Хүлээлтээс гадуурх ялагч

Хоёр гуравхан хоногийн өмнө л Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ, намууд яаж оролцох вэ гэдэг нь таамаг төдий байж, янз янзын хувилбар хөвөрч байсан бол өдгөө бараг бүх зүйл тодорхой болжээ. МАН-ынхан намын дарга М.Энхболдыгоо нэр дэвшүүлэхээр санал нэгтэйгээр гар өргөлөө. АН ч бас харьцангуй нам гүм, нэг их дуулиан шуугиангүйгээр гишүүдээсээ саналыг нь асууж Х.Баттулга олонхын санал авсныг зарлав. МАН-ын хувьд болох ёстой зүйл л болсон. Харин АН-ын хувьд... Жамаараа л яваа хорвоо юу, эсвэл ямар нэгэн хүч үйлчлэв үү гэдэг эргэлзээг олон хүнд төрүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх санал асуулгад Х.Баттулга гишүүдийнхээ олонхын саналыг авсан тухай мэдээллийг гайхан хүлээж авсан нийтлэл, сэтгэгдэл өчигдөр олон нийтийн сүлжээний нүүр хуудсыг дүүргэж байв.

2001 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Р.Гон­чигдорж, М.Энхсайхан нар өрсөлдөөд, намаа хоёр хувааж орхисон базаахгүй турш­лагатай АН энэ удаа арав шахам горилогчоо хэрхэн уралдуулж, тэд нь яаж уралцах бол хэмээн хэрэгт дурлагчид хүлээсэн ч төсөөлсөн шиг нь зүйл болсонгүй. АН санасныг бодоход ямар ч дуулиан шуугиангүй, санаанд оромгүй намдуухнаар нэр дэвшигчээ тодруулчихлаа. Гагцхүү нам доторх өрсөлдөөний ялагч олон хүний таамаг, хүлээлтийг эвдсэн нь өчигдөр тодорхой харагдаж байв.

Х.Баттулгыг нэр дэвшигчээр тодрох нь бүү хэл, өрсөлдөөнд оролцоно гэж тооцсон хүн ч цөөхөн байсан болохоор түүний ялалт цочир сонин байсан биз. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүлээс эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэл тээж яваагаа ээлж дараалан мэдэгдэж, ил, далд бэлтгэлээ базааж, сурталчилгаагаа хийж байхад Х.Баттулга чимээгүй л байв. Тун саяхныг хүртэл түүний нэр Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын жагсаалтад байгаагүй. Шинэ төмөр зам, аж үйлдвэрийн парк зэрэг асар их мөнгөн дүн ярьдаг, буруу, зөвийг нь өнөө хүртэл шүүж тогтоогоогүй төслүүдийнхээ “ачаар” нийгэмд нэр хүнд нь багагүй унаж, сөрөг имижтэй болсон түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зориглоно, бүр на­маасаа эрх аваад гараад ирнэ гэж санасан хүн цөөн байв.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ мэдэгдсэн хүний тоо ес хүрч, тэднээс Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргал­ сайхан нар гишүүдээрээ шийдүүлэхээр өрсөлд­сөн билээ. 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрээр дамжуулан явуулсан санал асуулгад гишүүдийн 60 хувь оролцсон гэж АН-аас мэдээлсэн. Нэр дэвшигчдээс Х.Баттулга 2740.9, Р.Амаржаргал 2374.8, Д.Дорлигжав 1058.6, Н.Алтанхуяг 1044.1, Л.Болд 917.3, Б.Жаргалсайхан 213.3 оноо авсан гэсэн дүн гарсан. Гишүүдээсээ хамгийн олон санал авсан Х.Баттулга маргааш болох VIII их хурлаар батламжлуулчихвал АН-аас тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ халаасална.

АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгохдоо гишүүдээс олон са­нал авсан хоёр хүнийг их хуралд оруулна гэж байснаа больж, ганц хүнийг оруулахаар болсон. Мөн танхимаас нэр дэвшүүлэх боломжгүй. Товчхондоо Х.Баттулгыг батламжлахын тулд л их хурал хуралдана. Тэгэхээр түүнд их хурлаас дэмжлэг авахгүй байх вий гэх айдас үгүй.

М.ЭНХБОЛД, Х.БАТТУЛГА ХОЁР ТОХИРОЛЦСОН ГЭВ ҮҮ

Х.Баттулгын ялалт зарим хүнд төсөөлөөгүй шинэ сонин байсан бол заримынх нь хувьд хэзээний хуучирсан мэдээ байв. Түүнийг Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа улс төрийн хүрээнийхнээс барим тавим дуулдаж эхэлсэн нь цөөн биш хоногийн өмнөх явдал. Амнаасаа дэмий хоосон үг барагтай унагадаггүй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Х.Баттулга, М.Энхболд хоёр тохиролцсон. АН-аас Х.Баттулга нэр дэвшин, М.Энхболдод “унаж өгөөд”, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй өөртэй нь холбоотой хэргүүдийг хаалгана” гэсэн утгатай зүйл хэлсэн. М.Энх­болдын сонгуулийн сурталчилгаа гэдэг нь хар­ваас илт телевизийн нэвтрүүлгийг бэлтгэхэд Х.Баттулгын шадар цэргүүд харамгүй сэтгэлээр тусалснаас эхлээд өрнөж буй үйл явдлууд Ц.Нямдоржийн хардлагыг алхам алхмаар нотлоод байх шиг...

“АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬ БОЛОХООС ӨМНӨ ДҮН НЬ ГАРЧИХСАН БАЙДАГ”

АН дүрэмдээ өөрчлөлт оруулан, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор томоохон шийдвэрийг нийт гишүүнээрээ гаргуулахаар болсон. Энэ дагуу намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ гишүүдийн саналаар тодрууллаа. Гэвч бөөн явдал суудал, зардал чирэгдэл болон хийж буй намын дотоод сонгууль олны итгэл үнэмшлийг төрүүлэхгүй байна. “АН-ын дотоод сонгууль болохоос өмнө дүн нь гарчихсан байдаг” гэсэн ёгтлол ч гарчээ.

Намын даргын сунгаа явуулахаас өмнө “З.Энхболд “Шонхор” фракцын хүнд тамгаа шилжүүлнэ” гэсэн яриа гарсан нь ёсоор болсон. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгаас өмнө “З.Энхболд, С.Эрдэнэ нартай ойлголцож, нэг тал болж ажилладаг Х.Баттулгад нэр дэвших эрх ногдоно” гэлцсэн нь мөн л биеллээ олов. Энэ мэтээс үүдээд АН-ын дотоод сонгуулийг жүжиг гэж үзэх хандлага нэлээд байна. 

Нэр дэвшүүлэхээс эхлээд бүх зүйлийг мөн­гөөр хэмждэг АН-ын дотоод сонгуульд мөн­гөний нөлөө багагүй. Намын даргын сонгуу­лийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан тухай гомдол гарсан ч дотоод сонгууль тул нэг их хүчээ авалгүй өнгөрсөн. Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах үеэр ч сум бүхэнд ухуулагч томилон, мөнгө өгч ажиллуулсан, гишүүдэд мөнгө тараасан нэр дэвшигч илүү санал авсан тухай ярьж байна.

Мөн АН санал өгөх гишүүдийн бүртгэл, нэ­рийн жагсаалтаа хэрхэн гаргадаг нь эргэлзээ тө­рүүлсээр буй. Намын даргын сонгуулиар ч, энэ удаа ч шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, татва­раа төлөн, санал өгөх болзлоо бүрэн биелүүлсэн байтал нэрийн жагсаалтаас хасагдсан хүн олон байлаа. Намын даргын сонгуульд оролцож, са­налаа өгсөн зарим гишүүний нэр энэ удаа жаг­саалтаас хасагдсан байсан гэсэн гомдол ч цөөн­гүй ирсэн байна. Уг нь өмнөх сонгуульд нэрийн жагсаалтад бичигдэж, саналаа өгсөн хүн энэ удаа хасагдах ямар ч үндэслэлгүй юм. Энэ мэ­тийн эргэлзээ төрүүлэх зүйл АН-ын дотоод санал асуулгын эргэн тойронд бий хэдий ч гишүүдийнхээ оролцоотойгоор шийдвэр гар­гаж буй нь дэвшил гэдэгтэй санал нийлэхээс аргагүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай