Ш.Эрдэнэбилэг: Хүү минь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний аравт орчихоосой гэж хүсдэг

Зочны өрөөний зүүн булангаас эхлээд гал тогооны шүүгээн дээр хүртэл алтан шаргал цом эрийтэл өрсөн нь ямар ч тансаг, үнэтэй тавилгаас илүү гоёмсог харагдах аж.

Энэ бол мото спортын төрөлд Монголоос төрсөн Азийн (одоогоор) цор ганц аварга Э.Халиунболдын хөлс хүч, хөдөлмөр, нулимс, тэсвэр тэвчээр бүхний шагнал. Түүнийг аав, Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэгтэй нь хамт “Тамирчны гал голомт”-доо урилаа.

-Таны аав, Халиунболдын өвөө Шагдарсүрэн гуай Сэлэнгэ аймагт анх мото спортын клуб байгуулалцсан гэж дуулсан. Тэгэхээр үр, ач нараа энэ спортод хөтөлсөн хүн нь Шагдарсүрэн гуай бололтой. Аав тань яагаад энэ спортыг сонирхсон юм бол?

Ш.Э: -Сэлэнгэ аймгийн цэргийн хэлтсийн дэргэд авто жолооны пүүс гэж байлаа. Миний санаж буйгаар тэндээс 1965, 1966 онд Сэлэнгэд анх удаа мотоциклын бартаат замын уралдаан зохион байгуулсан. Аав дасгалжуулагч сургагч, техникийн хүн учраас хэсэг нөхрийнхөө дэмжлэгтэйгээр энэ төрлийг Сэлэнгэдээ хөгжүүлсэн.

Би зургаан настайгаасаа мотоциклын ард сууж аавыгаа дагаад Салхитын аманд зохион байгуулдаг уралдаан үздэг байлаа. Нутгийнхаа тухайн үеийн мастеруудын уралдахыг хараад энэ спортод эрхгүй татагдсан. 1980 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1983 оноос улсын шигшээ багийн тамирчин болсон. Түүнээс хойш 1996 он хүртэл уралдаанд тасралтгүй оролцсон.

-Хийж чадаагүйгээ хүүгээрээ гүйцэлдүүлэх хүсэл байдаг уу?

Ш.Э: -Мото спорт хөгжсөн орнуудын мөсөн болон бартаат замын уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох мөрөөдөлтэй байлаа. 1987 онд Ленинградад мөсөн замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Социализмын үед заавал МАХН-ын Намын төв хорооны Улс төрийн товчооны хурлаар гадаадын тэмцээнд оролцох, эсэхээ шийдүүлдэг байлаа.

Тийм болохоор социалист орнуудын дунд зохион байгуулдаг “Найрамдал”, “Ах дүүс” зэрэг уралдаанд л оролцдог. Одоо цаг сайхан болж, энэ спорт хөгжиж буй учраас бидний ирээдүй сайхан харагдаж байна.

Мэдээж хүүгээ тамирчин болгоно гээд шууд муйхраар зүтгээгүй. Хэр тамирчин болох нь вэ гэдгийг явцын дунд ажиглаад, овоо юм уу гэж бодсоны үндсэн дээр 2006 онд байраа зарж байж, Японд гурван сарын сургалтад хамруулсан. Түүний хүчинд Халиука овоо сайжирсан. Тэр үеэс л энэ спортыг хөөлгөх нь зөв юм байна, харин ч бүр багаас нь сургалтад хамруулдаг байж гэж бодсон. Одоо хүү минь нэгэнт энэ спорттой амьдралаа холбосон учраас илүү том амжилт гаргуулчих юм сан гэж бодолгүй яах вэ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний аравт орчихоосой гэх хүсэл бий. Гэхдээ хөрөнгө санхүүгээс эхлээд янз бүрийн бэрхшээл байнга гардаг. Мото спорт өндөр хөгжсөн Америк, Японы улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа. Үүндээ гайгүй амжилттай яваасай гэж бодох юм. 2015 онд Японы аварга шалгаруулах уралдаанд нэлээд амжилттай явсан ч техникийн асуудлаас болоод байр ухарсан.

Тэр үед амжилт гаргавал, “Сүзүки” мотоциклын үйлдвэрийн багт багтаах санал ирсэн. Даанч аз таараагүй.

-Халиунболд нэгэн ярилцлагадаа “30 наснаас хойш уралдахад тийм ч тохиромжтой биш” гэсэн байна лээ. Хэдэн нас хүртлээ уралдах вэ. Дараа нь юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Э.Х: -Би 30 хүрэх арай болоогүй. 30 нас хүрсэн ч Монголынхоо уралдаанд оролцоно. Харин олон улсад эх орноо төлөөлж уралдах нь цөөрөх байх. Гэхдээ шинэ үеийнхэн намайг гүйцэх хүртэл уралдахаа болихгүй. Хэрэв боломж байвал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх гараанд оролцож үзэх юм сан гэж боддог.

Өндөр зардалтай спорт учраас манайхаас бүгдэд нь оролцсон хүн байхгүй. Би өнгөрсөн жилээс “Болд мото спорт” нэртэй клуб байгуулаад тамирчдад сургалт зохион байгуулж байна. Азийн тамирчидтай бидний түвшин ойр ч тэд илүү сайжраад, манайхан байрнаасаа хөдлөхгүй байна гэж дүгнэж буй. Тийм болохоор зөвхөн дотроо уралдаад байлгүй олон улсын тэмцээнд оролцож, туршлага судлаасай гэж боддог. Тэднийг сайжруулахад гол анхаарлаа хандуулах зорилго бий.

-Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юү?

Э.Х: -Өнгөрсөн жил хүнд бэртээд аарцгаа задалж, эмнэлэгт удаан эмчлүүлсэн учраас үндсэн бэлтгэлдээ саяхнаас орсон. Америкаас саяхан ирэхээсээ өмнө нэгэн уралдааны хоёр ангилалд найзынхаа мотоциклыг унаж оролцсон. Уралдах минут богино учраас бэлтгэл багатай ч оролцох боломжтой байсан хэрэг. Тэгээд оролцсон ангилалдаа түрүүлсэн. Ирэх наймдугаар сард Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй.

-Санаанаас гардаггүй дурсамжтай уралдааныхаа тухай яриач?

Ш.Э: -2007 онд БНХАУ-д Азийн багийн уралдаан болж, 10 гаруй улсын тамирчин оролцсон юм. Бусад тамирчны техник хэрэгсэл, унааг хараад Халиука 10 дугаар байрт л орох юм байна гэж дүгнэсэн. Гэтэл үзүүр, түрүүнд уралдаж эхлэхэд нь шоконд орсон. Тэр хүртэл манай тамирчид хятадуудын урд орж үзээгүй байсан юм. Бидний хамгийн том амжилт тэндээс эхэлсэн. Азийн мотоциклын холбооны мэргэжилтнүүд ч түүнийг өндөр үнэлсэн юм. Ингээд дараа жил нь Халиука Азийн аварга болсон.

Э.Х: -2008 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн Иранд болсон. Манай холбооны нарийн бичгийн дарга хамт явах байсан ч санхүүгийн асуудлаас болж би ганцаараа очсон. Олон хүний бүрэлдэхүүнтэй байх тусам тамирчин амарч чаддаг. Ганцаараа явахад мотоциклоо бэлтгэх, агаар шүүгчээ өөрөө цэвэрлэх, шавартай үед угаахаас эхлээд ажил ихтэй.

Мөн хүний нутагт бэртчихвэл яах вэ гэж санаа зовно. Ханьтай бол сэтгэл санаа тайвширч, бүх анхаарлаа уралдаандаа хандуулж чаддаг. Би тэр уралдаанд хэдий ганцаараа оролцож, дотроо айдастай байсан ч Азийн аварга болсондоо баяртай байдаг. Намайг тоссон иран залуу “Чи ганцаараа ирчихээд түрүүлчихэж байгаа юм уу” гээд гайхаж билээ.

-Та хоёрын айдас юу вэ. Ийм дайсантайгаа хэрхэн тэмцдэг вэ?

Э.Х: -Айдас гэхээсээ эргэлзээ их саад болдог. “Чадах болов уу, яах бол” гэж эргэлзвэл ямар нэг муу юм болдог. Өөртөө итгэлтэй байвал амжилт гаргадаг. Харин бэртэх үедээ “Хэзээ эдгээд мотоцикл унах бол” гэж л боддог.

Ш.Э: -Нэг жижиг алдаа том бэртэл дагуулах нь бий. Энэ спортод нэгэнт дурлаад хичээллэвэл айж байсан ч аюул руу улам тэмүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, 100 км цагийн хурдтай явсан бол дараа нь амжилтаа 120, 130 км/цаг болгоно, 20 метр харайж чадсанаа маргааш 10 метрээр ахиулна гэх хүсэл уралдаанд оролцогч бүрт төрдөг. Түүнээсээ ч таашаал авдаг юм.

Харин дасгалжуулагч, аав хүний хувьд хүү минь бэртэх вий гэх айдас үргэлж дагадаг. Гадаадын уралдаанд оролцоход нь тэр бүр хамт явж чадахгүй. 2015 оноос Америкийн” Чэмп фактори” багийн гишүүн болж уралдсан. Цагийн зөрүүтэй болохоор хариу хүлээгээд нойр ч хүрэхгүй. Айхтар шашин шүтлэггүй ч түүний төлөө үргэлж залбирдаг.

-Тэгвэл энэ спортод аз хэр чухал вэ?

Ш.Э: -Мэдээж аз чухал. Мундаг хэрнээ уралдааны үеэр азгүйтдэг тамирчин олон бий. Гэхдээ манай нөхцөлд азанд найдах хэцүү. Өөрөөс нь гадна техник хэрэгсэл амжилтад нөлөөлдөг учраас тэр.

Э.Х: -Урд яваа оролцогчийн унаа эвдрэх, өөр нэг хүний буруугаас хоорондоо мөргөлдөж унах тохиолдол бий. 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд уралдахад би тавдугаар байрт орсон. Уралдаж байтал бензиний зөв зүгээр байсан шланг мултарчихсан юм. Азийн мотоциклын холбооны ерөнхийлөгч тэргүүтэй удирдлагад хэлэхэд “Зохион байгуулж буй улсынханд хэлье. Ийм юм болсонд уучлаарай” гэсэн. Тэгээд л би хохироод үлдсэн.

-Тэгвэл мото спортын сайхныг, кайф авах тэр мөчийг үгээр дүрслээч?

Э.Х: -Авах юм сан гэж удаан жил хүссэнээ өөрийн болгож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Мотоцикл унадаг ч харайж үзэх сэн гэж боддог хүн олон. Харайх анхны оролдлогын үед огшиж, бие арзас хийгээд л, газраас хөндийрч, буух хүртэлх хугацаа их урт санагддаг.

Ш.Э: -Унааныхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж, хурдтай давхиж, бартаа саадыг туулж, өндөр харайхаас их таашаал авдаг. Бартаат замыг 30 минут туулж, харайж цовхорч, саад давахдаа жолооч авхаалж самбаа, хүч чадал, булчин, оюун ухаанаа зэрэг ажиллуулдаг. Харин хөндлөнгийн хүн үүнийг ойлгохгүй, сууж байж юунд нь ядардаг юм гэдэг.

-Э.Халиунболд Азийн аварга болсон амжилтаа ахиулж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

Ш.Э: -Ерөөсөө л санхүүгийн асуудал. 10 мянган ам.долларын мотоциклоор мэргэжлийнхний уралдаанд амжилт гаргахад хэцүү. Мэргэжлийн тамирчдын унадаг мотоцикл 40, 50 мянга, 100 мянган ам.доллар хүртэл үнэтэй. Гэтэл бид тийм түвшинд очиж чадахгүй болохоор уралдаанд техникийн ялгаа гардаг.

Санхүүгийн асуудлаа шийдсэн тохиолдолд сайн дасгалжуулагч, баг, мэргэжлийн уралдааны зам дээр бэлтгэл хийх хэрэгцээтэй. Тийм хэмжээнд хүрвэл амжилтад хүрнэ гэж өнөөдрийг хүртэл найдсаар, Америкт бэлтгэл хийлгэж байна.

Э.Х: -2009, 2010 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. 2009 оныход унаж, бугуйгаа мултлаад, оноогоо нөхөж чадахгүй явсаар хоёрдугаар байрт орсон. 2010 оныход сүүлийн гарааны үеэр эгмээ хугалчихсан. Цааш нь үргэлжлүүлээгүй ч оноогоороо мөнгөн медаль хүртсэн. Дахиад Азийн аварга болох сон гэж их хүсдэг.

-Таны амжилтыг яагаад монголчууд эвдэж чадахгүй байна вэ?

Э.Х: -Залуучууд гадаадад очиж уралдахгүй байгаа нь санхүүгийн боломжтой холбоотой. Энэ спортоор хичээллэхэд ар гэрийнхний дэмжлэг их чухал. Гэр бүлийнхэн минь маш том золиос гаргаж байж намайг өдий зэрэгт хүргэсэн.

Ш.Э: -“Талх авснаас тэр мөнгөөрөө бензинтэй болъё”, “Жийп хөлөглөж байснаас жижиг тэрэг унаж, зөрүүгээр нь хүүдээ мотоцикл авсан нь дээр” гэх зэргээр байнгын дэмждэг байлаа.

Амжилт гаргахад төрөлхийн авьяас, бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээрээс гадна техникийн мэдлэг чухал. Уг нь уралдаанд механикч, эмч дагаж явах ёстой ч хүү минь бор зүрхээрээ ганцаараа зүтгэж буй. Хаа байсан Америкт, дэлхийн одод уралдахын хүслэн болдог супер кросс төрөлд Монголынхоо нэрийг чадан ядан гаргаж байгаад нь хүүгээрээ бахархаж байна.

-Аав нь хүүдээ юу гэж захидаг бол?

Э.Х: -Мото спорт биеийн бүх булчинг ажиллуулдаг учраас хүчний бэлтгэл хийх нь хамгийн чухал гэдгийг ойлгуулсан. Аав минь хэдий хүнд бэртэж, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн ч хэцүү бэрхэд сөгдөөгүй. Харин ч бүхнээ зориулсан спорттойгоо амьдралаа холбосон. Тиймдээ ч надад амьдралаараа үлгэр дуурайл үзүүлж байна. Аав гэмтээд 20 гаруй жил болсон ч үргэлж түүний талд байж, хүүхдүүдээ дэмждэг ээжээрээ бас их бахархдаг. Хэрэв ээж эсэргүүцсэн бол би тамирчин болохгүй байсан ч байж мэднэ.

-Та хүүхдүүдээ энэ спортоор удам залгамжлан амжилт гаргаасай гэж хүсэж байна уу?

-Э.Х: -Хэрэв үүнд сонирхолтой байвал дэмжинэ. Энэ спортод дурлаасай ч гэж хүсэж байна. Би багадаа юун дээр алдаж байснаа мэдэж байгаа. Аавын надад заасныг хувийн туршлагатайгаа хослуулж хүүхдүүдээ сургавал илүү дөхөм байх болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай