан нь санаанаас ер гардаггүй юм.

Тус тэмцээний сурталчилгааны баннерыг Э.Сайханбаатарын довтолж буй зургаар урласан нь түүнд Монголын волейболын холбооныхон хэр их итгэл хүлээлгэн, хүндэлж явдгийнх нь илрэл болов уу. Тэрбээр хоёрхон хоногийн дараа Монголд эхлэх Зүүн Азийн АШТ-д багийнхаа хамт оролцон, 2015 онд гаргасан алдаагаа засан, медаль хүртэхийн төлөө бэлтгэлээ базааж байна.

ЭЭЖИЙНХЭЭ ҮРГЭЛЖЛЭЛ, САЙХАНАА

Түүний ээж нь үндэсний шигшээ багийн тоглогч асан, ОУХМ Б.Уранчимэг гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй. Багаасаа волейболд хорхойсож, дурласан тэрбээр найман настай байхдаа ээжээрээ волейбол заалгажээ.

Энэ спортод багын дөртэй, авьяастай байсан Э.Сайханбаатарын ур чадвар өдрөөс өдөрт ахисаар волейболтой амьдралаа холбосноосоо хойш хоёрхон сарын дараа болсон мини волейболын УАШТ-д оролцон, “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсандаа их урамшсан гэнэ. У

АШТ-ээс хэчнээн медаль хүртсэнийг нь тодруулахад “Үнэнийг хэлэхэд яг тэд гэж тоолж байгаагүй. Тоог нь алдсан. Лав Ерөнхий боловсролын сургууль төгсөтлөө оролцсон тэмцээнээсээ медалиас мултарч үзээгүй. Би шилдэг довтлогч, ээж минь шилдэг дасгалжуулагчийн шагналыг олон удаа хүртсэн” хэмээн инээмсэглэв.

Ээж нь түүнийг багаас нь багийн ахлагч болгосон нь биеэ даан тоглолт удирдах, чухал үед оновчтой шийдвэр гаргах чадвартай болоход нь их дэм болсон нь дамжиггүй. Алдаа гарахад багийнхнаасаа хамгийн түрүүнд шүүмжлүүлж “Ганцхан намайг л зэмлэдэг” хэмээн ээждээ тунирхаж явсан удаа ч цөөнгүй гэнэ.

Э.Сайханбаатар ээжийнхээ удирдлага доор бэлтгэлээ базаасаар, амжилтаа ахиулсаар байлаа. 2008 онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий үеэр түүний амьдралыг эрс өөрчилсөн нэгэн явдал тохиолдсон юм. Эл тэмцээнд түрүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Э.Сайханбаатартай уулзан, шалгаж үзэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Улмаар түүнийг багийнхантайгаа хамт байрлуулж, бэлтгэл хурд, довтолгоо, хамгаалалтын техникийг нь голчлон шалгаж байгаад тэнцүүлжээ. Ийнхүү Э.Сайханбаатар БНСУ-ын оюутны дээд лигийн “Hanyang” багт тоглох эрх өвөртлөн, хилийн дээс алхсан юм.

Дөнгөж Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүд соёл, ёс заншлын ялгаа, хэлний бэрхшээлээс авахуулаад саад их тулгарчээ. Тэр тухайгаа “Дөнгөж очсоны дараа шантарч, эх орон руугаа буцъя гэж хэд хэдэн удаа бодсоноо нуугаад яах вэ. Тэр үед гэрийнхэнтэйгээ утсаар холбогдон, сэтгэлээ онгойтол ярьж, тайтгардаг байлаа. Солонгос хэл мэддэггүй байсан надад бусадтай харилцах шиг хэцүү даваа байгаагүй. Бас бэлтгэлийн ачаалал. Өдөрт 5.00-7.00, 9.00-12.00, 14.00-1600, 18.00-21.00 цагийн хооронд дөрвөн удаа бэлтгэл хийнэ. Бүр тэсгэл алдран “Гэртээ харьчихаад ирье” хэмээн худлаа хэлэн, багшаасаа нэг сарын чөлөө авлаа. Бүр нутаг буцахаар шийдсэн маань тэр. Гэртээ ирсний дараа аав минь “Миний хүүгийн оронд өөр хүн сонгож болох байсан байх. Олон хүн дундаас сонгогдож явсан нь чиний аз. Чамайг өндөр амжилт гаргаасай гэж олон хүн итгэж байгаа. Тэдний итгэлийг ингээд хөсөрдүүлэх гэж үү. Эр хүн хэлсэндээ байх сайхан” гэж захисан нь надад ихийг бодогдуулсан. Тэгээд эхэлсэн ажлаа дуусгая, үр шимийг үзье гээд эргэн очиж билээ” хэмээн дурслаа.

Холбогчийн туслах буюу “S” байрлалд тоглодог байсан тэрбээр багийнхаа хамт анхны амжилтаа 2010 онд гарган, оюутны дээд лигт түрүүлжээ. Э.Сайханбаатар дөрөвдүгээр дамжаа төгсөх жилээ аль хэдийнэ оюутны дээд лигт тоглож буй тамирчдаас эхний тавд багтаж амжив.

БНСУ-ын үндэсний лиг оюутны лигийн эхний зургаад бичигдсэн тамирчдыг драфтын нэгдүгээр сонголтоор авдаг дүрэмтэй. Тиймээс Э.Сайханбаатарт томоохон багт хүчин зүтгэх боломж бүрдээд байсан хэрэг. Гэтэл тэр жил хүндэтгэх шалтгааны улмаас сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй гэдэг.

ХЭРВЭЭ ТЭР БЭРТЭЭГҮЙ БОЛ...

Тамирчны хамгийн харгис дайсан бол яахын аргагүй бэртэл, гэмтэл. Энэ дайсан түүнийг ч бас тойроогүй. Э.Сайханбаатар дараа жил нь “Meongjide” багийн эсрэг 47 оноо авсан нь волейболчны замналынх нь хамгийн өндөр амжилт. Өмнөх өдөр нь тааруу тоглосон хэмээн дасгалжуулагч нь түүнийг гуравдугаар үеэс тоглуулсан ч дээрх амжилтыг гаргасан нь ур чадвартайгийнх нь илрэл биз ээ. Хэрвээ Э.Сайханбаатарыг тоглолтын эхнээс гараанд гарган тоглуулсан бол бүр ч олон оноо авах байсан нь мэдээж.

Сүүлийн гурван үеийн турш “Hanyang”-г хожилд хөтөлсөн тэрбээр багийнхаа хамгийн сүүлчийн оноог авчихаад буухдаа өрсөлдөгч багийнх нь тамирчны хөл сетгэн доогуур орж ирснийг мэдэлгүй дээр нь гишгэчихжээ. Итгэхэд бэрх тоглолт гаргасан түүний “Хожлоо” гэх баяр нь хормын төдийд эсрэгээрээ эргэх нь тэр.

Хөл нь шагайгаараа бүтэн эргэж, юу ч мэдрэхгүй байсан гэнэ. Бүхэл бүтэн таван жилийнх нь хөдөлмөр салхинд хийсч, үндэсний лигт нэгдүгээр сонголтоор тоглох нь тодорхой байсан (оюутны лигийн волейболчдын чансааг тэргүүлж байсан) төдийгүй “Самсунг”, Эрчим хүчний багаас санал ирсэн нь ч замхран оджээ.

Э.Сайханбаатар хүнд үеийнхээ тухай “Бэртлээ эдгээгээд үндэсний лигт нь тоглох боломж надад байсан. Солонгосын лигийнхэн бэртэл чинь дараа жил илааршчихна, ганцхан жил хүлээчих гэдэг байлаа. Хөлд мэдээ орохгүй байх вий гэж их айсан. Солонгосын эмнэлэгт үзүүлэхэд “Мэдээ л орохгүй бол ямар ч аргагүй” гэдэг байсан ч найман сарын турш уйгагүй эмчлүүлсний эцэст хөл дээрээ боссон азтай хүн дээ, би. Тэгээд л шууд эх орон руугаа буцсан. Энд ирсний дараа хөл зовиуртай байхаар нь бариачид үзүүлтэл мултарсан шагайг дутуу оруулчихсан байсан юм билээ” гэлээ.

ЭХ ОРОНДОО ИРЭЭД БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЛЭВ

2013 онд эх орондоо ирсэн Э.Сайханбаатар ээжийнхээ дасгалжуулдаг байсан “Алтайн барс” клубт тоглон, бүхнийг шинээр эхэлжээ. Дараа жилийнх нь хавар, намрын тэргүүн тэмцээнд түрүүлсэн амжилтаар Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхдөө шилдэг таван тамирчны нэгээр шалгарсан юм.

Мөн 2014 онд элсний волейболын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болжээ. Тус багийн дөрвөн тамирчны гурав нь ээжийнх нь шавь байсан юм. Э.Сайханбаатарын хөлний бэртэл өдгөө ч бүрэн эдгээгүй, үе үе өвддөг аж. Энэ нь түүний тоглолтод чамгүй нөлөөлж, бэртлээ сэдрээхээс айгаад заримдаа довтолж чаддаггүй ч хэр баргийн өвдөлтийг аль болох тоохгүйг хичээдэг гэнэ.

2015 оноос “Тэнүүн-Огоо” багт хүчин зүтгэж буй тэрбээр энэ жил “Холбооны цом”-д түрүүлж, шилдэг тамирчнаар шалгаран, 2017 оны амжилтын салхиа хагалжээ.

Тэрбээр шигшээ баг, клубтээ тоглохын хажуугаар ээж, аавынхаа хамт волейболын “Ирээдүй” сургалтын төв болон клуб байгуулан, залгамж халаагаа бэлдэж байна. “Ээж минь надад волейболоос гадна амьдралын ухаан заасан” хэмээж буй тэрбээр 12 дугаарын өмсгөл өмсдөг. Ээж нь 12 дугаартай тоглодог байсан тул үргэлжлэл нь болж яваагаа бэлгэдэн энэ тоог сонгожээ.

Өнгөрсөн онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан Э.Сайханбаатар удахгүй болох тэмцээнд ямар зорилго тавьсан талаараа “Бид энэ жил  амжилтаа ахиулж, медаль хүртэхийн төлөө зүтгэнэ. Улс бүхэн шилдгүүдээ сойж байгаа болохоор амар өрсөлдөгч байхгүй нь мэдээж. БНХАУ-ын баг л гэхэд олимпод оролцдог гурван тамирчнаар хүчээ зузаатгасан байна лээ. Бид “Эко” цогцолборт бэлтгэлээ базааж байна. Волейбол бол багийн спорт. Амжилт гаргах нь ганцхан хүнээс бус, бүгдээс нь шалтгаална. Тиймээс тамирчин бүхэн медаль хүртэн, Төрийн далбаагаа мандуулахын төлөө хичээх хэрэгтэй” гэлээ.

Спорт бол залуу насны ажил. Хэрвээ тэр бэртээгүй бол өдийд хэр амжилт гаргах байсныг таахад бэрх. Ийм нэгэн залуу бидний дунд амьдарч, Монголын волейболын спортын нүүр царай болж явна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай