Г.Баярхүү: Мухулай баатрын дүр бүтээх сэн

Өнгөрсөн 2016 онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож, УДЭТ-ын уран бүтээлчид “Жаргаагүй нар”, Улсын хүүхэлдэйн театрынхан “Монгол ардын суут” жүжиг толилуулсан. Найруулагч Б.Цогтбаяр их зохиолчид зориулан “Харанхуй хад” уран сайхны кино бүтээсэн нь өдгөө үзэгчдэд хүрч буй. Түүхэн уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Г.Баярхүүг зочноор урилаа.

Тэрбээр “Зохиомж” дээд сургуулийг 2015 онд төгссөнөөсөө хойш “Дээд гэгээн” пикчерсийн “Луйвар”, “Кино цамхаг” студийн “Ороолон”, “Хүүхэлдэй”, “ТВ-5” телевизийн “Замбуулин дуусах болоогүй” олон ангит кинонд дүр бүтээжээ.

 -Өнгөрсөн жил та найруулагч Б.Цогтбаярын “Харанхуй хад” кинонд их зохиолч Д.Нацагдоржийн дүрд тоглосон. Түүхэн, тэр дундаа хүн бүрийн мэддэг олны танил нэгний дүрд хувирах амаргүй байв уу?

-Энэ дүрд шууд сонгогдчихсон юм биш л дээ. Сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн юм. Найруулагчид тоогдож, энэ түүхэн хүний дүрд тоглосондоо их баярлаж, олзуурхаж байгаа. “Харанхуй хад” киноны найруулагч Б.Цогтбаяр ах киногоо өөрийн багш, Төрийн шагналт, найруулагч Б.Балжинням агсанд зориулж бүтээсэн юм.

-Дүрээ хэрхэн судлав. Энэ хүний тухай дагнан судалдаг судлаач, ойр дотнынхонтой нь уулзсан уу?

-Их зохиолчийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Ялангуяа их зохиолчийн тухай мэддэг ойр дотнын зарим хүн нь амьд сэрүүн байна. Тийм болохоор судлалгүйгээр тоглож огт болохгүй. Уулзаж, ярилцаж болох бүхий л хүнтэй холбогдсон. Онцгойлон Гавьяат жүжигчин Д.Гүрсэд ахад маш их баярласнаа хэлмээр байна. Тэрбээр 1984 онд их зохиолчийн амьдралаас сэдэвлэн Р.Доржпалам найруулагчийн бүтээсэн “Саруул талын ерөөл” киноны гол дүрд тоглосон шүү дээ. Д.Гүрсэд ах тэр кинонд хэрхэн тоглосон, их зохиолчийг аль талаас нь харуулахыг хүссэн тухайгаа ярьж, надад зөвлөгөө өгсөн. Залуу уран бүтээлч миний хувьд энэ олон мундаг хүнтэй хамтран ажиллана гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.

-Таныг өөр мэргэжлээр сурч, ажиллаж байгаад, хожуу жүжигчнээр сурсан гэж сонссон. Яагаад энэ мэргэжилд дурлав?

-Дунд сургууль төгссөний дараа СУИС, Цагдаагийн академи буюу одоогийн ХСИС-д элсэлтийн шалгалт өгч, аль алинд нь тэнцсэн юм. Нэлээд удаан бодож, гэрийнхнийхээ зөвлөсний дагуу Цагдаагийн академид элсэж, төгссөн. Хэдэн жил төрийн дүрэмт хувцас өмсөж, ажиллаж үзлээ. Үргэлжлүүлээд гадаад худалдааны чиглэлээр сурахаар БНСУ руу явлаа. Тэнд гурван жил сурсан. Нэг л өдөр Монгол руугаа буцмаар, өөр чиглэлээр сурч, ажилламаар санагдаж, зориглоод хүрээд ирсэн дээ. Би Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар ахыг хүндэлж, биширч явдаг. Түүний л шавь болохыг хүсэж, “Зохиомж” дээд сургуульд элссэн. Ёстой л “Төөрсөөр төрөлдөө” гэдэг шиг юм болсон доо.

-Гэнэтхэн л урлагийн хүн болохоор шийдэхэд гэрийнхэн тань эсэргүүцээгүй юү?

-Багаасаа л сургуулийн урлаг, уран сайхны бүх л арга хэмжээнд оролцдог, жүжигчин юм уу, цагдаа болно гэж ярьдаг байсан болохоор ингэж шийдэхэд нэг их гайхаагүй.

-Анхнаасаа л эргэлзэлгүй СУИС-д ордог байж дээ гэж харамссан уу?

-Тэгж өөрийгөө зовоогоод яах вэ. Эхний сургуулиасаа би их зүйл сурсан. Тэнд сурсан мэдлэг, олсон дадал минь одоо ч надад хэрэг болдог учраас харамсдаггүй. Жаахан оройтсон ч гэсэн би хүссэн мэргэжлээ эзэмшчихлээ шүү дээ. Тиймээс өнгөрсөнд хийсэн сонголт, туулсан амьдралдаа харамсах шаардлагагүй.

-Хүндэлдэг, үлгэр жишээ авдаг уран бүтээлчээ нэрлээч?

-Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Золбоот ах нарыг сурагч байхаасаа л шүтэж байна. Үнэхээр мундаг.

-Шинэ уран бүтээлийн санал хэр их авч байгаа вэ?

-Адал явдалт, эротик, олон ангит гээд гурван өөр төрлийн киноны санал ирсэн. Хараахан шийдээгүй л байна. Гэхдээ эротик кинонд тоглохгүй.

-Та урлагийн, тэр дундаа жүжигчин мэргэжлийн юунд нь тэгтлээ татагдсан юм бэ. Эзэмшсэн хоёрын хоёр мэргэжлээ хаян байж сонгосон гэхээр их хүчтэй татагдсан байж таарна.

-Хүүхэд байхаасаа л дуртай байсан болохоор яг юунд нь тэгтлээ дурласнаа сайн хэлж мэдэхгүй юм. Их л гэгээлэг, бас соронз шиг санагддаг. Энэ ажлаа хийж байхдаа би жаргаж, сэтгэлийн таашаал эдэлдэг.

-Та фэйсбүүк, инстаграмм, твиттер зэрэг цахим хуудсыг хэр идэвхтэй хөтөлдөг вэ?

-Ашигладаг. Гэхдээ тийм ч идэвхтэй биш. Найз нөхөд, ойр дотнынхонтойгоо холбоотой байхад их хэрэг болдог.  

 -Хэрэв танд цаг хугацаагаар аялж, алтан үеийн дуртай киноныхоо хүссэн дүрд тоглох боломж олдлоо гэж бодъё. Тэгвэл та энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?

-Сонин л юм. Хэзээ ч ингэж төсөөлж байсангүй. Гэхдээ тийм боломж олдвол 1961 онд Монгол, Германы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Алтан өргөө” үлгэрийн киноны Сүмбээгийн дүрд тоглоно.

-Нэгэнт дэлгэцийн урлагт хөл тавьчихлаа. Та ямар дүрээр өөрийгөө “тамгалж” үлдээхийг хүсдэг вэ?

-Жүжигчин хүн бүх л дүрд хувирч чадах ёстой. Гэхдээ би Их Монгол Улсын цэргийн жанжин, Гоо ван гэгддэг Мухулайн дүрд тоглохыг хүсдэг.

-Та хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ. Хотын унаган хүүхэд үү?

-Би XXI хороололд өссөн. Нийслэлийн 62 дугаар дунд сургуулийг төгссөн. Хүүхэд нас минь сайхан байжээ. Одоогийн хүүхдүүд цахим орчинд л хамаг цагаа барах юм. Намайг хүүхэд байхад тэс өөр байж. Чулуу, усаар байлдаж, гүйж харайж, найзуудтайгаа тоглож цагийг өнгөрүүлдэг байлаа. Одоогийн хүүхдүүд цахим ертөнцөд цагаа зориулж, солонгос цувралаар тархиа угаалгаж байгаад таагүй ханддаг. Өмсөж, зүүж байгаа нь ч тэр гэхийн тэмдэггүй. Хүн цаг үеэ дагаад хөгжиж, өөрчлөгдөлгүй яах вэ. Гэхдээ эр нь эрээрээ, эм нь эмээрээ байх хэрэгтэй шүү дээ.

-Багадаа их хөдөлгөөнтэй хүү байсан уу?

-Нэг их ноомой, томоотой хүүхэд байгаагүй. Гэхдээ айхтар өрөмний өт шиг ч байгаагүй.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын дундах нь. Ах, эгчтэй, эрэгтэй дүүтэй.

-Айлын томууд их ажилсаг, бас хариуцлагатай, багууд эрх өсдөг гэлцдэг. Харин дундах хүүхдүүд ямар байдаг бол?

-Миний ах, эгч ажилсаг, дүү минь их хэрсүү. Харин би их эрх. Ээжээсээ салдаггүй л амьтан байлаа. Одоо ч эрх зан минь цухалзчих гээд байдаг. Гэхдээ эрх, танхи занг урлаг дарчихдаг. Урлаг хүнийг өөртөө татаж, живүүлж, бас алдааг нь засдаг мэт санагддаг.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

-Эмээгийн маань төрсөн ах нь Ардын уран зохиолч Т.Галсан. Түүнээс өөр урлагийн хүн байхгүй.

-Таны хань Х.Отгонтунгалаг “Шинэ үе” продакшны жүжигчин. Харин танд аль нэг студи, продакшнд харьяалагдах бодол байдаггүй юм уу?

-Хошин урлагийн студи, продакшнд ажиллах бодол одоохондоо байхгүй ээ. Би Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн шавь. Уг нь сургуулиа төгсөнгүүтээ УДЭТ-т шалгуулах бодолтой байсан юм. Жүжигчин хүний мөн чанарыг нээдэг, Монголын сор болсон уран бүтээлчид ажилладаг газар шүү дээ. Гэтэл яг театрын шалгалт явагдах үеэр “Замбуулин

 дуусах болоогүй” олон ангит киноны зураг авахуулж таараад амжаагүй.

-Нэг гэр бүлийнхэн ижил мэргэжилтэй байх нь ямар давуу талтай вэ?

-Яг үнэндээ амаргүй. Хоёулаа уран бүтээл, ажил гээд явчихаар ар гэр орхигдох нь энүүхэнд. Нэгнээ ойлгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг давуу тал бий. Урлагийн хүний ар талыг хариуцна гэдэг амаргүй. Дээр нь өөрөө урлагийн хүн бол бүр ч хэцүү. Би ханиараа маш их бахархдаг.

-Эхнэртэйгээ хамт кинонд тоглосон уу?

-Уг нь “Кино цамхаг” студийн “Ороолон” аймшгийн кинонд хамт тоглуулах санал ирсэн юм. Харамсалтай нь, тухайн үед манай хүн “Шинэ үе” продакшныхантайгаа аялан тоглолтоор явах болоод амжаагүй. Харин “Мотив” хамтлагийн дуучин Б.Сайнбаяр, Т.Цогсогмаа нарын хамтран дуулсан “Хайрын минь эзэн” дууны клипэнд хамт тоглосон.

-Охинтой гэл үү. Аав болж, бяцхан охиноо гар дээрээ авахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би үеийнхэн, найзуудаа бодвол арай орой хүүхэдтэй болсон л доо. Аав болоход үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрсөн. Ханьдаа их баярласан. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Умайд нь тархи бүрэлддэг болохоор би эмэгтэй хүнийг хайрладаг. Энгэрээс нь сүү асгардаг болохоор хайрлаж, хүндлэхээс аргагүй” гэж хэлсэн. Тэр үг л хамгийн түрүүнд санаанд орсон доо. “Гишгэсэн мөр минь тэгш байх ёстой” гэдгийг улам ухаарч, хариуцлага нэмэгдэж буйг ухамсарласан. Охин хүүхэдтэй аавууд их уяхан болдог юм байна. Ямар ч бүдүүн хадуун, хатан зоригтой эр охиныхоо өмнө хайлсан тугалга мэт л болно шүү дээ. Одоо охин минь гурван настай.

-Эрчүүд удам залгах хүү хүсдэг үү, эсвэл хөлийг нь хучих охин үр хүсдэг юм болов уу?

-“Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй болно” гэж үг бий шүү дээ. Бурхны илгээсэн бэлгийг голох эрх бидэнд байхгүй.

-Ингэхэд ханьтайгаа анх хэрхэн танилцсан бэ. Уран бүтээлээр холбогдсон уу?

-“Твин” фильмийн бүтээл “Хунгийн сүүлчийн дуу” кинонд ажиллах завшаан надад тохиосон юм. Эл киноны найруулагч нь талийгаач Р.Алтансүх ах. Тэр киноны зургийн үеэр анх эхнэрээ харсан даа. “Ямар хөөрхөн охин бэ” гэж бодоод л. Тус киноны гол дүрд тоглосон, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл манай хүнтэй нэг анги. Б.Одгэрэл маань л бидний гүүр болсон доо.

-Хэр удаан араас нь гүйж эхнэрээ болгов?

-Хоёр жил гаруй гүйсэн.

-Залуу гэр бүлд тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-“Төрсөн хүүгээ биш, банкны хүү бодсоор насыг барах нь” гэсэн ёж үг хүртэл гарсан байна лээ. Үнэн л дээ. Бидэн шиг олон залуу гэр бүл яг л тийм бэрхшээлийг туулж яваа байх.

-Өрхийн тэргүүн хүн ямар байх ёстой вэ?

-Дотроо бодолтой, доороо суурьтай л байх ёстой. “Салхи хаашаа хамхуул тийшээ” гэдэг шиг туйлбаргүй хүнд би дургүй. Хэлсэн бол хүрчихдэг, амласан бол хийчихдэг байх л сайхан. УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд ах “Эр хүн бүдрэхэд малгай нь ойчихоос ухаан нь унах ёсгүй” гэж хэлсэн байдаг. Эр хүн тийм л байх хэрэгтэй дээ.

-Та хэр гэр амьтай вэ. Хамгийн сүүлд хэзээ гэр бүлийн зургийн цомгоо үзэв?

-Гэр амьтай. Хүүхэдтэй айл бүр л зургийн цомогтоо зураг хадгалах дуртай байдаг. Эхнэр маань аялан тоглолтоор явчихаад пүрэв гаригийн орой ирсэн юм. Ирэхээс нь өмнө гэрээ цэвэрлэх санаатай хамаг юмаа нааш цааш нь болгож ухсан юм. Тэгэхдээ зургийн цомгоо үзсэн.

-Сүүлийн нэг жилийн хугацаанд таны амьдралд тохиолдсон хамгийн баяртай болоод таагүй үйл явдал юу байв?

-“Хэт их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай” гэдэгчлэн амьдралд сайн, саар зүйл ээлжлээд л тохиолдоно. Сүүлийн нэг жилд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглолоо. Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ гэдэг уран бүтээлч хүний хамгийн том баяр. Харин азаар таагүй үйл явдал тийм ч олон тохиосонгүй.

-БНСУ-д гурван жил сурч, амьдарсан гэсэн. Тэнд байхдаа та юу сурч, ойлгосон бэ?

-Яах вэ, хэл, соёлоос нь сурсан нь ойлгомжтой. Түүнээс гадна солонгосчуудаас авах чанар их бий. Хүмүүсийн харилцаа, ажилсаг, хичээнгүй байдал нь их таалагдсан. Хүн эзэмшсэн мэргэжилдээ дуртай байх шиг сайн зүйл байхгүй гэдгийг тэнд байхдаа ойлгосон. Гол нь өөрөө өөртөө үнэнч байх ёстой. “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт оролцож буй дуучин С.Гантогоо саяхан “Хүн хямдхан гутал, хувцастайгаасаа ичих хэрэггүй. Харин худал хуурмаг, хямдхан амьдарч буйгаасаа ич” гэсэн байна лээ. Тэр ёстой үнэн шүү.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай