Ханцуйн дотроо валют наймаалцахгүй боллоо

Манай улс валют арилжааны нэгдсэн “бирж”-тэй боллоо. Бараа, бүтээгдэхүүн зарах болон худалдан авах хүмүүс нэг газарт цуглаж, үнийн мэдээлэл ил тод байх нь зах зээлийн бодит ханш тогтох боломж олгох юм. Энэ жишгийн дагуу валют арилжааны нэгдсэн биржийн систем нэвтрүүлжээ. Ингэснээр валютын зах нэг дороо төвлөрч, хэн хэдийг ямар ханшаар худалдан авч байгаа нь тодорхой болох юм. Өмнө нь зарим арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага самбар дээрхээсээ өөр ханшаар валют арилжих, зарим этгээд мэдээлэлд ойр байх давуу талаа ашиглан зах зээлд шок үүсгэн “тоглож”, ашиг хонжоо олдог байв. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ханш савлаж эхлэхэд зарим банк валютын арилжаагаа зогсоож, ам.доллар гуравхан өдрийн дотор 80 төгрөгөөр чангарсан. 

Арилжаанд оролцож байгаа хүмүүст зах зээлийн үнийн мэдээлэл тодорхой бус, томоохон тоглогчид ихэвчлэн ханцуйн дотроо наймаалцаж ирснээс ханш хаврын тэнгэр шиг “хуйсганаж” байв. Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлөөс хийсэн өнгөрсөн оны судалгаагаар иргэдийн 60 орчим хувь нь валютын ханшийн өсөлт нь зах зээлийн жам ёсны бус, зохиомол зүйл гэж үзсэн байдаг. Тус зөвлөлийн судлаач А.Мөнхцог “Ханшийг зохиомлоор хөөрөгддөг хэмээн иргэд үзэж байна. Тиймээс мөнгөний захаа цаашид илүү нээлттэй болгох хэрэгтэй. Хэн хэдэн ам.долларыг ямар ханшаар арилжиж байна вэ гэдэг нь тодорхой болбол хөөс үүсэхгүй” хэмээв.

Төрөөс мөнгөний бодлогын талаар энэ онд баримтлах үндсэн чиглэлд валютын захын дэд бүтцийг хөгжүүлэн, нэгдсэн платформ бий болгоно хэмээн дурдсан байгаа. Энэ ажлын гараа болгож, банк хоорондын захын арилжааг ийнхүү нэг талбарт хийж эхэллээ. Банк хоорондын цахим талбарын нээлт өчигдөр “Туушин” зочид буудалд болсон юм. Энэ үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Манай зах зээл валютын ханшийн хэлбэлзэл өндөртэй. Энэ нь нэг талаас дэд бүтцийн сул хөгжлөөс шалтгаалж байгаа юм. 

Харин одоо банк хоорондын цахим талбартай боллоо. Энэ нь валютын захад оролцогчдод таатай үйл явдал болж байна” гэв. Ийнхүү банк хоорондын гадаад валютын арилжааг “Блүүмберг” терминалаар хийж байна. Туршилтыг энэ сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд арилжааны дүн гурав дахин өсчээ. Энэ системд одоогоор арилжааны 11 банк нэгдсэн гэнэ. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн харилцаж буй банкаар дамжуулан захиалга өгч, арилжаанд оролцох боломжтой болжээ. ХААН банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Т.Ууганбаяр “Өмнө нь нэг сая ам.доллар зарахын тулд бусад бүх банк руу утсаар холбогддог байсан. Арилжаа хийхээс өмнө ханшаа тохирох гэж их хугацаа алддаг байв. Харин одоо бүгд нэг талбарт цуглаж, мэдээлэл ил тод, нээлттэй болж байна. Ингэснээр зах зээлийн үр ашиг нэмэгдэнэ” хэмээлээ. Ийнхүү валют арилжааны зах нь томоохон, цөөн тоглогчийн ханцуйн дотроо най- маалцдаг газар бус, арилжааны банк, аж ахуйн нэгж, иргэд оролцох боломжтой нээлттэй талбар болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай