М.Энхболд VS Х.Баттулга

Төрийн тэргүүний төлөө өрсөлдөх эрх өвөртлөөд буй МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд ээлжит сонгуулийн гол “тоглоом” өрнөх нь дамжиггүй. Монголын улс төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн институц ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах вэ гэдгийг тандахын тулд нэр дэвшигчдийг хувь хүн талаас илүүтэй сонжих нь ч гарцаагүй. Манайхан “Уяач, бөх хоёр Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх нь” гээд нийгмийн сүлжээнд маазарч л байна. Сургууль дүүргэж, мэргэжил эзэмшсэнээр нь харьцуулбал эдийн засагч, зураач хоёр өрсөлдөх нь гэж хэлж ч бас болно. М.Энхболд эдийн засагч, Х.Баттулга зураач гэдгийг мэдэх хүн олон байж болох ч тэд чухам хэн юм бэ. Тоолбол нас бараг чацуу, тавь гарч яваа тэдний боловсрол мэдлэг, улс төрийн замналыг сонирхоё.

М.Энхболд өөрийн туулж ирсэн замналыг “төрийн байгууллагын жирийн албан хаагчаас их хотын захирагч, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага-парламентын спикер хүртэлх, 30 гаруй жилийн өгсүүр зам” хэмээн тодорхойлно лээ. Яг 30 жилийн өмнө МУИС-ийг дүүргэсэн даруйдаа тэр Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажиллаж эхэлсэн юм билээ. Энэ л салбартаа дарга, “цэргийн” аль алиныг хийж ирсэн нь ч М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан он жилүүд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэсэн гэлцдэг. Харин Х.Баттулга бол бизнесээс төрсөн түүх. Тиймээс ч түүнийг бизнесээр нь овоглож, “Женко” гэдэг. Өдгөө түүний мэдэлд хэд хэдэн томоохон компани бий. Түүний төрд ажилласан түүх 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос эхэлж, С.Баярын тэргүүлсэн, “стандарт бус” Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоноор баяжина. Ийнхүү дараалан төрийн түшээгээр сонгогдож, “давхар дээлтэн” гэгдэж явсан түүний түүх төрийн улс төрийн албан тушаалтай л холбогдож байна.

Түүх ихтэй, том намыг хоёр дахь удаагаа удирдаж буйгаараа М.Энхболд бахархдаг юм билээ. Түүний төрийн албанд хүчин зүтгэсэн, улс төрд замнасан хугацаа хийгээд “агуулга” тэгтлээ хол биш аж. Шинэхэн кадрыг нийслэлийн Засаг даргад дэмжих бодлого 2000-аад оны МАН-д байгаагүй. Тиймээс ч ардчиллын салхи сэвэлзэж, “ах” намынхныг шахаж эхэлсэн 1990 онд улс төрийн амьдралд эргэлт буцалтгүй орсон М.Энхболдыг Улаанбаатарын захирагчаар ажиллах болзол хангасан гэж үзсэн биз. МАН-ыг хоёр удаа удирдах хүртлээ тэр намын жирийн гишүүнээс авахуулаад үүр, хороо, нийслэлийн дарга гээд аль алиныг нь дамжсан байх юм. Х.Баттулгын тухайд тэр ардчиллын “алтан хараацай” биш. М.Энхболдыг намын батлах өвөртөлж байхад Х.Баттулга нааш, цааш наймаанд явж, биеийн тамирын зааланд бэлтгэл хийж байв. Тэрбээр харьцангуй сүүлд улс төрд хөл тавьжээ. Тодруулбал, “Эх орон” намаас 2004 онд АН-д элссэн аж.

Төрийн тэргүүнийг тодруулах түмэн олны хувьд мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй эрхмүүдийг эхний удаа харьцуулсан нь энэ. Тэдний ялгааг дээд болон дунд боловсролтой гэдгээр л дан ганц тодорхойлж боломгүй нь эндээс харагдаж буй биз ээ. Угаас Төрийн тэргүүний төлөө хүч үзэх гэж буй хүмүүсийг олон шалгуураар үнэлэх учиртай. Тэгвэл М.Энхболд, Х.Баттулга хоёрын туулж ирсэн замнал, танигдсан талбар ч тэс өөр аж. Цаашид тэднийг дагалддаг сайн, муу зүйлсийг харьцуулах шаардлага тулгарах нь зайлшгүй. Шүүхийнхнийг “атгадаг” гэгддэг Ерөнхийлөгчийн байр сууринаа хэн илүүтэй тэмүүлэх бол. Бас тэр суудлыг хэнээс холдуулж, зай бариулах ёстойг сонгогчид мэргэнээр шүүх буй за.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай