“Гол дүр”-ийн ЭРЭЛ ЭХЛЭВ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа өчигдрөөс эхэллээ. Энэ сарын 6-ны 00.00 цаг гэхэд уг сонгуульд оролцох эрхтэй гурван нам нэр дэвшигчээ тодруулчихсан байх учиртай. МАН, МАХН-ынхан өнөөдөр Бага хурлаа зарлаж, “гол дүр”-ээ тодруулахаар төлөвлөжээ. АН-ын хувьд хоёр үе шатаар нэр дэвшигчээ тодруулна. Тус намын Дотоод сонгуулийн хороо нэр дэвших хүсэлтэй хүмүүсээ өчигдөр 09.00-13.40 цагийн хооронд бүртгэж, үнэмлэх олгосон юм. Ингээд Л.Болд, Х.Баттулга, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын нэр саналын хуудсанд бичигдэхээр болж байна. Өнөөдөр тус нам бүх гишүүнээсээ санал хураана. Улмаар хамгийн их санал авсан нэг хүний нэрийг энэ сарын 6-нд товлосон их хурлаараа батламжлах юм.

ТААМАГ ТОЙРСОН ТАЙЛАЛ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намуудаас АН-ын дотоод өрсөлдөөн хамгийн ширүүн байсан. Тус намынхан УИХ-ын сонгуульд “навс” ялагдаж, орон нутгийн сонгуулиар 100 гаруй суманд л илүүрхсэн билээ. Фракцын талцлаасаа болж, арайхийн бүлэг байгуулах хэмжээний суудал л авч чадсан тэд шинэчлэл, өөрчлөлт хийхээр зүтгэж буй. Гэвч өнөөх талцал, зөрчил арилахгүй, харин ч удирдлагын эрх нэгээс нөгөө фракцад шилжих төдий л “өөрчлөлт” гарсан гэх шүүмжлэл бий. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь АН сэхэхэд маш чухал. Тиймээс энэ хариуцлагатай сонгуульд ялах бүрэн магадлалтай хүнээ л сойх учиртай. Бас тэр хэрээрээ дотоод өрсөлдөөн чанга, горилогчийн тоо 10 дөхөж байв. Тус намын удирдлагыг гартаа авсан “Шонхор” фракцынхан З.Энхболдыгоо зүтгүүлнэ гэсэн яриа гарч байлаа. Гэвч уг сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийнхэн горилогчдоо хүлээн авч уулзахад тэр ирсэнгүй. Тэгмэгц “Х.Баттулга нэрээ татаж, оронд нь З.Энхболд орж ирж магадгүй” гэсэн таамаг гарсан. Гэвч З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийг “сонирхоогүй” болж таарав. Уг сонгуульд өрсөлдөнө гэдгээ олон нийтэд мэдэгдсэн дөрвөн хүнээс хоёр нь хүрээний гадна үлджээ. Ардын баатар Э.Бат-Үүл Цагаан сарын дараа намынхныхаа золголтын үеэр энэхүү сонгуульд нэр дэвшиж, сунгаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэр өчигдөр бүртгүүлсэнгүй.

Бас энэ талаараа ямар нэг тайлбар ч хийсэнгүй. Мөн нийтлэлч Б.Баабар өдөр тутмын сониноор дамжуулан “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээн бүтэн нүүр дүүрэн мэдэгдэл хийсэн нь ч ердөө л “тандалт” байсан болж таарлаа. Тэрбээр “Би шигшээд нэрээ хавчуулж, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье гэж зарласан минь үнэн. Манай нийгэм хэрхэн бузартсаныг хүмүүст хэлж түгшүүрийн харанга нүдэхэд тохиромжтой цаг, дуулдахуйц, чимээ ихтэй дохио зангаа болж чадна гэсэндээ ингэсэн юм шүү. Түүнээс би эхнээсээ Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө үзэлцэх гээгүй, тийм санаа угаасаа байгаагүй” хэмээн тайлбар хийжээ. Хэрэв уг сонгуульд өрсөлдвөл түүний төлөө саналаа өгөх хүн олон байгааг мэдэж авсан, улмаар талархлаа илэрхийлээд уучлалт гуйсан байх юм. Түүнийг нэр дэвшихээ мэдэгдсэний дараа Ерөнхийлөгчийн “хөзөр” үү гэх мэт хардлага ч дагасан. Гэвч Б.Баабар ердөө л өөрийнхөө рейтингийг ямар явааг “тандсан” аж. “МоАН санаачилга” фракцаас Г.Батхүү, Л.Болд нар нэр дэвших тухай мэдээлэл байсан. Эцэст нь хэн нэг нь нэрээ татах байх гэсэн таамаг харин үнэн болов. Тэр хүн нь Г.Батхүү байжээ. Ийнхүү хэдэн сарын турш хөвөрсөн таамаг тайлагдлаа.

ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардсаны дараа тус тусын зорилгоо сэтгүүлчдэд товчхон илэрхийлжээ. Зургаан сарын өмнө буюу уг сонгуульд өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарласан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг үндсэн гурван зорилт тавьж, нэрээ дэвшүүлж буйгаа хэлжээ. Юуны өмнө уг сонгуулийг тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг тойрсон талцал бүү болоосой, монголчууд аливаа асуудлаар бүү талцаасай хэмээн хүсэж, ард түмнээ нэгтгэж, хүчирхэгжүүлэх зорилт тавьж буй гэнэ. Мөн түүх, соёл, өв уламжлалаа анхаарах, Монголдоо сайхан амьдралын тулд олонх нь идэж, цөөнх нь ядуурдаг биш, дундаж давхарга бий болгох эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч ажиллах ёстой хэмээн үзэж буй аж. Тэрбээр “Би энэ гурван чиглэлийн үндсэн дээр л Ерөнхийлөгчид нэр дэвшиж, нийгмийг эрүүлжүүлэх, Монгол Улс 1990 оны сонголтынхоо замаар зөв зохистой урагшлахад нь хүч боломж, олж авсан туршлагаа ашиглан зүтгэж чадна гэсэн итгэлтэй байгаа” гэжээ.

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга дэмжлэг сайн авна хэмээн найдаж буйгаа хэлээд “УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газарт хоёр удаа орж ажилласан туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судалж, хөндөж байсан учраас надад давуу тал байгаа" хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Дээрх зургаагаас нэр дэвшинэ гэдгээ хамгийн сүүлд мэдэгдсэн хүн нь Р.Амаржаргал. Тэрбээр Дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлсний дараа гишүүддээ хандан мэдэгдэл хийж, өөрийг нь дэмжихийг уриалсан юм. Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, иргэдийн эрх хязгаарлагдан, улс орон нам даган талцаж, олигархийн бүлэглэл бий болсныг тэр шүүмжлээд үүний эсрэг зангидсан гар мэт эвтэй, төр нь цэгцтэй бодлоготой ажиллах ёстойг сануулав. Энэ бүх шаардлагыг хангаж ажиллах Ерөнхийлөгч байж чадна гэдгээ бас амлана лээ. Нөгөө хоёр намаа бодвол АН хоёр шаттай сонгууль явуулж буй нь энэ. Дээрх зургаан эрхмээс хэн нь шаардлага хангахыг, хэн нь илүү вэ гэдгийг АН-ын нийт гишүүн өнөөдөр шүүнэ.

Н.ЭНХБАЯР БА МАХН

МАН-аас намын дарга М.Энхболд нэр дэвших нь тодорхой тухай хэдэн сарын турш л ярьж, бичиж буй. Түүнтэй АН-аас хэн өрсөлдөхийг бүх гишүүнийх нь санал асуулга шийдэх нь. Тэгвэл тэдний бас нэг өрсөлдөгч нь МАХН. Уг намын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн. Хууль эрх зүйн хувьд ийм боломжтой гэдгээ ч тайлбарлажээ. Тэр нэр дэвшвэл МАН-ын даргын саналыг хангалттай хуваана. Энэ дундуур нь АН-ын нэр дэвшигч тодорч гарч ирэх “зураглал”-ыг Төрийн тэргүүн хийсэн тухай бид мэдээлсэн. Үүний тулд Н.Энхбаярын замыг “цэвэрлэх” албан бичиг үйлдэж өгөхөөр тохирсон тухай яриа ч гарсан. Үүнийг батлах мэт Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах хүсэлт гаргасан аж. МАХН-ын өнөөдөр болох Бага хурлаас ямар шийдвэр гарахыг харах үлдэв. Н.Энхбаярын нэр дэвших замыг цэвэрлэх тухай яриа үнэн, эсэх нь ч эндээс тодорхой болно. Юутай ч намууд нэр дэвшигчдээ тодруулах албан ёсны ажил эхэллээ. Бидний дараагийн Төрийн тэргүүнд хэн хэн албан ёсоор нэр дэвшихээр тунаж үлдэх бол.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай