Ойн нөхөрлөлийнхөн эко бүтээгдэхүүн танилцуулав

Модон сандал, ширээ, аяга, халбага, хундага, чихрийн таваг, ваар, шатар, оньсон тоглоом гээд нүд хужирлах бүтээл Сүхбаатарын талбайд өчигдөр “нүүж ирэв”. Эдгээрийг модны үндэс, үртэс, ур, унанги болон хатсан мөчир, гишүү, битүү мод зэрэг ойн дагалдах баялгийг ашиглан урлажээ. Хууль бусаар мод огтлох, гол ус, бохирдуулах, хулгайн ан, гал түймрээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй 21 аймгийн 1692 нөхөрлөлийнхөн эко бүтээлээ олон нийтэд танилцуулж буй нь энэ.

Шувууд хүчдэлд цохиулж хорогдохоос сэргийлсэн чамин хийцтэй үүрнүүд ч тэнд байв. Байгаль эхийн урласан дахин давтагдашгүй бүтээлийн хэлбэр дүрсийг тэр хэвээр нь хадгалахыг хичээж, гараа гаргасан этгээд чамин сандал, ширээ эрхгүй анхаарал татна. Үүнээс гадна Хэнтийн Дадалын амтат зөөхий, Сэлэнгийн зөгийн бал, эмийн ургамал, цай гээд эрүүл мэндэд тустай эко хүнсний бүтээгдэхүүн ч байв.

Мөн дархан хүний ур ухаан шингээсэн сийлбэртэй гэр Төв талбайд хэд хэдээрээ дүнхийж харагдсан. Үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ирж үзсэн бөгөөд цөөнгүй бүтээгдэхүүн худалдан авсан юм. Тэдгээр нь Дархан-Уул аймгийн брэнд “Амгаланзаяа” эмийн ургамлын үйлдвэрийнх юм. Үүний дараа Завхан аймгийн иргэн Л.Алтансүхийн урласан эрээн гэрээр зочлов. Цэвэр модон тавилгатай, зургаан ханатай уг гэрийг урлахад Л.Алтансүх гурван хүний хамтаар зургаан сар зарцуулжээ. Өнгөрсөн оны үзэсгэлэнгийн үеэр бүрэн тавилгатай найман ханатай гэрээ 25 сая төгрөгөөр газар дээр нь борлуулсан гэнэ.

Нөхөрлөлийнхөн салбарын сайддаа бүтээгдэхүүнээ танилцуулах гэж ам уралдан ярьсан бөгөөд зарим нь бүтээлийнхээ дээжээс бэлэглээд амжив. Талбайд цугларсан иргэд жижиг, том хэмжээтэй модон аяга, хоолны халбагыг ихэд сонирхож байлаа. Хэнтий аймгийн Дадал сумын “Амирлангуй” нөхөрлөлийн гишүүн Ц.Баярсайханы модны үндэс, ур ашиглан гар аргаар урласан аяганууд эрэлттэй байв. Тэрбээр өдөрт дөрвөн аяга хийдэг аж. “Модны ширхгийг дагуулж хийхгүй бол хагарна. Хуванцар бүтээгдэхүүн авахын оронд модон эдлэл хэрэглэж заншаасай” гэж тэрбээр ярив.

Сэлэнгэ аймгийн нөхөрлөлийнхөнд Д.Оюунхорол сайд “Самарчид их байгаа сурагтай. Хуурайшилтын үед гал алдах вий” гэж сануулахад “Аймгийн Засаг даргын захирамж гарсан. Байнгын хяналттай байгаа” гэж тэд хариу өгүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай