Т.Тэрбиш: Монголдоо ажиллах гэж л гадаадад 17 жил өөрийгөө бэлтгэлээ

Германы Шлесвиг Холштайн муж улсын Килийн анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн мэс засалч Т.Тэрбиштэй ярилцлаа. Ханноверийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан энэ эрхэм ажлын гараагаа Пилхмаерийн нэрэмжит эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс эхэлжээ.

Тэрбээр мэс засалчаас гадна эрүүл мэндийн улс төр - менежмент, эдийн засаг судлаач мэргэжилтэй.

-Та их сургуулийн эмнэлэгт ажилладаг. Монголын АШУҮИС Япон улсын дэмжлэгээр 2018 онд их сургуулийн эмнэлэгтэй болохоор зорьж буй.

Анагаахын сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

-Монголд эмнэлгийн үйлчилгээ нь сумын, аймаг дүүргийн, нэгдсэн төвүүд болон нарийн мэргэжлийн төрөлжсөн клиникүүд гэсэн гурван шатлалтай байдаг. Харин өндөр хөгжилтэй орнууд дөрөвдүгээр шатлалын буюу их сургуулийн эмнэлэгтэй.

Энэ нь эмнэлэг, судалгааны хүрээлэнгүүд, сургууль гэсэн бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, нэг цэгт анагаах ухааны сүүлийн үеийн бүхий л оношилгоо, эмчилгээг хийдэг, эрх зүйн тусгай статустай стратегийн объект юм.

Санхүүжилтийн давуу эрхүүдтэй байдаг тул зарим оронд Өндөр технологийн анагаах ухааны парк болтлоо хөгжсөн байдаг. Чухам ийм л эмнэлэгт анагаах ухааны ололт амжилтыг судалж, нэвтрүүлдэг. Ховор тохиолдох хүнд өвчин, хавдар болон эрхтэн шилжүүлэн суулгах гээд анагаахын шинжлэх ухааны хүчийг сорих бүх зүйлээ нэг газарт төвлөрүүлж, эдийн засгийн хүнд энэ үед үр ашигтай зөв хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Бүтцийн шинэчлэл хийх цаг иржээ. Монголд төрийн бодлогын түвшинд шийдвэрээ зөв гаргадаг ч харамсалтай нь гүйцэтгэл дээрээ алддаг. Чанаргүй, хагас, дутуу, стандарт бус хийсэн ажил нь эргээд шүүмжлэл дагуулдаг.

Тиймээс одоо барьж байгаа их сургуулийн эмнэлэгтээ олон улсын стандартыг судлан нэвтрүүлж, гол шинж чанарыг нь тусгах ёстой. Засгийн газар, БСШУСЯ, ЭМЯ , АШУҮИС үүнд маш их анхаарал тавих хэрэгтэй. Миний бодлоор гуравдугаар шатлалын зарим эмнэлэг, төслүүдийг их сургуулийн эмнэлэгтээ нэгтгээд нэг цогц болгох нь зүйтэй.

 -Зарим эмнэлэг, төслүүдийг нэгтгэх амаргүй байх?

-Аливаа хөгжилд зөв бүтэц, эмх цэгц гол цөм нь. Герман болон япончуудаас бид үүнийг л авмаар байгаа юм. Монголын эрүүл мэндийн салбарт эв нэгдэл, сахилга бат үгүйлэгдэж буй.

Жишээ нь, Улсын I төв эмнэлэгт элэг, бөөр шилжүүлэн суулгах төсөл хэрэгжиж байхад Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Гуравхан сая хүн амтай манайх шиг оронд эрхтэн шилжүүлэх төв нэг байхад хангалттай. Улсын эдийн засаг хүнд үед хоёр эмнэлэгт ийм их хөрөнгө зарцуулах нь дэндүү үрэлгэн.

Ер нь өдийг хүртэл Зөвлөлт холбоот улсын эрүүл мэндийн системийн бүтэц Монголд бөх оршсоор л. Хоцрогдсон эмнэлгүүд нь бүгд өргөтгөл бариад эхэлчихсэн. Тал талд хөрөнгө оруулалт шаардсан, дуусдаггүй хэдэн барилга байсаар. Тэгээд дээрээс нь бүгд адил “алим” үйлдвэрлээд хоорондоо өрсөлдөөд байвал эмнэлгүүдийн эдийн засаг дийлэхгүй. Тиймээс нэг дор бүхнийг хийдэг их сургуулийн эмнэлэгтээ том хөрөнгө оруулах нь үр ашигтай.

Их сургуулийн эмнэлэгт анагаахын бүх салбар төвлөрөх ёстой учир Улсын I болон III төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг нь бүрэн нэгдэхгүй юм аа гэхэд чиглэл бүрээс хэсэгчлэн авч, дээр дурдсан эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг том төслүүдээ нэг газар төвлөрүүлэх боломжтой юм.

Мэдээж эмнэлгүүдийг нэгтгэх нь эмнэлгийн менежер, мэргэжлийн хүний ажил. Түүнээс биш, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг Цэргийн төв эмнэлэгтэй нэгтгэхийг оролдсон шиг хийх гэвэл хийгээгүй нь дээр.

Харамсалтай нь, эмнэлэг нэгтгэх энгийн менежментийн мэдлэг, наад захын ойлголтгүй хүмүүс дээрх үйл явцыг гүйцэтгэж байсан. Тиймээс шийдвэр нь зөв ч гүйцэтгэл дээрээ алдаад бүтээгүй.

-Их сургуулийн эмнэлэгт, нэг цэгт бүх өвчнийг эмчлэх тухай та ярилаа. Үүнийг товч тайлбарлаач?

-Мэдээж өвчтөн бүр их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагагүй. Жишээ нь, ясны гэмтэлтэй хүн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлэхэд хангалттай. Харин маш хүнд хавсарсан политравматай, зүрх болон хэвлийн мэсний хүнд гэмтэлтэйн дээр тархины болон ясны гэмтэл хавсарсан бол дан ганц гэмтлийн эмч үзэх нь хангалтгүй.

Зүрх судас, хэвлий, мэдрэлийн мэс засалчдын баг хэрэгтэй болдог. Өөр нэг жишээ хэлэхэд, одоо эрхтэн шилжүүлэх мэс заслын дараа зүрхний инфаркт, уушгины артерийн эмболи, цөсний замын нарийсал гэх мэт хүндрэл гарахад шилжүүлэн суулгасан эмнэлэгт нь эмчлэх бүтэц нэгж, боловсон хүчин, хүчин чадал нь хүрэхгүй байна шүү дээ.

Монголд өнөөдөр оношийг нь нэг газар, мэс заслыг нь өөр эмнэлэгт, хүндэрвэл бас нэг төвд шилжүүлэх гэх мэтээр өвчтөнийг чирэгдүүлж байна. Тиймээс л би Их сургуулийн эмнэлэг хэрэгтэй гэж яриад байгаа юм. Монголчууд ихэвчлэн Сөүлийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг, Солонгосын анагаах ухааны их сургуулийн “Анам” госпитал гэх мэт тус улсын их сургуулийн эмнэлэг, түүний харьяа эмнэлгээр эмчлүүлдэг. Энэ бол бодох асуудал.

Тиймээс монголчууд бидэнд Сөүлийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг шиг, Германы “Charite”, Америкийн UCLA шиг дөрөвдүгээр шатлалын бүтэц шаардлагатай. Дэлхийн жишиг болсон зүйлийг монголчилж болохгүй шүү дээ.

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж байна. Та хуульд санал дэвшүүлж байгаа гэсэн үү?

-Энэ салбарт гадаадад ажилладаг мэргэжилтний хувьд бүх талаас нь тусалж дэмжихэд бэлэн гэдгээ юуны өмнө илэрхийлье. Саналаа ЭМЯ болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд өргөн бариад байна. Хэрхэн тусгагдахыг харж л сууна. Иргэн бүрийн эрх ашиг хөндсөн энэ хуулийг бид маш нарийн боловсруулах хэрэгтэй.

Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөний тоо жилээс жилд олширч буй учраас үүнийг ердийн эмчилгээний арга болтол нь нутагшуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Маш нарийн зохицуулалттай анагаахын энэ салбар тусгай эрх зүй, эдийн засгийн бүтэц шаарддаг. Олон санал дэвшүүлж байгаа. Заримаас нь дурдвал:

I.Монгол Улс зөвхөн тархины үхэлтэй цогцосноос эрхтэн авахыг зөвшөөрдөг байсан. Зүрх нь анхдагч байдлаар зогсож өөд болсон хүнээс эрхтэн авах боломжийг энэ хуулиар бүрдүүлэхийг санал болгосон. Энэхүү төрлийг нэвтрүүлснээр зарим орон донорынхоо цар хүрээг 25-35 хувиар нэмэгдүүлсэн байдаг.

II.Зөвхөн төрөл садан, гэр бүлийн гишүүд донор болохоос гадна донорын сан байгуулж, солбилцож донор болох тогтолцоог нэвтрүүлэх саналтай байгаа.

III.Хуулийн дагуу, 24 цагийн үйл ажиллагаатай Эрхтэн зохицуулах алба байгуулах юм. Энэ алба нь эрхтэн авах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хариуцна гэсэн үг. Ялангуяа, монголчууд эрхтэн хуваарилах тал дээр туршлагагүй, нөгөө талаас ёс зүйн гажуудал, хээл хахуулийн индекс өндөртэй орон учир бид эхний үедээ олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахыг хуулиар зөвшөөрөх нь зөв.

IV.Эрхтэний наймаа хийсэн, хахууль авсан, Донорын туухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь тусдаа, Эрүүгийн хуулиар зохицуулна гэж хэт ерөнхий байгааг засаж Донорын тухай хуулийг зөрчсөн үед тус хуулиар, эрүүгийн шинжтэй бусад зөрчлийг нарийвчлан Эрүүгийн хуульд тусгах нь зүйтэй.

Мөн эрхтэн авдаг, тээвэрлэдэг, суулгадаг эмнэлгийн тус бүрийн стандарт, гадаадаас эрхтэн яаралтай авч байх “High urgency” хөтөлбөр зэргийг хуульд тусгахыг санал болгоод байгаа. Бүгдийг энд ярих боломжгүй юм.

-Тархи нь үхэжсэн нэг донор найман хүний амь аврах боломжтой гэдэг.

Гэвч эрхтэнийг нь авчихвал дараа төрөлдөө согогтой төрнө гэх мухар сүсгээс болж гэр бүлийнхэн нь зөвшөөрдөггүй. Нийгмийн сэтгэл зүйг яаж өөрчлөх вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд ийм эмчилгээг бүгд хэрэгжүүлдэг. Монголчуудын олонх нь буддын шашинтай. 2007 онд Хамбург хотод зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр XIV Далай лам эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг буддын шашин бүрэн хүлээн зөвшөөрч, дэмжиж буйг илэрхийлсэн.

Мөн 2016 онд Монголд айлчлахдаа “Mind and life” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийн үеэр “Буяны зорилгоор үйлдэж байгаа бүх зүйлийг, тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухааныг буддизм дэмждэг” гэж айлдсан. Гэвч монголчуудад энэ талын мэдлэг, ойлголт хомс байна.

Энэ хуулийг батлахтай зэрэгцээд донор гэж хэн бэ, ямар хүнээс эрхтэн авах боломжтой, эрхтэн авах болон хуваарилах гэж юуг хэлдэг талаар олон нийтэд танилцуулга тараан, баримтат кино үзүүлж, ток шоу зохион байгуулах зэргээр цогц мэдээлэл хүргэх хэрэгтэй.

-Түрүүн та солбилцох донорын тогтолцоо нэвтрүүлэх саналтай байгаа гэсэн. Үүний давуу тал юу вэ?

-Шилжүүлэн суулгасан аливаа эрхтэн эзэндээ аль болох хүндрэлгүй олон жил “ажиллах” ёстой. Үүнд цусны бүлэг болон эдийн зохицол маш чухал үүрэгтэй.

Тухайлбал, бөөрний дутагдалтай өвчтөнд гэрийнхэн нь донор болъё гэхээр цусны бүлэг нь таарахгүй, удам зүйн зохицлын хувьд нийцэхгүйгээс эрхтэн шилжүүлэн суулгах боломж хязгаарлагддаг. Ийм асуудалтай гэр бүл Монголд хэдэн зуугаараа бий.

Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдэд донор болох хүсэлтэй гэр бүлийн гишүүдээс донорын сан бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр өөр өөр өвчтөний гэр бүлийнхний эрхтэн бусдынхдаа таарах тохиолдолд солбилцох журмаар тусална. Мөн гаднынхантай хамтарсан донорын сан бий болгох боломж бий.

-Бусад улс эрхтэний наймаанаас сэргийлэхийн тулд хэрхдэг бол?

-Европын холбооны орон бүр эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй. Ийм байгууллагууд зөвхөн эрхтэн авах, тээвэрлэх ажлыг хариуцдаг. Харин хуваарилах асуудлыг Голланд улсад байдаг Евротрансплант төрийн бус байгууллага хариуцдаг.

Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилгүй байгууллагууд эрхтэнийг авах, тээвэрлэх, хуваарилах ажлыг хариуцсанаар авлига, хууль бус наймаанаас урьдчилан сэргийлж чаддаг. Ямар өвчтөнд эхэлж эрхтэн суулгах вэ гэдгийг компьютерийн программ өвчтөнүүдийн мэдээлэлд суурилж шийддэг.

-Та эрдэм шинжилгээний ямар, ямар судалгаа хийж байсан бэ?

-Дөрөвдүгээр шатлалын эмнэлгийн эмч нар хүн эмчлэхээс гадна заавал эрдэм шинжилгээний судалгаа хийж, оюутнуудад багшлах ёстой. Би эрхтэн шилжүүлэн суулгах, нойр булчирхайн өвчтөнүүдтэй холбоотой судалгаа хийдэг байсан. Сүүлийн үед робот мэс заслын чиглэлээр судалгааны ажил эхлүүлсэн.

-Танай эмнэлэгт сүүлийн үеийн шинэ технологиор ямар мэс засал хийж байна вэ?

-Манай клиник эрхтэн шилжүүлэн суулгах болон хавдрын бүх төрлийн мэс засал, цээжний хөндий, дурангийн, бүдүүн шулуун гэдэсний, таргалалтын болон робот мэс засал хийдэг. Мэс засалч бүр суурь хагалгааг бүгдийг нь хийж чаддаг байх ёстой гэсэн шаардлагыг Германы эмнэлэгт тавьдаг.

Сүүлийн үед робот мэс засал их хөгжиж байна. Дөрвүүлээ хийдэг мэс заслыг роботын тусламжтай ганцаараа хийх боломжтой болсон. Урьд нь 10-20 см зүсэлт хийдэг байсан бол робот оролцуулснаар 1-2 см зүсдэг болсон учраас өвчтөний биеийн байдал хурдан сайжирч, маргааш нь босоод алхах жишээтэй.

Хялгасан судас, эд эс, мэдрэлийн замыг нарийвчлалтай ялгаж хардаг учраас гэмтэл ч бага.

-Мэс заслын үеэр боломжгүйг боломжтой болгож байв уу?

-Зургаан сартай хүүхдэд аавынх нь элэгний талыг авч шилжүүлэн суулгасан хагалгааг би мартдаггүй. Насанд хүрсэн хүний судас бүдүүн, нярай хүүхдийнх нарийхан учраас хооронд нь холбоход нэлээд ур чадвар шаарддаг. Дөрвөн удаа судсыг нь залгах гэж оролдоод бүтээгүй.

Мэс заслын ширээн дээр хүүхэд үхэж ч магадгүй хүнд байдалд орж, багаараа яахаа мэдэхгүй зог тусчихсан. Тэгээд бүгд санал солилцож, профессорын хэлснээр хиймэл судсаар орлуулж хүүхдийг аварч байлаа.

-Ялангуяа мэс заслын эмч нар бусдын үхэл, амьдралтай ойрхон ажилладаг. Үхэлтэй тулалдах гэж буй өвчтөн юуг ухаарсан юм шиг танд анзаарагддаг вэ?

-Ажиглах нь ээ, сэтгэл нь зөөлөрч байж л өвчин эдгээд байх шиг санагддаг. Өвчтөний сэтгэл хатуу, хүнлэг биш бол өвчин нь улам л зовоогоод, чангалаад байх шиг. Амьдралын үнэнийг ойлгоод өөд болох нэгэн байхад юу ч амжуулаагүй нас барах хүн ч бий.

Төрөх, хөгшрөх, өвдөх, үхэхийг амьдралын дөрвөн үнэн гэдэг шүү дээ. Хүн бүр л үүнтэй нүүр тулна, хэзээ ч хаалга тогшиж магадгүй учраас амьдралын зорилгоо тодорхойлж, үхэлд байнга бэлтгэлтэй явах ёстой болов уу.

-Хүний нутагт “Би монгол хүн, монгол эмч” гэж мэдрэх үе гарч байсан уу?

-Тийм үе байнга гардаг. Ялангуяа, өвчтөнтэй харилцах үед өөрийгөө “Би монгол хүн” гэдгээ мэдэрдэг. Монгол зан, төрх давуу тал болдгийг Германд ажиллаж байхдаа мэдэрсэн. “Би монгол эмчдээ л үзүүлье” гэх өвчтөн нэг биш таарч байсан.

Энэ бол хүнд итгэл төрүүлж чадсаны жишээ байх. Тийм учраас би монгол хүн болж төрсөн хувь тавилангаараа бахархдаг. Би мэс засалд орохын өмнөх гараа угаах хоёр минутад оточ Манал бурхны бясалгал хийчихдэг.

Магадгүй бэлгэдлийг чухалчилдаг монгол эмчийн л онцлог байх. Европт би л ганцаараа тарни уншиж байгаа байх даа гээд хааяа өөрийгөө шоолдог юм.

-Эх орондоо ажиллах төлөвлөгөө бий юү?

-Эх орондоо ажиллах гэж л гадаадад 17 жил амьдарлаа. Хүмүүс “Гадаадад ямар уддаг юм бэ” гэдэг. Нарийн технологийг сурахад хугацаа их ордог. Хагас дутуу сурсан зүйлээ гайхуулахыг би алдаа гэж боддог.

Жишээлбэл, “Мерседес Бенз”-ийн үйлдвэрт хоёрхон жил ажиллачихаад Монголд түүнийг үйлдвэрлэнэ гэвэл боломжгүй шүү дээ. Тэр үйлдвэрт ямар асуудал гардгаас эхлээд технологи, менежмент нь ямар онцлогтойг бүгдийг нь сурч байж л Монголдоо нэвтрүүлнэ.

Одоо миний хувьд эх орондоо ажиллахад бэлэн. Хангалттай хугацааг гадаадад өнгөрүүлж, германчуудын хийдэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх арга, боломжоос суралцлаа.

-Монголын эрүүл мэндийн салбарт таны санааг өөр юу зовоодог вэ?

-Монголд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин дэндүү бага. Өндөр цалин авдаг атлаа, ажлаа түүндээ хүрэхүйц хийдэггүй нөхөд бол хулгайч шиг санагддаг юм. Монголд ардчиллыг шударга цалингийн тогтолцооноос эхлэх хэрэгтэй.

Нэн тэргүүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сараар бус цагаар үнэлж эхлэх хэрэгтэй байна.

Манайд өвчтөнүүдийн тавьж байгаа шаардлага, хүсэлт барууны өндөр хөгжилтэй орныхтой адил болжээ. Гэтэл Монголын эрүүл мэндийн салбарт жилд эргэлдэж буй нийт төсөв нь хөл бөмбөгийн “Барселона” багийн жилийн төсөвт ч хүрэхээргүй.

Хавдрын наад захын орчин үеийн эм тариа Монголд орж ирж чадахгүй байна. Дөч гаруй өвчтөн дундаа хэдхэн ариун цэврийн өрөө ашиглаж байхад эмнэлгийн дотоод халдвар, шархны эдгэрэлтийн тухай ярих аргагүй.

Энэ төсвийг Засгийн газар хоёр дахин нэмэгдүүлэх зорилттой байгаа. Гэхдээ барууны түвшинд хөгжүүлье гэвэл 20 дахин өсгөх шаардлага бий. Эрүүл мэндийн салбарыг ядуурлаас гаргах цаг гарцаагүй ирсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

Илгээх

Энэ тухай