Н.Ууганбаяр: Энхийг сахиулагчид эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг илүүтэй ойлгож, мэдэрдэг

Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд саяхан эх орондоо ирсэн билээ. Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн багийн захирагчаар явсан, ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Ууганбаяртай ярилцсанаа хүргэе. 

-Танай баг эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн гэж сонслоо. Монгол цэргүүд үүргээ хэрхэн амжилттай гүйцэтгэсэн тухайгаа сонирхуулахгүй юү?

-Афганистан улсын Кабул хотод байрлах Эвслийн цэргийн баазын харуул хамгаалалтын үүргийг бид АНУ-ын цэргийн багтай хамтран найман сар шахам гүйцэтгээд ирлээ. Энэ хугацаанд Эвслийн цэргийн баазын орлогч дарга, Америкийн дэд хурандаа Курт Смит монгол цэргүүдийн сахилга зохион байгуулалт, албандаа хандах хандлага, ямарваа нэг нөхцөл байдалд шуурхай, оновчтой шийдвэр гаргах чадварыг их өндрөөр үнэлсэн. Тиймдээ ч өөрийнхөө удирдлагад байдаг ротын гурван салааг манай багийн цэргүүдтэй солилцон, хоёр хоёр сараар хамтарч үүрэг гүйцэтгүүллээ. Урьд нь манайхан Америкийн зэвсэгт хүчний нэг рот юм уу, нэг салаатай хамтран үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Энэ удаа бидэнд ингэж итгэл үзүүлсэн нь Монголын Зэвсэгт хүчний цэргийн багийн сахилга, зохион байгуулалт, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэж буй байдал, ур чадвар өсөн дээшилсний илэрхийлэл гэж бодож байгаа. Ажиллагааны газар оронд гавьяа байгуулсан цэргийн алба хаагчдад олгодог АНУ-ын “Сайшаалын медаль” болон НАТО-гийн медалиар манай багийн 113 хүнийг бүгдийг нь шагналаа. Мөн үндсэн үүргээ гүйцэтгэж байхдаа америк иргэний амийг аварсан манай гурван алба хаагчийг АНУ-ын Хүмүүнлэгийн медалиар шагнасан. Түүнчлэн Эвслийн цэргийн баазуудын дунд Дани улсаас зохион байгуулдаг, 25 жилийн түүхтэй “Данкан марш” тэмцээнд манай баг 100 хувь амжилттай оролцон, нэрэмжит медалиар нь шагнагдсан гээд яриад байвал амжилт чамгүй бий.

-Манай цэргүүд америк иргэний амийг аварсан тухай дуулаагүй санагдаж байна. Энэ тухай илүү дэлгэрүүлээч?

-2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны шөнө тэр явдал болсон юм. Орон нутгийн цагаар 00.00 цаг өнгөрч байхад цамхаг дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан II салааны буудагч, дэд ахлагч Уламбаяр баазын дотор алхаж явсан нэг хүн унахыг хараад манай ажиллагааны төв рүү яаралтай мэдэгдсэн. Тухайн үед Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын II салаа харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд салааны захирагч, ахлах дэслэгч Сэр-Од шуурхай арга хэмжээ авч, цэргийн багийн эмч, дэслэгч Б.Гантулгыг дуудан, ухаангүй байсан хүнд анхан шатны тусламж үзүүлээд, баазын нэгдүгээр шатлалын эмнэлэг рүү татсан. Тэндээсээ хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү шилжүүлэн эмчилснээр америк иргэний амь аврагдсан юм. “Энэ хүнд анхан шатны тусламжийг цаг алдалгүй, маш сайн үзүүлсний ачаар амийг нь аварч чадлаа” хэмээн баазын хоёрдугаар шатлалын эмнэлгийнхэн хэлж байсан. Тухайн үед энэ мэдээллийг хэсэгтээ гадагш задруулахгүй байхыг баазын орлогч дарга хүссэний дагуу нууцалсан хэрэг. 

-Тэр хүн нь цэргийн алба хаагч юм уу? 

-АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж байгаад тэтгэвэртээ гарсан ч “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд сургагч зөвлөхөөр ажилладаг хүн байсан. 

Эвслийн цэргийн “шинэ Кабул” баазын онцлог нь Кабулын цэргийн тойргийн аюулгүй байдлыг хангах удирдлагын бүрэлдэхүүн тэнд байрладаг юм. Ажиллагааны гол зорилго нь Афганистаны үндэсний армийг бэхжүүлэх, чадавхжуулах учраас нийт 1500 хүн байдгийн тал хувь нь энэ чиглэлийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг туршлагатай хүмүүс байдаг. 

-Та бүхнийг ажиллагаа гүйцэтгэх үеийн нөхцөл ер нь ямархуу байв. Эвслийн цэргийн бааз руу халдлага дайралт ирсэн үү?

-Афганистан бол дэлхийн халуун цэгт тооцогддог үймээн самуунтай газар. Өнөөг хүртэл тэнд талибууд, исламын босогчдын халдлага дайралт гарсаар л байгаа. Манай Эвслийн цэргийн бааз руу эсрэг хүчнээс халдлага дайралт хийх гэж байна гэдэг тагнуулын мэдээлэл байнга ирдэг байсан. Тиймээс ажиллагааны туршид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байв. Эсрэг хүчний зүгээс ирэх хамгийн гол аюул нь пуужингийн халдлага. Манай баазын хажууд АНУ-ын Элчин сайдын яам, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны төв штаб байрладаг учраас бидний хариуцсан бүсийн ойролцоо халдлага дайралт нэлээд гардаг байсан. Биднийг үүрэг гүйцэтгэж байхад яг манай бааз руу чиглэсэн пуужингийн халдлага гараагүй. Гэхдээ баазыг пуужингийн халдлагаас сэргийлэх үүднээс суурилуулсан дохиолол таван удаа дуугарсан. Баазын ойролцоо туссан пуужингуудын зарим нь дэлбэрсэн, зарим нь дэлбэрээгүй. 

-Манай цэргийн бүрэлдэхүүний хэдэн хувь нь туршлагатай хүмүүс, хэд нь анх удаа энхийг дэмжих ажиллагаанд явж буй ахлагч нар байв?

-76 хувь нь энхийг дэмжих болон сахиулах ажиллагааны туршлагатай, тэгсэн хэрнээ насны хувьд их залуу бүрэлдэхүүн байсан. 80 шахам хувь нь 26 орчим насны залуус байсан гэхээр ойлгогдоно байх. 

-20, 30, 40-өөд насны манай эрчүүд дайн байлдаан, халдлага үймээн гэж юу болохыг сайн мэдэхгүй, кинон дээрх шиг төсөөлдөг байх. Хажууханд нь пуужин дэлбэрч, байсхийгээд л буун дуу гардаг тийм улсад очихоор залуус ямар сайхан эх оронд төрөөд, хэчнээн тайван амьдарч буйгаа илүү мэдэрдэг байх, тийм үү?

-Өнөөдөр манай залуус “Би эх оронч, үндсэрхэг үзэлтэй хүн” гэж ярих дуртай. Үнэн хэрэгтээ зарим нь эх орон гэдэг зүйлийнхээ үнэ цэнийг гүйцэд ухаараагүй байх нь элбэг. Тэгвэл Өмнөд, Хойд Судан, Афганистан гэх мэт улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн залуус хаа сайгүй бөмбөг, пуужин дэлбэрдэг, буун дуу тасардаггүй, дайн байлдаантай орны ард иргэд ямар их айдас түгшүүртэй аж төрдгийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрдэг. Наад зах нь гудамжинд хэв журам сахиулж байгаа цагдаа нар нь буу зэвсэг агсдаггүй, тийм л эрх чөлөөтэй оронд амьдарч байгаа минь ямар сайхан хэрэг вэ гэж манай залуус хэлдэг юм. Жишээ нь, Кабул хотын төвийг камераар харж байхад Үндэсний армийнхан нь энд тэндгүй хамгаалалтад гарчихсан, буу шийдэмтэй цэргүүд, бүрэн зэвсэглэсэн машинууд гудамжаар нь хөлхөж, ард иргэдээ байнга хянаж байдаг. Тиймээс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон залуусын “нүд нээгдэж”, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг илүү бодитоор ойлгож, мэдэрдэг. Нэг удаа ажиллагаанд яваад ирсэн хүн дараагийн удаад өөрийгөө илүү их хөгжүүлж, хүрэх зорилгоо арай өндөрт тавих жишээтэй. 

-Та тухайлбал хэд хэд удаагаа ажиллагаанд яваад байна вэ?

-Миний хувьд гурав дахь удаагаа энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна. Анх 2006 онд Иракт үүрэг гүйцэтгэж байсан. Дараа нь НҮБ- ын Баруун Сахар дахь цэргийн ажиллагаанд ажиглагчаар Монголоос ганцаараа явж байлаа. 

-2006 он гэдэг чинь Иракт нөхцөл байдал бас л амаргүй байсан үе. Тэр үед гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ? 

-Гэр бүлийнхэн янз янзын л байр суурьтай байсан. Гэхдээ “Нэгэнт цэргийн хүн болсон юм чинь өөрийгөө сориод үзье” гэсэн бодол хүслээ гэрийнхэндээ ойлгуулсны үндсэн дээр ажиллагаанд явсан. Их сургууль төгсөөд удаагүй байхдаа Ирак явсан нь миний нүдийг ёстой л нээж өгсөн дээ. Монгол эх орноороо бахархаж, монгол хүн болж төрсөндөө эрхгүй баярлаж билээ. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж байгаа тул залууст боломж асар их юм байна, англи хэл сурах хэрэгтэй гэх мэт олон зүйлийг ойлгосон. Үнэндээ урьд нь би бусдын л адил гадаадын цэрэг армийнхан монголчуудаас илүү мундаг гэж боддог байсан. Гэтэл харин ч эсрэгээрээ бид хэнээс ч дутахааргүй чадвартай юм билээ. 

-Цэргийн алба хаасан хүн хатуужилтай болдог, ядаж л үг дааж сурдаг гэдэг. Харин дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгээд ирсэн хүн дахиад нэг шат ахидаг байх нь. Энэ удаад олон хүний амь нас хариуцаж явахад амаргүй байв уу?  

-Энэ удаагийн ажиллагаа үнэхээр л онцлогтой байлаа. Тэр олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа учраас сэтгэл тайван амрах эрхгүй байсан гэхэд болно. Манай цэргийн багийн эмч ямар сайндаа л “Та шөнө огт унтахгүй юм, ядрахгүй байна уу” гэж билээ. Нэг талаар цэргийн алба хаагчдаа гэр бүлийнхэнд нь эсэн мэнд хүргэж өгөх сөн гэдэг бодолд дарагдана. Нөгөө талаар бүхэл бүтэн баазын 1500 орчим хүний аюулгүй байдлыг хариуцаж буй Монголын цэргийн баг ямар нэг алдаа гаргах вий гэхээс нойр хүрдэггүй юм билээ. Манай цэргийн багийнхан үүргээ амжилттай гүйцэтгэж буй гол шалтгаан нь Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт маш их сайжирсны үр дүн юм байна гэдгийг сая илүүтэй мэдэрлээ. Ялангуяа энхийг дэмжих ажиллагаанд явахын өмнө Тавантолгойд хийдэг бэлтгэл сургуулилалт офицер, ахлагч нарт шаардлагатай бүх зүйлийг өгч чаддаг болжээ. “Хэрэв би ийм алдаа гаргавал өөрийн төдийгүй олон нөхрийнхөө амь насыг хохироохоос гадна улс орныхоо нэр хүндийг ч унагах аюултай юм байна” гэдгийг сургалт, дадлагын үеэр ой тойнд нь суулгаж өгдөг учраас ажиллагааны газар оронд очоод алдаа гаргахгүй байх нөхцөл бүрдсэн гэсэн үг.

Миний хувьд сая багийнхнаа зөвхөн үүргээ амжилттай гүйцэтгэхэд нь анхаараад зогсохгүй, чөлөөт цагаар нь тэдний бие бялдрын хөгжлийг сайжруулах, англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр чамгүй ажил хийлээ. Монгол цэрэг бие бялдар, ур чадварын хувьд хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэрнээ ганц бэрхшээл нь хэлний мэдлэг байдаг. Тиймээс офицер, ахлагч нарынхаа англи хэлний ярианы болон бичгийн чадварыг сайжруулахад найман сарын турш анхаарсан минь үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. 

-Таныг анх Иракт ажиллагаанд явах үеийг бодоход одоо мэдээлэл харилцаа холбоо нэлээд өргөжсөн. Тиймээс одоо үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид гэрийнхэнтэйгээ холбоо барихад арай хялбар болсон уу?

-Тийм ээ. Сая залуу хүмүүс голдуу явсан учраас тэднийг ар гэрийнхэнтэйгээ холбоо барихад нь би нэг их хориглоогүй. Хамгийн гол нь ажиллагааны газар оронд ирж байгаа янз бүрийн мэдээллийг гадагш задруулж, ар гэрийнхэндээ мэдэгдэн, сэтгэл санааг нь үймүүлэхгүй байхыг захидаг байсан. 

-Аав тань бас цэргийн хүн гэсэн. Таныг цэргийн хүн болоход аав тань нөлөөлсөн үү? 

-Аавыг минь С.Нэргүй хурандаа гэдгээр нь хүмүүс андахгүй. Аав минь ардын армид 29 жил алба хаагаад, Дорнод дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид эцэг, эхээс гурвуулаа. Би айлын том нь учраас аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Цэргийн хуаранд бага нас минь өнгөрсөн, цэргүүдтэй хамт хоолыг нь идэж өссөн болохоор багаасаа энэ тал руу татагдсан даа. Тэгээд 1999 онд аавтайгаа зөвлөлдөж байгаад Ахлагчийн сургуульд орсон. Жилийн дараа онц дүнтэй төгсөн, урилгаар Батлан хамгаалахын их сургуульд элсэж билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай