Б.ЭНХТУУЛ: Ирэх сард багтаан татварын буцаан олголтыг өгч дуусгана

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлж өгсөн иргэд дансанд нь мөнгө орохыг тэсэн ядан хүлээж суугаа. Тэгвэл татварын буцаан олголтыг хэзээ өгөх талаар нийслэлийн Татварын газрын Орлогын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхтуулаас тодрууллаа. 

-Төрсөн, эсвэл үрчилсэн хүүхдээ гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид сургасан эцэг, эх, орон сууц худалдаж авсан иргэд татварын зохих хувиа буцаан авдаг. Энэ жил хэдэн хүн материалаа өгсөн бэ?

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн мэдээллийг өнгөрсөн хоёр­дугаар сарын 16 хүртэл хүлээж авсан. Үүний дагуу хөнгөлөлт, чө­лөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар 35.329 иргэн бүрт­гүүлсэн. Нийт 25.4 тэрбум төгрөг өгнө. 

-Мөнгийг хэзээнээс олгох вэ?

-Энэ жил материалаа бүрдүүл­сэн иргэдийг гурван хэсэгт ху­вааж, татварыг нь буцаан олгох болсон. Иргэдийн мэдээллийг нэгтгэх, түүвэрлэн шалгах ажил одоогоор үргэлжилж буй. Гэхдээ эхний ээлжийн санхүүжилт ор­сон учир хүмүүсийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Хоёрду­гаар ээлжийн хүмүүсийн нэрсийг ч Төрийн сан болон банкуудад илгээсэн. Банк нэрийн жагсаалт хүлээж аваад, мэдээллийг нягт­лах шатандаа явж байгаа. Ирэх сарын дунд үеэс хоёрдугаар ээл­жийн мөнгийг олгож эхэлнэ. 

-Тэгвэл сүүлчийн ээлжийнхэн хэзээ мөнгөө авах вэ? 

-Хүмүүсийн мэдээлэл үнэн, эсэхийг нягтлах ажил тийм ч хурдан дуусдаггүй учраас яг тодорхой хугацаа заах боломж­гүй юм. Уг нь иргэдэд хүндрэл учруулахгүй, түргэн шуурхай үйлчлэхийг зорьж буй. Гэхдээ тавдугаар сардаа багтаан бүх хүний мөнгийг олгохоор төлөв­ лөж байна. 

-Материал бүрдүүлж өгсөн хугацаанаас нь шалтгаалж гурван хэсэгт хуваасан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Энэ нь юуны түрүүнд санхүүжилтээс шалтгаалж байгаа юм. Түүнчлэн дүүргүүд хүмүүсийн материалыг хүлээж аваад хэр хурдан нягталж манайх руу явуулж буйтай холбоотой. Зарим тохиолдолд тухайн дүүргийн материал шал­гах хүн нь хувийн ямар нэгэн ажлаасаа болж мэдээлэл нэгтгэх, дүн бүртгэл хийхээ хойшлуулах тохиолдол бий. Нэг ёсондоо мэдээлэл нэгтгэх, шалгах явц хэр хурдан байна, түүнээс хамаарч аль ээлжинд нэр нь орох, эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Хүмүүс буруу, хаагдсан, өөр хүний данс явуулах зэргээр хүндрэл учруулж байна. Тухайлбал, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн буцаан олголт авах хүсэлтэй аав өөрийн­хөө биш, эхнэрийнхээ дансыг бүртгүүлсэн байх жишээтэй. Гэ­тэл материал бүрдүүлсэн хүн өөрийнхөө дансыг л өгөх ёстой. Энэ нь банкны ажлыг удааш­руулах, бусад хүмүүст саад болох магадлалтай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай